Долоо хоногт 2 ширхэг авокадо идэхэд зүрх судасны өвчний эрсдэл 16% буурдаг

Зүрх судасны үйл ажиллагаанд нөлөөлдөг амьдралын хэв маяг, дасгал хөдөлгөөн, хорт зуршил зэрэг гол гол хүчин зүйлсийг харьцуулан судалжээ.
Долоо хоногт 2 ширхэг авокадо идэхэд зүрх судасны өвчний эрсдэл 16% буурдаг

Америкийн Зүрхний эмгэг судлалын нийгэмлэгээс (AHA) зүрхний хэвийн үйл ажиллагааг хангахын тулд ханасан тосны хүчлийн (SFA) хэрэглээг нийт өөх тосны 5-6% хүртэл бууруулж, транс тосыг бүрэн хязгаарлаж, эдгээрийн оронд ханаагүй өөх тос хэрэглэхийг зөвлөсөн байдаг.

Энгийнээр тайлбарлавал амьтны гаралтай бөгөөд тасалгааны температурт хурдан царцдаг тос бол ханасан өөх тос. Харин өрөөний температурт царцахгүйгээр шингэн төлөвт оршдог, ургамлын гаралтай тоснууд нь ханаагүй өөх тос юм. Гэхдээ бүх амьтны гаралтай өөх тос ханасан өөх тосоор баялаг биш. Жишээ нь, хонины сүүл, өвчүүний өөх зэрэг нь ханаагүй өөх тосоор баялаг байдаг.

Авокадо бол ханаагүй өөх тосоор баялаг жимс юм. Авокадог тогтмол хэрэглэхэд триглицерид, бага нягтралтай липопротейн (LDL) болон нийт холестерины хэмжээг бууруулдаг болохыг судалгаагаар тогтоосон байдаг. Тэгвэл ийнхүү өөх тосны солилцоонд ашигтай нөлөө үзүүлснээр зүрх судасны үйл ажиллагаа хэрхэн өөрчлөгддөг болохыг Харвардын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судлаачид тогтоосон байна.

Зүрх судасны эрүүл мэндэд нөлөөлдөг амьдралын хэв маяг, дасгал хөдөлгөөн, хорт зуршил зэрэг гол гол хүчин зүйлсийг харгалзан үзсэний эцэст авокадо иддэггүй хүмүүстэй харьцуулахад долоо хоногт хоёр ширхэг ба түүнээс олон авокадо иддэг хүмүүсийн зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл 16%-аар, зүрхний шигдээсээр өвчлөх эрсдэл 21%-аар бага байгааг илрүүлсэн байна.

Мөн майонез, маргарин, цөцгийн тос, өндөг, тараг, бяслаг, эсвэл боловсруулсан махыг ижил хэмжээний авокадогоор солиход зүрхний титэм судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг 19-31%-аар бууруулж байжээ.

Судалгааны багийнхан авокадо нь ханаагүй өөх тосноос гадна олон төрлийн витамин, эрдэс, эслэг, ургамлын гаралтай уураг, фитостерол, полифенол зэрэг эрүүл мэндэд тустай олон тооны нэгдлүүдийг агуулдаг нь зүрхийг хамгаалахад илүү хүчтэй нөлөөлж байна хэмээн тайлбарлав.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn