“Эмчилгээний нохой” өвчтөнүүдийн айдас түгшүүр, өвдөлтийг намдаахад тусалж байна

Канадын Саскачеваны их сургуулийн эрдэмтэд эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт эмчлүүлж буй хүнд өвчтөнүүдэд тусгайлан сургагдсан нохой ашиглан арван минутын эмчилгээ хийсний дараа тэдгээр өвчтөнүүдийн өвдөлт, айдас түгшүүр, сэтгэл гутралыг бууруулж чаджээ.
Credit: Yakobchuk Olena
Credit: Yakobchuk Olena

Эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт очих нь тийм ч хөгжилтэй зүйл биш. Тэнд гэнэтийн өвчин, золгүй осол бэртлээс болж зовж шаналсан хүмүүс болон санаа нь зовж, стресст орсон ар гэрийнхэн л тэнд очдог. Ачаалал ихтэй цагаар эмчилгээ, оношилгоо хийхийг хүлээх нь нөхцөл байдлыг улам ч хүндрүүлдэг.

PLOS ONE сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаагаар энэ бүхэнд эмчилгээний нохой тусалж чадна гэж үзжээ. Эдгээр нохдыг гөлөг байхаас нь эхлэн тайван зан ааштай болгож, танихгүй хүмүүст ч эелдэг нөхөрсөг байх, хүмүүсийн анхаарал татах зэрэг чадварт тусгайлан сургадаг. Магадгүй та энэ арга зөвхөн амьтанд хайртай хүмүүст л нөлөөлнө гэж таамаглаж байж болох юм. Гэвч тэдний тайвшруулах нь анх тооцоолсноос хэд дахин сайн байсан нь судалгааны багийг гайхшируулжээ.

Тэд туршилтын үеэр эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт зарим өвчтөнүүдийг эмнэлгийн тусламж авахаас нь өмнө тусгайлан сургагдсан эмчилгээний нохойтой хамт арван минутын турш байлгажээ. Дараа нь тэдний өвдөлт, түгшүүр, сэтгэл гутрал хэрхэн өөрчлөгдсөнийг нь тодорхойлох үед эдгээр хүмүүсийн өвдөлт буурч, сэтгэл санаа нь мэдэгдэхүйц буурсан байгаа нь тогтоогджээ. Өөрийгөө нохойд дургүй гэж хариулсан хүмүүст ч ижил нөлөө үзүүлсэн байна. Харин “нохойн эмчилгээ” хийлгээгүй хүмүүст ямар нэг өөрчлөлт илрээгүй байна.

Судалгааны багийнхан эмчилгээний нохойг эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт ажиллуулах нь өвчтөний эрүүл мэнд, сэтгэл зүйн байдалд эергээр нөлөөлөхөөс гадна эмнэлгийн ажилчдын ажлыг хөнгөвчлөх, эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт эмчилгээ, оношилгоогоо хүлээж буй хүмүүст цагийг илүү тааламжтай өнгөрүүлэхэд тусална гэж үзэж байна.

Эх сурвалж: PLOS ONE

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn