Хайртай нохойгоо боловсруулсан хүнсээр хооллохоос татгалзаарай

Та 4 нохой тутмын 1 нь хорт хавдраар үхдэг гэдгийг мэдэх үү? Нохойг боловсруулсан хоолоор тэжээх нь нүүрс усны хэрэглээг нэмэгдүүлж, таргалуулахын зэрэгцээгээр чөлөөт радикалуудыг ихэсгэж, антиоксидантуудын хэмжээг бууруулах замаар хэт исэлдэлтийн стресст оруулж, архаг үрэвслийг бий болгож, улмаар хорт хавдраар өвдөх өндөр эрсдэлд оруулж байна.
Хайртай нохойгоо боловсруулсан хүнсээр хооллохоос татгалзаарай

Сүүлийн хэдэн хоногт сошиал ертөнцөд нэлээдгүй алдартай хэд хэдэн нохой хорт хавдраар нас барсан тухай гунигтай мэдээ сонслоо. Та ч бас хорт хавдартайгаа тэмцэж байгаа нохойн талаар эсвэл хор хавдраар нас барсан нохойнуудын талаар сонссон, магадгүй таны нохойд ийм зүйл тохиолдсон ч байж болох юм.

Энэ талаарх баримтуудыг авч үзвэл хорт хавдрын улмаас зовж шаналах нохойн тоо нэмэгдсээр байгаа тул жил бүрийн 11 дүгээр сарыг дэлхий даяар тэжээвэр амьтдыг хорт хавдраас урьдчилан сэргийлэх сар болгон тэмдэглэх болжээ. Энэхүү кампанит ажлын гол зорилго нь үслэг найзууд маань яагаад хорт хавдарт олноороо өртөх болсныг хүмүүст ойлгуулах явдал гэнэ.

Яг л хүмүүсийн нэгэн адил нохойн хорт хавдрын өвчлөл сүүлийн 20 гаруй жил хурдацтай нэмэгджээ. Хөндлөнгийн хүн харахад нохой хэдийгээр жирийн нэг амьтан мэт боловч нохойн эздийн хувьд тэд гэр бүлийн нэг гишүүн төдийгүй хүүхдээсээ ялгалгүй хайрладаг анд нөхөр нь юм. Гэтэл бид хүмүүсийн дунд хорт хавдар нэмэгдсээр байгааг байнга ярьдаг ч нохойн хорт хавдрыг хэвийн үзэгдэл, хөгшрөлийн нэг хэсэг гэж үзсээр байна.

Хорт хавдар бол мэдээж маш нарийн төвөгтэй сэдэв юм. Тийм ч учраас хорт хавдрын шалтгааныг ганцхан хүчин зүйлсээр тайлбарлах нь төвөгтэй. Олон зүйл тодорхойгүй байгаа ч одоогоор нохой болон бусад гэрийн тэжээмэл амьтдын хорт хавдрын гол шалтгаан нь хооллолтоос үүдэлтэй бодисын солилцооны өвчин гэж үзэж байна.

Энэ ч чиглэлээр хийгдсэн судалгаануудаас үзэхэд бяцхан гөлгийг эхээс нь салгаж, боловсруулсан хүнсээр хооллож эхлэх үеэс нь хорт хавдраар өвдөх эрсдэл нь нэмэгдэж эхэлдэг байна. Хүн төрөлхтөн ч өөрсдөө хорт хавдар болон бусад архаг өвчнүүдээс сэргийлэхийн тулд боловсруулсан хүнснээс татгалзахыг уриалсаар байгаа билээ.

Боловсруулсан хүнс нь хүн болон амьтанд хорт хавдар үүсгэж буй эхний шалтгаан нь тэдгээр хоол хүнсийг боловсруулах үйл явц юм. Амьтны дэлгүүрүүд болон барууны хүнсний дэлгүүрт олон килограммаар савлагдсан, боловсруулсан нохойн хоол (kibble) нь бараг л бүтэн тасгийг эзэлсэн байдаг. Эдгээр боловсруулсан нохойн хоолны нэг аюул бол түүнийг үйлдвэрлэх явцад ихэвчлэн 200 хэмээс дээш температурт боловсруулдагтай холбоотой. Хоолыг ингэж түлэх нь тухайн хүнсний байгалийн тэжээллэг чанарт сөргөөр нөлөөлөхөөс гадна хорт хавдар үүсгэгч чөлөөт радикалуудын их хэмжээгээр үүсгэдэг.

Хэт исэлдэлтээс үүссэн тэдгээр чөлөөт радикалуудаас биднийг антиоксидант хэмээх бодисууд хамгаалдаг бөгөөд эдгээр нь мөн л хоол хүнсэнд агуулагддаг. Өндөр температурт хоолыг боловсруулах үед тухайн хоолонд агуулагдах антиоксидант хоёр дахин буурдаг болох нь нотлогдсон. Тиймээс хэт боловсруулсан хүнс нь хэт исэлдэлтийн стресс үүсгэж, хүн болон амьтны бие дэх чөлөөт радикалууд болон антиоксидантуудын хоорондын тэнцвэргүй байдал үүсгэснээр хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Боловсруулсан хүнсний гол төлөөлөл нь их хэмжээний сахар агуулсан ундаа болон бусад цардуул, цагаан гурил агуулсан хүнс юм. 1930-аад оны үед Отто Варбург хорт хавдрын эсийн өсөлт сахартай шууд холбоотойг баталсан. Тэрээр хорт хавдрын эсүүдийн глюкозоос энерги үйлдвэрлэх хурд нь хэвийн эсүүдээс илүү байдаг гэдгийг олж мэдсэнээрээ Нобелийн шагнал хүртэж байсан юм.

Гэрийн тэжээмэл амьтдын хуурай хоол жигнэмэгтэй төстэй буюу 50% -аас илүү нь цардуул гэх мэт амархан задардаг нүүрс ус агуулсан байдаг. Үүнийг нохой идэх үед энэ их хэмжээний нүүрс ус нь глюкоз болж задардаг. Хорт хавдрын эсүүд энэхүү сахрыг энерги болгон ашигласнаар илүү хурдан өсөж томордог.

Түүнчлэн илүүдэл сахар нь өөх тос хуримтлагдах гол шалтгаан болдог бөгөөд үүний нөлөөгөөр эдийн түвшинд архаг үрэвсэл үүсдэг. Архаг үрэвсэл нь хүний биед хорт хавдар гэх мэт олон архаг өвчний нийтлэг шалтгаан болдог гэдгийг хүлээн зөвшөөрөх болсон. Амьтныг ч мөн ийм төрлийн хоолоор хооллосоор байвал мөн л архаг үрэвсэл нь хорт хавдрын нэг эрсдэлт хүчин зүйл болдог.

Хельсинкийн их сургуулиас хийсэн судалгаагаар боловсруулсан хүнс их хэмжээгээр хэрэглэдэг нохойд уургийн солилцооны үлдэгдэл болох гомоцистеины хэмжээ 10 дахин нэмэгддэг болохыг тогтоожээ. Гомоцистеин нь хорт хавдар гэх мэт үрэвсэлт өвчний эрсдэлийг тодорхойлоход хэрэглэгддэг нэг төрлийн шинжилгээний үзүүлэлт юм.

Эдгээр баримтуудыг нэгтгэн үзвэл нохойг боловсруулсан хоолоор тэжээх нь нүүрс усны хэрэглээг нэмэгдүүлж, таргалуулахын зэрэгцээ чөлөөт радикалуудыг ихэсгэж, антиоксидантуудын хэмжээг бууруулах замаар хэт исэлдэлтийн стресст оруулж, архаг үрэвслийг бий болгож, хорт хавдраар өвдөх өндөр эрсдэлд оруулж байна.

Нөгөө талаас хүмүүс бидний хэрэглэдэг их хэмжээний боловсруулсан хүнс ч үүнтэй ижил эрсдэлд оруулж байгаа нь олон талын судалгаагаар нотлогдсоор байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn