Чихрийн шижингийн шинэ эмд зөвшөөрөл олгожээ

Чихрийн шижин өвчинд одоо хэрэглэдэг эмүүд цусан дахь сахрыг зорилтот түвшинд нь барьж чаддаггүй. Иймээс илүү үр дүнтэй эмчилгээ олох шаардлагын дагуу АНУ-ын Эм, хүнсний аюулгүй байдлын хорооноос цусны сахрыг бууруулах үйлдэлтэй шинэ эмийг эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл олгожээ.
Чихрийн шижингийн шинэ эмд зөвшөөрөл олгожээ

Хүний цусан дахь сахрын хэмжээг зохицуулах үүрэгтэй нойр булчирхайгаас ялгардаг 2 гол даавар бий. Глюкагон нь цусны сахрыг нэмэгдүүлэх нөлөөтэй бол инсулин бууруулдаг. Чихрийн шижин өвчтэй хүний нойр булчирхай хангалттай инсулин үүсгэдэггүй эсвэл ялгаруулсан инсулин нь зохих ёсоор ажилладаггүй юм.

Инсулин бидний хоол хүнсээр авдаг энергийн гол эх сурвалж болох сахрыг эсэд нэвтэрч, эрчим хүч болон хувирах боломжийг олгодог. Цусанд инсулин дутагдах эсвэл үүргээ хэвийн гүйцэтгэж чадаагүй үед сахар эс рүү нэвтрэн энерги болж чадахгүй. Ингэснээр цусанд сахрын хэмжээ нэмэгдэж чихрийн шижин болдог ажээ.

Одоогоор цусан дахь сахрын хэмжээг өөр өөр арга замаар бууруулах үйлдэлтэй хэд хэдэн төрлийн эмүүд хэрэглэгдэж байна. Эдгээр эмүүд нь чихрийн шижинг бүрэн эмчлэхгүй боловч зовуурийг багасгаж, цусан дахь сахрын хэмжээг тогтмол хэмжээнд барьснаар хүндрэлээс сэргийлэх болон хүндрэл үүсэх хугацааг хойшлуулах ач холбогдолтой. Үүний тулд хоёр ба түүнээс олон эмийг агуулсан хосолсон эмчилгээ шаардлагатай байдаг.

Гэвч чихрийн шижинтэй зарим хүмүүст одоогийн хосолсон эмийн эмчилгээ цусан дахь сахрыг зорилтот түвшинд нь барьж чаддаггүй юм. Иймээс илүү үр дүнтэй эмийн эмчилгээг олох шаардлага тулгараад байгаа билээ.

Үүнд нийцүүлэн АНУ-ын Эм, хүнсний аюулгүй байдлын хорооноос цусны сахрыг бууруулах үйлдэлтэй шинэ эм болох тирзепатидыг эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл олгох болсон тухайгаа саяхан мэдээлжээ.

Тирзепатид бол чихрийн шижингийн эмчилгээний цоо шинэ төрлийн эм бөгөөд глюкоз хамааралт инсулинотроп полипептид (GIP) ба GLP-1 рецепторын агонист юм. GIP болон GLP-1 нь нарийн гэдэснээс биднийг хоол идэх үед ялгардаг дааврууд бөгөөд тэдгээрийн нөлөөгөөр нойр булчирхайгаас инсулин ялгардаг. Эдгээр дааврууд нь инсулины ялгаралтыг нэмэгдүүлэхээс гадна дээр дурдсан цусны сахрыг нэмэгдүүлэх нөлөөтэй глюкагоныг бууруулна.

Түүнчлэн GLP-1 нь нойр булчирхайд агуулагдах инсулин ялгаруулах чадвартай бета эсийн тоо болон эзлэхүүнийг нэмэгдүүлэх нөлөөтэй юм. Мөн ходоодонд хоолыг илүү удаан хадгалж, тархин дахь хоолны дуршлыг хянаснаар цатгалан мэдрэмж төрүүлдэг. Ингэснээр хоолны дуршил буурч бага идэх учир цусны сахар илүү үр дүнтэйгээр буурдаг аж.

Эмийн үр дүнг судалсан эмнэл зүйн туршилтаар тус эмийг 40 долоо хоног хэрэглэсэн хүмүүсийн глюкозжсон гемоглобин дунджаар 2%-аар буурч, биеийн жин нь 10 кг хасагдсан байна. Туршилтын явцад зарим оролцогчдод дотор муухайрах, суулгах, бөөлжих, өтгөн хатах зэрэг гаж нөлөө хамгийн түгээмэл илэрч байжээ. Түүнчлэн цусан дахь сахрын хэмжээ хэт их буурах тохиолдол цөөн боловч тохиолдсон гэнэ.

Эх сурвалж: FDA, The Lancet

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn