Хүний цусаар хуванцар эргэлдэж байгаа нь анх удаа, албан ёсоор тогтоогдлоо

Амстердамын их сургуулийн Анагаах Ухааны Төвийн судлаачид 22 эрүүл хүнээс цусны дээж авч шинжлэхэд 17-д нь хэд хэдэн төрлийн хуванцар илэрчээ.
Хүний цусаар хуванцар эргэлдэж байгаа нь анх удаа, албан ёсоор тогтоогдлоо

Хүний хөл хүрэхээргүй өндөр оргилоос эхлээд далайн ёроол хүртэл дэлхий дахинд бичил хуванцар тархжээ. Ийнхүү өргөн тархсан бичил хуванцар нь хүн болон амьтдын өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг болох нь олон талын судалгаагаар нотлогдсоор байна.

Амстердамын их сургуулийн Анагаах Ухааны Төвийн судлаачид 22 эрүүл хүнээс цусны дээж авч, 700 нанометрээс (нм) том хэмжээтэй энгийн, синтетик полимерийн ул мөр байгааг тогтоох судалгаа хийсэн байна. Тэд химийн найрлага, бөөмсийн массыг тодорхойлох хоёр аргаар 17 дээжээс хэд хэдэн төрлийн бичил хуванцар илрүүлжээ.

Эдгээр бичил хуванцрын гарал үүсэл харилцан адилгүй байсан ч нийлэг хувцас, ундааны саванд хамгийн түгээмэл хэрэглэгддэг полиэтилен терефталат (PET) болон тээврийн хэрэгслийн эд анги, хивс, хүнсний саванд ихэвчлэн хэрэглэгддэг стиролын полимерүүд байв.

Дунджаар нэг миллилитр цус тутамд 1.6 микрограмм хуванцар материал илэрсэн бөгөөд хамгийн ихдээ 7 микрограмм хүрчээ. Өмнөх судалгаагаар бичил хуванцар амьтны тархинд хүртэл нэвтэрч аюултай сөрөг нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдсон. Мөн хүний биед нэвтэрч, тодорхой өвчнүүдийн эрсдлийг нэмэгдүүлдгийг тодорхойлсон боловч хүний биед, ялангуяа бүх эд эсүүдээр эргэлдэж байдаг цусанд бичил хуванцар агуулагдаж байгааг ийнхүү албан ёсоор баталлаа.

Лабораторийн нөхцөлд эсийн өсгөвөр дээр хийгдсэн туршилтаар бичил хуванцар нь эсийн үхлийг өдөөж, харшлын томоохон шалтгаан болдог болох нь тогтоогдсон. Одоогоор цусанд агуулагдаж байгаа бичил хуванцар физик, химийн шинж чанарын хувьд эрүүл мэндэд ямар эрсдэл үүсгэж болох нь бүрэн тодорхойгүй байна.

Түүнчлэн амьтад дээр хийгдсэн судалгаагаар микропластикууд амьд байгальд маш ноцтой нөлөө үзүүлдэг бөгөөд зарим тохиолдолд тэд бүхэл бүтэн экосистемийг ч сүйрүүлж боломжтой аж. Байгаль орчны мэргэжилтнүүдийн тооцоолсноор 2040 он гэхэд дэлхий дахинд бичил хуванцрын бохирдол 2 дахин нэмэгдэх төлөвтэй байна. Тэр үед цусанд эргэлдэж буй бичил хуванцрын хэмжээ ч мөн нэмэгдэх магадлалтай. Энэ тохиолдолд хүн амьтанд үзүүлэх сөрөг нөлөө ч нэмэгдэх болно.

Бичил хуванцрын талаарх өмнөх бичвэрүүдийг доорх линкээр уншаарай.

Тархинд нэвтрэх чадвартай бичил хуванцар

Бичил хуванцар ба гэдэсний үрэвсэл

Эх сурвалж: Environment International

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn