Боловсруулсан махны хорт хавдар үүсгэх эрсдэл нь нитритийн хэмжээнээс хамаардаг

2015 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) боловсруулсан махыг 1-р бүлгийн хорт хавдар үүсгэгч гэж ангилсан бөгөөд энэ нь хүний биед хорт хавдар үүсгэдэг гэдгийн хамгийн том нотолгоо юм. Гэхдээ сүүлд хийгдсэн судалгаанууд нь боловсруулсан махны хорт хавдар үүсгэх эрсдэл нь түүнд агуулагдах нитритийн хэмжээнээс хамаардаг болохыг илтгэж байна.
Боловсруулсан махны хорт хавдар үүсгэх эрсдэл нь нитритийн хэмжээнээс хамаардаг

ДЭМБ-ын Хавдар судлалын олон улсын агентлаг (IARC) боловсруулсан мах гэдэг нь усгүйжүүлэх, давслах, утах, ферментжүүлэх замаар шинж чанарыг нь өөрчилсөн махан бүтээгдэхүүн гэж тодорхойлсон байдаг бөгөөд үүнд бүх төрлийн хиам, хиамны бүтээгдэхүүн болон лаазалсан мах хамаарна.

Хүнс үйлдвэрлэгчид боловсруулсан махны амт, харагдах байдлыг сайжруулах, хадгалах хугацааг уртасгах зорилгоор натрийн нитритийг ашигладаг. Гэхдээ бүх боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн нь нитрит агуулдаггүй. Жишээлбэл, Британи, Ирландын хиам нь нитрит агуулдаггүй. Мөн АНУ болон эх газрын Европын зарим хиам, хоризо, пепперони нь нитрит агуулдаггүй. Түүнчлэн сүүлийн жилүүдэд нитритгүй хиам, гахайн мах зэрэг боловсруулсан мах хэрэглэгчдийн гарт хүрэх болсон.

Хэдийгээр ДЭМБ боловсруулсан махыг хорт хавдар үүсгэгч гэж ангилсан боловч Их Британийн Белфастын Хатан хааны их сургуулийн (QUB) судлаачид боловсруулсан махны хэрэглээ болон хоол боловсруулах эрхтнүүдийн хорт хавдрын хоорондын хамаарлын талаарх сүүлийн үеийн бүх судалгааг нэгтгэн хянаж үзээд арай өөр дүгнэлт хийжээ.

Тэд энэ талаар хийгдсэн бүх судалгаануудын хагас нь буюу 50 орчим хувь нь бүдүүн гэдэсний хорт хавдар боловсруулсан махны хэрэглээтэй холбоотойг нотолж чадсан болохыг олж харсан байна. Харин боловсруулсан махны нитритийн агууламжийг хорт хавдрын эрсдэлтэй холбон судалсан судалгаануудын бараг гуравны хоёр нь (65%) нитритийн хэмжээ хоол боловсруулах замын хорт хавдарт хүчтэй нөлөөлдөг болохыг илрүүлсэн байна. Тэгэхээр боловсруулсан махны хорт хавдар үүсгэх нөлөө нь түүнд агуулагдах нитритийн хэмжээнээс хамаардаг гэж үзэж болохоор байгаа юм.

Иймээс тэд ДЭМБ бүх боловсруулсан махыг биш харин зөвхөн нитрит агуулсан махыг хорт хавдар үүсгэгч гэдэг ангилалд багтаах ёстой гэж үзэж байгаагаа Nutrients сэтгүүлд хэвлүүлсэн судалгааны өгүүлэлдээ дурджээ. Нөгөө талаас хүнс үйлдвэрлэгчид хорт хавдрын эрсдэлийг бууруулахын тулд махан бүтээгдэхүүнд нэмэх нитритийн хэмжээг бууруулах шаардлагатай байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn