Tаргалалтыг зогсоох түлхүүр тэжээвэр амьтдад бий юу?

Монгол Улсад 5 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн 46.2%, 15-49 насны эрэгтэйчүүдийн 48.8% нь илүүдэл жинтэй байна. Бид үүний шалтгааныг тэжээвэр амьтдаас олж болох юм.
Tаргалалтыг зогсоох түлхүүр тэжээвэр амьтдад бий юу?

Боррис бол таван настай Кавалер Кинг Чарльз Спаниел үүлдрийн нохой. Түүний эзэн Аннемари Формой түүнийг тарган муур, нохойг тураахад тусалдаг PDSA Pet Fit клубийн тэмцээнд оролцуулах үед уг нохой 28 кг буюу байх ёстой жингээсээ бараг хоёр дахин тарган байжээ.

Өнгөрсөн жил хүртэл Боррис гахайн махнаас татгалздаггүй байв. Зуны улиралд тэрээр зайрмаг, өвлийн улиралд ням гараг бүр шарсан мах, Йоркшир пудингтэй үхрийн мах, утсан гахайн мах, нухсан төмс, олон төрлийн хүнсний ногоо дуртайяа иддэг байлаа.

Боррисыг машинд суулгахад хоёр хүн шаардлагатай бөгөөд нэг хөл нь үе мөчний үрэвсэлтэй, улмаар амьсгалын хүндрэлтэй болжээ. Зургаан сарын хоолны дэглэм, дасгалын ачаар тэрээр 7 кг хаясан бөгөөд тэмцээний ялагч болсон аж.

Боррис
Боррис

Жингийн илүүдэлтэй, хөдөлгөөний дутагдалд орсон нохой, муур байна гэхээр сонин байгаа биз. Тэгээд болоогүй угаадас, хоолны шавхруу биш яг л хүний иддэг хоол зооглоно. Бас фитнест явна. Бараг бид нараас л илүү хүн шиг амьдраад байгаа юм биш үү?

Гэтэл Борристой адил илүүдэл жингийн асуудалтай гэрийн тэжээвэр амьтад хаа сайгүй байдаг. Дэлхий даяар нийтдээ гэрийн тэжээмэл амьтдын таргалалт 22-44%-ийн хооронд байгаа бөгөөд энэ үзүүлэлт нэмэгдсээр байна. Яагаад ингэж таргалаад байгаа шалтгааныг таамаглах боломжтой.

Илүүдэл жинтэй нохойн эзэд тэднийг хөнгөн зууш, хоолны үлдэгдлээр хооллодог ба хоол бэлтгэх хооронд нохой зөвхөн хоол болохыг хүлээхээс өөр ямар ч хөдөлгөөн хийдэггүй.

Тарган муурын эзэд ч мөн ялгаагүй хоол хүнсийг шагнал болгон ашиглаж тэдэнтэй төдийлөн тоглодоггүй аж. Хэрэв нохойн эзэн таргалалттай бол гэрийн тэжээвэр амьтан ч бас тарган байх магадлалтай (Муур хамаарахгүй).

Сонирхолтой нь хэт их хооллодоггүй, дасгал хөдөлгөөн хийдэг зарим амьтдад таргалалт ажиглагддаг.

Дасгал хөдөлгөөн хийдэг, хэт их хооллодоггүй зарим гэрийн тэжээвэр болон зэрлэг амьтдад таргалалт ажиглагддаг байна. Эдгээр судалгааны дагуу таргалалтад өөр нэг зүйл нөлөөлж байгааг бид анзаараагүй бөгөөд үүнийг илрүүлэх нь хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа таргалалтын хямралыг даван туулахад нэн чухал.

Дэлхийн нийт насанд хүрсэн хүн амын 1.9 тэрбум нь илүүдэл жинтэй байдаг. Үүнээс 650 сая орчим нь таргалалттай байгаа нь нийт насанд хүрсэн хүн амын 13 орчим хувь юм.

1975 оноос хойш хүн амын дундах таргалалт гурав дахин нэмэгджээ. Мөн хүүхдийн таргалалт ч нүд халтирмаар өссөн бөгөөд таваас доош насны 41 сая хүүхэд илүүдэл жинтэй буюу таргалалттай байна.

Бидэнд байгаа анхны сэжүүр таргалалтад өртөмтгий Лабрадор нохойн сарвуунд оршдог. Кембрижийн их сургуулийн малын эмч, генетикч Элеанор Раффаны хэлснээр Лабрадорууд бусад нохдыг бодвол таргалалтад өртөх магадлал өндөр байдаг аж.

Раффан болон бусад судлаачид Лабрадор нохдын дөрөвний нэг орчимд байдаг гений мутаци таргалалттай холбоотой болохыг олж мэджээ.

POMC гэж нэрлэгддэг генд үүссэн мутацийн тоо бүрээр нохой ойролцоогоор 2 кг таргалдаг байна. Судлаачдын судалсан бусад амьтдын ихэнх нь уг мутацийн нэг хуулбарыг агуулж байсан ч зарим амьтдад хоёр хувь байжээ.

Таргалалттай амьтдыг анагааж чадвал бид өөрсдийгөө ч анагааж чадна.
Таргалалттай амьтдыг анагааж чадвал бид өөрсдийгөө ч анагааж чадна.

Раффан:

-Эдгээр ноход үргэлж гал тогооны өрөөнд байдаг. Тэд өлсөж байгаа учраас л ингэдэг.

Учир нь POMC мутаци хоол хүнсний хэрэглээ, энерги зарцуулалтыг зохицуулдаг тархины лептин-меланокортины замыг тасалдуулж, улмаар биеийн жинд нөлөөлдөг. Ингэснээр эдгээр Лабрадоруудын хоолны дуршил эрс нэмэгддэг аж.

Хоол идэх хүсэл цангах мэдрэмжтэй адил маш хүчтэй физиологийн хүсэл мөн - Элеанор Раффан

Таргалалтад удамшил чухал үүрэг гүйцэтгэдэг (удамших магадлал 40-75%) боловч нэг генээс үүдэлтэй таргалалт ховор байдаг. POMC-ийн генээс үүдэлтэй нярайн таргалалт дэлхий даяар 50-аас цөөн бүртгэгдсэн боловч оношлогдоогүй олон мянган тохиолдол бий.

Таргалалт ихэвчлэн хүрээлэн буй орчны хүчин зүйлүүдтэй цогц байдлаар харилцан үйлчилдэг удамшлын (олон янзын гений) нөлөөтэй байдаг.

Идэх гэдэг сэтгэл зүйн гэхээс илүү физиологийн хүсэл юм.
Идэх гэдэг сэтгэл зүйн гэхээс илүү физиологийн хүсэл юм.

Сайн мэдээ гэвэл таргалалтыг бий болгоход нөлөөлж байгаа хүрээлэн буй орчны хүчин зүйлүүдээс ангижрахад амьтад чухал үүрэгтэй болоод байна. Фермийн амьтдыг антибиотикоор зориуд таргалуулдаг тул хоол боловсруулах тогтолцоонд нь өөрчлөлт ордог.

Ингэснээр уг амьтдыг таргалуулахын тулд бага хүнс шаардагддаг гэнэ. Энэ мэдээлэл анх нийтэд ил болсноос хойш Европын Холбооноос антибиотикийг таргалуулах тэжээл болгон хэрэглэхийг хоригложээ.

Хэрэв антибиотикууд амьтдыг таргалуулдаг юм бол энэ нөлөө хүн дээр ч адилхан гэсэн үг үү?

Энэ асуултын хариу бидний гэдэс дотор бий. Микробиом буюу бидний хоол боловсруулах системд амьдардаг бактери, мөөгөнцөр, эгэл биетэн, вирус зэрэг 100 их наяд бичил биетний асар том колониуд нь таргалалтад чухал нөлөөтэй.

Суурин соёл иргэншил амьтдын амьдралын хэв маягт нөлөөлдөг.
Суурин соёл иргэншил амьтдын амьдралын хэв маягт нөлөөлдөг.

Жишээ нь, туршилтаар тарган (хүн) ихрүүдийн гэдэсний микробыг өгсөн хулганууд туранхай ихрүүдээс микроб өгсөн хулганаас илүү таргалдаг. Микробиомын тэнцвэргүй байдал зөвхөн таргалалт төдийгүй гэдэсний олон төрлийн өвчин, 2 дугаар хэлбэрийн чихрийн шижин зэрэгт хүргэдэг юм.

Нярай хүүхэд амьдралынхаа эхний зургаан сард антибиотик эмчилгээ хийлгэсэн бол насанд хүрэх үедээ илүүдэл жинтэй болох эрсдэл нэмэгддэг гэж судалгаагаар тогтоожээ.
International Journal of Obesity (2011)

Тэгвэл гэдэсний бичил биетүүдийн тэнцвэргүй байдал юунаас үүдэлтэй вэ. Удамшил нөлөөлнө. Гэхдээ амьтдад хийсэн судалгаагаар гэдэсний нянгийн төрөл зүйл цөөрөх шалтгаан нь боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэдэг өндөр илчлэгтэй чихэрлэг бодис, хүнсний нэмэлт болон эмульгаторууд зэрэгтэй холбоотой байдаг гэнэ.

Тарган байх нь олон талын зовуурьтай.
Тарган байх нь олон талын зовуурьтай.

Бүхнийг анагаагч чандмань эрдэнэ болсон антибиотикоос татгалзахын өмнө эдгээр судалгаанууд таргалалтын тодорхой шалтгаан, үр дагаврыг бус зөвхөн антибиотик болон таргалалтын холбоог харуулж байгааг санаарай.

Зарим антибиотикууд гэдэсний бичил биетүүдийн тэнцвэрийг бий болгож таргалалтыг зогсооход тусалдаг. Магадгүй бид таргалалттай тэмцэхийн тулд гэдсэнд байгаа микробиомоо зориудаар өөрчлөхөд болох юм биш үү. Үүнтэй холбоотой судалгаанууд аль хэдийн эхэлсэн байна.

Амьтдын таргалалтын тухайд зөвхөн гэрийн тэжээвэр амьтдад тохиолддог зүйл биш юм. Зэрлэг амьтад ч гэсэн таргалдаг, гэхдээ энэ нь ихэвчлэн улирлын мөчлөг, хүнсний олдоцтой холбоотой бөгөөд хоол хүнс элбэг байх үед сайтар идэж авах нь төрөлхийн инстинкт байдаг.

Гэвч судлаачид 1976-2008 оны хооронд Колорадогийн Роки уулс дахь шар гэзэгтэй тарвага гэнэт жин нэмснийг олж мэджээ. Тарвага найман сар ичих ёстой атал нэг сарын өмнө сэрсэн байна. Судлаачид үүнийг уур амьсгалын өөрчлөлтөөс болсон байх магадлалтай гэж үзсэн.

Эдгээр нэмэлт өдрүүдийн улмаас илүү их хооллох, таргалах нөхцөл бүрддэг бөгөөд уг хугацаанд нэмсэн 0.3 кг жин нь ичээнээс гарах үед амьд үлдэх, үржих магадлалыг нэмэгдүүлжээ.

Амьтны, магадгүй хүний таргалалтад нойргүйдэл, гэрлийн хэт хэрэглээ нөлөөлнө.

Тогтмол гэрэлд байсан хулгануудын биеийн жингийн индекс (BMIs) болон глюкозын түвшин нь ердийн гэрэл, харанхуй орчинд байсан хулгануудтай харьцуулахад өндөр байдаг.

Дэлгэцийн хэт хэрэглээ зарим талаараа жин нэмэх шалтгаан болдог.
Дэлгэцийн хэт хэрэглээ зарим талаараа жин нэмэх шалтгаан болдог.

Бид таргалалтыг бий болгож байгаа энэхүү гадаад хүчин зүйлсийг мартаж болохгүй. Сайхан амттай, сайн сурталчилсан түргэн хоол, хүнсний бүтээгдэхүүнээс сайн дураараа татгалзана гэдэг хэцүү. Арааны шүүс асгаруулам орц найрлага, ер бусын том хэмжээ, элсэн чихрийн хэт агууламжтай ундаа, өндөр илчлэгтэй амны зугаа гэх мэт.

Томоохон хүнс үйлдвэрлэгч компаниудын заль мэх.

Хоолны бизнес бүхэлдээ заль мэх, ашиг сонирхлын зөрчилдөөн дунд байдаг. Хүнс үйлдвэрлэгч компаниудтай ашиг сонирхлын холбоотой судлаачдын хийсэн “Элсэн чихрийн агууламж өндөртэй ундаа болон жин нэмэх хоёрын хооронд ямар ч холбоо байхгүй” гэсэн судалгаанууд ашиг сонирхлын зөрчилгүй гэж өөрсдийгөө мэдээлсэн судлаачдын судалгаанаас тав дахин их байжээ. Сонин байгаа биз?

Нью-Йорк хотын ресторанууд илчлэгийн хэмжээгээ ил болгосныг эсэргүүцэж байсан нэгэн алдартай судлаач Coca-Cola, PepsiCo, McDonald's, Mars-аас санхүүждэг байсан аж.

Яагаад амттай хоолны үнэрийг авах төдийд л идмээр санагддаг юм бол?
Яагаад амттай хоолны үнэрийг авах төдийд л идмээр санагддаг юм бол?

Амьтад ч мөн боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн идэхээс татгалздаггүй бөгөөд зарим тохиолдолд идэж заншсан хоолноосоо татгалзаж хүний иддэг хоолыг сонгодог. Энэ мэт тохиолдлыг ойлгож чадвал бид таргалалтыг анагаах, урьдчилан сэргийлэх боломжтой болох юм.

Лабораторийн хархнууд бидний генетикийн олон янзын байдал, сэтгэц-нийгмийн стресс, хүрээлэн буй орчны нөлөөг хуваалцдаггүй тул тэжээвэр амьтад дээр хийх судалгаа, туршилт хүмүүст илүү хүртээлтэй.

Раффаны Лабрадор дээр хийсэн судалгаагаар нохой, хүн хоёрын POMC бидний уламжлалт туршилтын хэрэглэгдэхүүн болсон хархны загвартай харьцуулахад илүү төстэй байдгийг олж мэдсэн. Нөгөөтээгүүр таргалалттай амьтад ч мөн яг л тарган хүн шиг тал бүрийн өвчлөлийн бай болдог гэдгийг бид мартаж болохгүй.

Илүүдэл жинтэй нохой энгийн нохойноос хоёр жилээр богино насалдаг. Тарган хүн ч бас хэвийн жинтэй хүнээс богино насалдаг.

Амьтдын хувьд таргалалттай тэмцэх шийдлүүд нь их энгийн. Тогтмол дасгал, тэнцвэртэй хооллолт. Сайн боловсруулсан хоолны дэглэм нь цатгалан мэдрэмжийг удаан хадгалдаг байхаар зохиогдсон байдаг.

Раффаны зөвлөснөөр хоолны дуршил ихтэй нохойны идүүрийн хэмжээг багасгах, хөдөлгөөнтэй тоглоом тоглуулж шагнах маягаар хооллох хэрэгтэй бөгөөд ингэснээр хоолны дуршлыг буруулахын зэрэгцээ оюун ухаан, бие бялдрын хувьд идэвхтэй байлгах боломжийг олгодог.

Таргалалтыг тэжээвэр амьтад болон эздийнх нь ямар нэг ёс суртахууны дутагдалтай талын илрэл гэж үзэх ёсгүй.
Элеанор Раффан

Раффаны өгүүлснээр бид илүүдэл жинтэй хүмүүсийг хоол идэх дур хүслээ дарж чаддаггүй, өөрийгөө өөрчлөх зориггүй гээд итгэчихсэн байдаг. Гэтэл энэ нь тэр бүр зөв байж чаддаггүй. Хооллох зуршил удамшлаас хамаарч байдаг бөгөөд нохой бол үүний нэг жишээ мөн. Нохой ёс суртахууны эсвэл үнэлэмжийн дүгнэлт гаргадаггүй. Тэд өлсөж байгаа учраас иддэг, энэ зуршил нь ихэвчлэн инстинкттэй холбоотой байдаг.

Бид заримдаа таргалалтын сэтгэл зүйн шалтгааныг гол болгон авч үзээд физиологи, удамшилтай холбоотой хүчин зүйлсийг орхигдуулдаг бөгөөд дотоод, гадаад хүчин зүйлийг хамтад нь авч үзэх хэрэгтэй.

Хүн бүрд ажилладаг найдвартай хоолны дэглэм, дасгалын систем байх магадлал тун бага болохыг дээрх судалгаанууд харуулдаг. Таны илүүдэл жинтэй байгаа шалтгаан удамшил, гэдэсний бичил биетүүдийн тэнцвэртэй байдал, ямар орчинд амьдарч байгаатай холбоотой учир эдгээр хүчин зүйлийг тооцсон зөвхөн танд зориулсан хоолны дэглэм, дасгалын систем л үр дүнтэй байж чадна.

Монголчууд бүдүүн

Нөгөөтээгүүр эцэг эхчүүд хүүхдээ, эзэд тэжээвэр амьтдаа тэр бүр санаатайгаар таргалуулна гэж байхгүй. Боррисын эзэн нохойгоо бусдаасаа бага зэрэг том биетэй гэж хардаг болохоос таргалалттай гэдгийг нь мэдээгүй аж.

Монголчууд бидний хувьд мариалаг, таргандуу байх нь буян заяа сайтай байгаагийн илрэл гэж ойлгодог учир хүүхдийн таргалалтыг төдийлөн тоодоггүй. Энэ буруу ойлголт таргалалтын тухай мэдлэггүй байдалтай холбоотой юм.

Хооллох гэдэг заавал сандал ширээний ард биш илүү зугаатай, хөдөлгөөнтэй үйл ажиллагаа байж болно шүү дээ.
Хооллох гэдэг заавал сандал ширээний ард биш илүү зугаатай, хөдөлгөөнтэй үйл ажиллагаа байж болно шүү дээ.

Нийгэм, эдийн засгийн байдал хүн, амьтны аль алиных нь таргалалтад нөлөөлдөг бөгөөд таны амьдарч байгаа хороололд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, фитнес төвүүд бага байхтай холбоотой байдаг.

Та гэрийн тэжээвэр амьтан эсвэл хүний тухай ярьж байгаа эсэхээс үл хамааран таргалалт ёс суртахууны (арчаагүй, хулчгардаа) бус нийгмийн эрүүл мэндийн (бүх нийтийн) асуудал бөгөөд үүнийг шийдвэрлэхийн тулд илүү өргөн хүрээний бодлогын өөрчлөлт хийх шаардлагатай.

Таргалалтад заримдаа таны хянаж чадахгүй хүчин зүйлүүд нөлөөлж байдаг.
Таргалалтад заримдаа таны хянаж чадахгүй хүчин зүйлүүд нөлөөлж байдаг.

Хоол тэжээлийн үндэсний V судалгааны дүнгээс харахад Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн бүх насны хүн амын дунд илүүдэл жин ба таргалалтын тархалт өндөр байна. Тухайлбал, 5 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд (46.2%), 15-49 насны эрэгтэйчүүдийн (48.8%) тал орчим хувь нь илүүдэл жин ба таргалалттай байгаа ажээ.

Мөн бага ангийн 4 сурагч бүрийн 1 нь илүүдэл жинтэй эсвэл таргалалттай, 5 хүртэлх насны 8 хүүхэд тутмын 1 илүүдэл жин ба таргалалттай байгаа нь биеийн жинг нэмэгдүүлэх нөлөөтэй эрсдэлт зан үйл хүн амын дунд бага наснаас эхлэн түгээмэл байгааг гэрчилж байна.

Дээрх судалгаануудын үр дүнг тэжээвэр амьтдын таргалалт төдийгөөр ойлгож хөнгөн хандах аргагүй болжээ. Иймд амьдралын хэвшлээ өөрчлөх, удамшлын давагдашгүй хүчин зүйлийг тогтворжуулах арга замыг эрэлхийлж, өөрийн мэдлэг чадвар болгож авах нь чухал болоод байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn