Ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээ

Хүн амын дунд Ковид-19 вирусийн халдвар өргөн тархсантай холбоотойгоор ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээний асуудал туйлын чухал болоод байна. Ихэнх халдварын тохиолдлууд гэрээр эмчлэгдэж байгаа энэ үед хүн бүрд ковидын дараа өөрийн биеийг хэрхэн халдвар авахаас өмнөх байдалтай ижил болгож нөхөн сэргээх талаар тодорхой мэдээлэл өгөхөөр энэ удаагийн нийтлэлийг бэлтгэлээ.
Ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээ

Ковид-19 вирусийн халдварыг бид ерөнхийд нь томуу, томуу төст өвчнүүд шиг амьсгалын замын хурц үрэвсэл үүсгэж, уушгины хатгалгаагаар хүндэрдэг өвчин гэж ойлгож байгаа боловч энэ вирус нь зөвхөн уушгинаас гадна зүрх, тархи мэдрэл, үе мөч, булчин гэх мэт олон эрхтэнд нөлөөлдөг болох нь тогтоогдоод байна. Иймээс Ковид-19 халдварын дараах нөхөн сэргээх эмчилгээг дараах 4 чиглэлээр хийх ёстой гэж байна. Үүнд:

1. Биеийн ерөнхий нөхөн сэргээх эмчилгээ

2. Уушгины нөхөн сэргээх эмчилгээ

3. Танин мэдэхүйн нөхөн сэргээх эмчилгээ

4. Сэтгэцийн эрүүл мэндийн нөхөн сэргээх эмчилгээ

Европын Уушги судлалын нийгэмлэгийн судалгаагаар Ковид-19 халдвар авсан хүмүүст удаан хугацааны туршид уушги болон зүрхний эдийн гэмтэл байсаар байдаг бөгөөд нэн даруй нөхөн сэргээх эмчилгээ хийсэн тохиолдолд энэхүү эдийн гэмтлийг богино хугацаанд нөхөн сэргээх боломжтой байгааг нь тогтоосон байна. Тэгвэл ковидоор өвдсөн хүн бүрд нөхөн сэргээх эмчилгээ шаардлагатай юу? Хэнд илүү хэрэгтэй вэ? гэдэг асуултад хариулт хайж үзье.

Дэлхийн нийтийн дундаж үзүүлэлтийг авч үзвэл нийт халдвар авсан хүмүүсийн 81% нь хөнгөн хэлбэр бөгөөд ямар нэгэн өвөрмөц эмчилгээ шаардахгүйгээр эдгэж байна. Мөн 14% нь хүнд болон хүндэвтэр хэлбэрт хамаарах ба энэ тохиолдолд хэдэн долоо хоногоос хэдэн сар хүртэл хугацаагаар үргэлжилж байна. Харин үлдсэн 5% нь маш хүнд тохиолдлууд бөгөөд ийм тохиолдлыг long Covid гэж нэрлээд байгаа. ДЭМБ-ийн зөвлөмжийн дагуу хөнгөн хэлбэрээс бусад бүх тохиолдолд буюу халдварын авсан нийт хүмүүсийн 19% нь нөхөн сэргээх эмчилгээ зайлшгүй шаардлагатай гэжээ.

Учир нь эдгээр хүмүүст халдвар авсны дараа уушгины гэмтэл, миокардит болон перикардит гэх мэт зүрхний эдийн үрэвсэл, анхаарал сулрах, ой тогтоолт буурах гэх мэт танин мэдэхүйн чадвар буурах шинжүүд, судсанд бүлэн үүсэх гэх мэт цусны эргэлтийн асуудлууд, айдас түгшүүр, сэтгэл гутрал гэх мэт сэтгэцийн эрүүл мэндийн асуудлууд, булчин үе мөчөөр өвдөх, ядарч сульдах гэх мэт их биеийн ерөнхий зовууриуд үүсэж, эмчилгээнд удаан хугацаа шаардагдаж байна.

1. Биеийн ерөнхий нөхөн сэргээх эмчилгээ

Ковид-19 халдварын улмаас удаан хугацаанд эмнэлэгт хэвтсэн, ганцаараа удаан тусгаарлагдсан хүмүүсийн хувьд өмнөх хөдөлгөөний идэвхийг сэргээхийн тулд нөхөн сэргээх эмчилгээ зайлшгүй шаардлагатай болж байна. Хятад болон Японы эрдэмтдийн хамтарсан судалгаагаар ковидоор өвдсөн хүмүүст биеийн ерөнхий нөхөн сэргээх эмчилгээг их биеийн булчингийн хэвийн үйл ажиллагааг сэргээх, хөдөлгөөний хязгаарлагдмал байдлын улмаас бий болж болзошгүй сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудаас сэргийлэх болон хэвийн амьдралдаа эргэн ороход нь туслах зорилгоор заавал хийх хэрэгтэй гэж үзжээ.

Биеийн нөхөн сэргээх эмчилгээнд дараах зүйлсийг өвчтөн бие даан хийхийг зөвлөж байна. Хэрэв та эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд биеийн байдал харьцангуй сэргэж, бие даан хөдөлгөөн хийх чадвартай байгаа бол аль болох ойр ойрхон биеийн байрлалаа солих, бусад хүнд өвчтэй байгаа хүмүүст биеийн байрлалаа солиход нь туслах, орон дээрээ үе мөчөө хөдөлгөх, идэвхгүй суналтын дасгал хийх, эмнэлгийн орчинд алхах болон бусад хүмүүст алхахад нь туслах нь танд өөрийн биеийг нөхөн сэргээхэд чухал дасгалууд болно. Харин та эмнэлгээс гарч гэртээ ирсэн бол гэр дотроо ахлах, шатаар уруудах, боломжтой бол шатаар өгсөх нь таныг биеийн хурдан хугацаанд эргэн сэргэхэд туслах болно.
Улмаар squad суулт, хөнгөн жинтэй гантель өргөх гэх мэт биед бага ачаалал учруулах дасгалуудыг нэмж болно. Гэхдээ эдгээр дасгалуудыг хамгийн энгийнээс нь хүндрүүлэх замаар өдөр өдрөөр ахиулахгүйгээр гэнэт их хэмжээний ачаалал өгвөл эсрэгээрээ илүү хор нөлөөтэй ч байж болно. Ялангуяа long Covid-оор өвдсөн бол илүү анхааралтай байх хэрэгтэй.

2. Уушгины нөхөн сэргээх эмчилгээ Ковид-19 нь уушгийг хамгийн их гэмтээхийн зэрэгцээгээр хэрэв тухайн хүн уушгины ямар нэг архаг өвчтэй бол илүү ноцтой гэмтэл учруулж байна. Уушгинд үүссэн эдийн гэмтлийн улмаас уушгины дараа амьсгаадах, уушгины багтаамж муудах ба үүний улмаас ханиах, амьсгаадах, амьсгал давчдах зовуурь голлон илэрч байна. Иймээс нөхөн сэргээх эмчилгээнд амьсгалын хэмнэлийг тохируулах дасгал, амьсгалын үндсэн болон туслах булчингуудын ажиллах чадамжийг нэмэгдүүлэх, амьсгалын замыг цэр салстаас цэвэрлэх аргуудыг зөвлөж байна.

А. Амьсгалын хэмнэлийг тохируулах дасгал:

Амаа нээхгүйгээр хамраараа удаанаар гүнзгий амьсгал авна. Хэвлий дээрээ гараа тавьж амьсгал авахад бөмбөг хийлж байгаа мэт төмбийхийг мэдэрч байх хэрэгтэй. Хэрэв хэвлийн биш, цээж тэлж байвал та буруу амьсгалж байна гэсэн үг. Дараа нь амьсгалаа амаараа аажмаар үлээж гаргана. Амьсгал авах болон гаргах эдгээр үйлдлийг аль болох удаанаар хийх гэж хичээгээрэй. Нэг удаадаа 5-10 минутын турш ингэж амьсгалахад ба өдрийн турш хүссэн тоогоороо давтан хийж болно.

Б. Амьсгалын үндсэн болон туслах булчингуудын ажиллах чадамжийг нэмэгдүүлэх дасгал.

Амьсгалын үндсэн булчин бол өрц юм. Өрцний ажиллах чадварыг дээшлүүлэхэд хамгийн чухал дасгал бол дээр дурдсан амьсгалын дасгал юм. Харин амьсгалын туслах булчингуудад хавирга хоорондын гадна болон дотор ташуу булчин, нурууны болон мөрний булчингууд хамаарна. Эдгээрийн булчингуудын ажиллах чадварыг нэмэгдүүлэх тусгай дасгалууд байдаг бөгөөд та ЭНД ДАРЖ эдгээр дасгалыг хэрхэн хийх бичлэгүүдийг үзээрэй.

В. Амьсгалын замыг цэр салстаас цэвэрлэх

Тусгай утлага хийх, уух шингэний хэмжээг нэмэгдүүлэх гэх мэт маш олон арга бий. Шаардлагатай бол эмчийн заавраар цэр ховхлох, шингэлэх эм ууж болно.

3. Танин мэдэхүйн нөхөн сэргээх эмчилгээ

Ланцет (Lancet) сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны өгүүллэгээс үзэхэд long covid-оор өвдсөн хүмүүст ой тогтоолт болон анхаарал төвлөрөлт муудах, зан ааш өөрчлөгдөх, үнэрлэх амтлах чадвар удаан хугацаанд сэргэхгүй байх гэх мэт танин мэдэхгүйн өөрчлөлтүүд илэрч байгааг дурджээ. Ийм тохиолдолд танин мэдэхүйн чадварыг хэрхэн бүрэн гүйцэд сэргээх аргыг одоогоор олоогүй байгаа боловч ой тогтоолт сайжруулах дасгал, хэл засал, сэтгэл заслын техникүүдийг ашиглаж байна.

4. Сэтгэцийн эрүүл мэндийн дэмжлэг

Аливаа өвчин хүний сэтгэл зүйд хэд хэдэн байдлаар нөлөөлж болно. Хүнд өвчнийг туулж гарсан хүмүүс хэт хүчтэй стрессийн нөлөөгөөр тодорхой хэмжээгээр сэтгэл зүйн гэмтэл авсан байдаг. Энэ нь цаашид айдас түгшүүр, сэтгэл гутрал гэх мэт сэтгэцийн бие даасан өвчин болох ч магадлалтай. Нөлөө талаас тархины цусан хангамжийн хурц дутагдал нь тархины тодорхой хэсгийг гэмтээж болох бөгөөд үүнээс шалтгаалсан сэтгэцийн эмгэг ч тохиолдож болно. Иймээс ковидын дараах нөхцөлд танд сэтгэцийн эрүүл мэндийн ямар нэг асуудал тулгарч байгаа бол сэтгэл зүйчийн зөвлөгөө авч, шаардлагатай бол сэтгэл заслын эмчилгээнд хамрагдахыг зөвлөж байна. Олон улсын туршлагаар сэтгэл зүйчтэй онлайн уулзалт хийх, дэмжих бүлгийн уулзалтад оролцох, ижилхэн ковидоор өвдсөн хүмүүстэй уулзаж ярилцах, иога бясалгалд хамрагдах зэрэг аргуудыг зөвлөж байна.

Эх сурвалж: Clinical Medicine

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn