Сүрьеэ залуусын дунд далд гамшиг болжээ

-Сүрьеэгийн өвчлөлийн тохиолдлын дийлэнх хувь нь 15-44 насныхны дунд тархаж байна гэсэн судалгаа гарчээ-
Сүрьеэ залуусын дунд далд гамшиг болжээ

Эрүүл мэндийн салбарын тогтолцооны гажгийн хор уршгийг өнөөдөр иргэд амсаж байна. Дэлхийн улс орнууд урьдчилан сэргийлэх үзлэгийг нэн түрүүнд тавьдаг бол манай улс үхлийн ирмэг дээр очсон өвчтөнд тусламж үзүүлэх тогтолцоотой явсаар хүн амын дундах өвчлөлөө дийлэхээ больсон. Хорт хавдраар дэлхийд тэргүүлж буй нь хамгийн том эмгэнэл болоод байгаа. Зөвхөн хавдар бус сүрьеэгийн өвчлөл ч жил ирэх бүр нэмэгдэж, эмч мэргэжилтнүүдийн санааг чилээсэн асуудлын нэг болжээ. Жил бүрийн 3 дугаар сарын 24-нд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэдэг. Ганц энэ өдөр л сүрьеэгийн тархалт өвчлөл ямар байгаа талаар яриад өнгөрдөг баймааргүй байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсыг Номхон далайн баруун бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөлөөр гуравдугаарт, олон эмд дасалтай сүрьеэгийн дарамт өндөртэй 30 орны нэгээр зарлаад буй. Манай улсад жилд сүрьеэгийн 4,000 гаруй тохиолдол шинээр бүртгэгддэг бөгөөд нийт өвчлөгсдийн 12% нь хүүхдүүд байна. Хүүхэд, залуусын дунд сүрьеэгийн халдвар өндөр байгаа нь нийгэмд сүрьеэгийн халдвар хурдацтай тархаж буйгийн илрэл гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч нар хэлж байгаа юм.

Сүрьеэгийн өвчлөлийн 60 гаруй хувь нь хүн амын нягтаршил ихтэй Улаанбаатар хотод бүртгэгдэж буй аж. Мөн Улаанбаатар хотод бүртгэгдэж буй сүрьеэгийн өвчлөлийн тохиолдлын дийлэнх хувь нь 15-44 насныхны дунд тархаж байгаа нь үндэсний аюулгүй байдлын түвшинд ярих асуудал болсныг итгэж байгаа бус уу. Энэ бол ердөө л судалгаагаар илэрсэн үзүүлэлт. Гэвч далд гамшиг нүүрлэснийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааруулж байгаа. Тухайлбал, манай улсын хүн амын дундах сүрьеэгийн түвшин тогтоох судалгаагаар илэрсэн бодит өвчлөлийн цаана гурав дахин их сүрьеэгийн тохиолдол байх магадлалтай гэсэн тооцооллыг гаргасан байдаг. Иймээс сүрьеэгийн илрүүлэг шинжилгээг цаг алдалгүй хийхийг ДЭМБ зөвлөсөн. Гэвч коронавирус халдварын нөхцөл байдлын улмаас сүрьеэгийн илрүүлэг, үзлэг буурчээ. Ингэж үзлэг, илрүүлэг буурсан нь сүрьеэгийн тархалт нэмэгдүүлэх нөхцөлийг үүсгэсэн гэж Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийнхэн үзэж байна.

Сүрьеэгийн өвчлөл манай улсын төдийгүй дэлхий дахины тулгамдсан асуудал болсоор олон жилийг өнгөрөөлөө. Дэлхийн улс орнууд сүрьеэ өвчинтэй янз бүрийн аргаар тэмцэж ирсэн ч өвчлөл буурахгүй байгаа юм. Сүрьеэ нь дэлхийд нас баралтаар тэргүүлэх өвчний хоёрдугаар бичигдэж буй. 2000 оноос хойш сүрьеэгээр дэлхий нийтэд 66 сая хүн нас бараад байгаа гэсэн статистикийг ДЭМБ гаргажээ. Өдгөө дэлхий нийтэд өдөр бүр 4,000 гаруй хүн нас бардаг гэсэн судалгаа бий.

Энэ жил дэлхий нийтээрээ “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уриатай тэмдэглэж байна. Манай улсын хувьд 2000-2015 онд идэвхтэй илрүүлэг шинжилгээ хийсний үр дүнд сүрьеэгээр нас барах тохиолдлыг 22%-аар бууруулжээ. Уг нь 2020 онд нас баралтыг 35%-аар, 2035 он гэхэд 90%-д хүргэнэ гэсэн зорилт тавиад байна. Хүн амын дундах хорт зуршил архи, тамхины хэрэглээ нь сүрьеэгийн халдварт өртөх хүчин зүйл болж буйг эмч нар хэлдэг. Гэвч иргэдийн дундах архи, тамхины хэрэглээ улам бүр нэмэгдсээр байгаа юм.

Энгийн сүрьеэгээс гадна олон эмд тэсвэртэй сүрьеэгийн өвчлөл нэмэгдсэн нь төрөлжсөн мэргэжлийн эмч нарын сэтгэлийг зовоосон асуудал болжээ. Манай урд хөршид олон эмд тэсвэртэй сүрьеэгийн өвчлөл өндөр байдаг хэдий ч ДЭМБ үнэн бодитой мэдээллээ өгдөггүй гэсэн шүүмжлэлийг дагуулж байсан. Ийн урд хөршид газар авсан олон эмд тэсвэртэй сүрьеэгийн тархалт манай улсад ч гэсэн аюулын харанга дэлдээж байна. Энгийн сүрьеэг 6-8 сар эмчилж эдгээдэг бол олон эмд дасалтай сүрьеэг эмчлэхэд цаг хугацаа, эмчилгээний өндөр өртөг шаарддаг аж. Тодруулбал, энгийн сүрьеэг эмчлэхэд сард ойролцоогоор 300 гаруй мянган төгрөг зарцуулдаг бол олон эмд дасалтай сүрьеэг эмчлэхэд дунджаар 9-17 сая төгрөг болдог байна. Сүрьеэгийн эмд эдгэрэхгүй сүрьеэг гурван жилийн хугацаанд 40 гаруй сая төгрөг зарцуулж эмчилдэг гэсэн тооцоо гаргажээ. Иймээс сүрьеэгийн эрт илрүүлэг шинжилгээнд төр засаг анхаарал хандуулах шаардлагатай гэдгийг эмч нар онцгойлон ярьж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд манай улс олон улсын “Глобаль сан”-гийн санхүүжилтээр сүрьеэ өвчнийг эмчилж ирсэн. Гэвч “Глобаль сан”-гийн дэмжлэгийн хугацаа дууссан бөгөөд цаашид ямар санхүүжилтээр эмчилгээ хийх вэ гэдэг асуудал тулгарчээ. Иймээс сүрьеэгээс урьдчилан сэргийлэхэд төрийн бодлогоор мөнгө зарцуулах шаардлагатай гэдгийг ХӨСҮТ-ийн эмч нар хэлж байлаа. Монголчуудын дунд чимээгүй тахал болсон сүрьеэгээс өнөөдөр урьдчилан сэргийлэхгүй бол цаашид уушгины төрөлжсөн эмнэлэг байгуулах шаардлага гарч магадгүй нь.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn