Дуу чимээний бохирдол: Цуврал 2 - Дуу чимээний бохирдол ба эрүүл мэнд

Бидний сонсохыг хүсээгүй дуу чимээ ажиллаж, амьдарч буй орчинд тархсанаас дуу чимээний бохирдол үүсдэг. Дуу чимээний бохирдлын эх үүсвэрүүдэд нь барилга, моторт тээврийн хэрэгсэл, гудамжны шуугиан болон нисэх онгоц, галт тэрэг хамаарна. Энэхүү нийтлэлд дуу чимээний бохирдол, түүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар илүү дэлгэрэнгүй авч үзэх болно.
Дуу чимээний бохирдол: Цуврал 2 - Дуу чимээний бохирдол ба эрүүл мэнд

Бидний амьдарч буй орчинд бохирдуулагч хүчин зүйлс нэвтэрч, хүсээгүй үр дагаварт хүргэсээр байна. Хамгийн нийтлэг орчны бохирдуулагч нь нь агаарын бохирдол, усны бохирдол, гэрлийн бохирдол болон дуу чимээний бохирдол юм.

Хүрээлэн буй орчны бохируулагчдад олон нийт тодорхой хэмжээгээр анхаарал хандуулдаг боловч бусад төрлийн бохирдолтой харьцуулахад дуу чимээний бохирдлыг эрүүл мэндэд төдийлөн аюултай гэж үздэггүй. Гэвч дэлхий дахинд дуу чимээний бохирдол нэмэгдэхийн хэрээр түүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаарх баримт нотолгоо нэмэгдсээр байна.

Эдгээрээс үзэхэд дуу чимээний бохирдол нь хүний биеийн болон сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлдөг болох нь тогтоогдоод байна.

Тархи нь биднийг унтаж байхад хүртэл хүрээлэн буй орчинд ямар нэг аюулын шинж тэмдэг байгаа эсэхийг үргэлж хянаж байдаг. Аюултай байж болох байнгын эсвэл хэт чанга дуу чимээ нь хүмүүст юуны түрүүнд айдас түгшүүр, стрессийг өдөөгч нэг хүчин зүйл болдог.

Висконсон их сургуулийн судалгааны баг байнгын дуу чимээний бохирдолд өртдөг хүмүүс сэтгэл зүйн хувьд хэт мэдрэмтгий болох ба илүү уур уцаартай, хэт туйлширсан эсвэл бухимдсан хандлагатай болдог гэж үзжээ. Ялангуяа тухайн шуугианы нөлөөллийг хянах боломжгүй буюу тухайн хүн өөрийн хүслээр багасгах, хязгаарлах боломжгүй байх тохиолдолд сэтгэцийн эрүүл мэндийн хувьд илүү аюултай нөлөө үзүүлэх магадлалтай тухай 2018 онд хэвлэгдсэн “Дуу чимээний бохирдол ба хүний эрүүл мэнд” тойм өгүүлэлд дурджээ.

Мөн дуу чимээний бохирдол нь нойргүйдлийн хамгийн нийтлэг шалтгаан болдог. Шуугианы улмаас унтахад хүндрэлтэй болох, огт унтаж чадахгүй болох эсвэл хэтэрхий эрт сэрэх зэрэг шинж илэрдэг. Учир нь дуу чимээ нь гүн нойрсох үргэлжлэх хугацааг бууруулж, нойрны чанарыг муутгадаг. Нойрны чанар муудах нь хүний сэтгэл санаа, анхаарлаа төвлөрүүлэх чадварт сөргөөр нөлөөлдөг.

2021 онд Дани улсад хийгдсэн судалгаагаар замын хөдөлгөөний шуугиан нь төрөл бүрийн танин мэдэхүйн чадвар алдах эмгэгүүд, ялангуяа Альцгеймерийн өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлж байгааг тогтоосон байна. Үүний шалтгааныг дуу чимээний бохирдолтой холбоотой сэтгэл зүйн тогтворгүй байдал ба нойрны хямралтай холбон тайлбарласан байна.

Дуу чимээний бохирдлын биеийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл нь дуу чимээний шууд болон шууд бус үр дагавар байж болно. Байнгын хэт чанга дуу чимээ нь сонсголын бэрхшээл үүсэхэд шууд нөлөөлдөг. Ялангуяа байнгын стандартаар заагдсанаас, зөвшөөрөгдсөнөөс дээш шуугиантай орчинд ажилладаг хүмүүс хамгийн өндөр эрсдэлтэй.

Түүнчлэн зарим судалгаанаас үзэхэд дуу чимээний бохирдол нь бусад эрхтнүүдэд шууд бусаар нөлөөлдөг байна. Дээр дурдсан 2018 оны “Шуугианы бохирдол ба хүний эрүүл мэнд” тойм өгүүлэлд шуугианы бохирдолд богино хугацаанд өртөх нь цусны даралтыг түр зуур нэмэгдүүлж, цусны зуурамтгай чанарыг нэмэгдүүлдэг гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, дуу чимээ нь биднийг аюул эрсдэлтэй нөхцөлд дасан зохицож, аюулыг даван гаргахад тусалдаг симпатик мэдрэлийг идэвхжүүлснээр зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг байх магадлалтай юм.

Үүнийг батлах өөр нэгэн судалгаа 2018 оны Америкийн зүрхний эмч нарын нийгэмлэгийн эрдэм шинжилгээний хурал дээр танилцуулагджээ. Тус судалгааг Бостон дахь Массачусетсийн нэгдсэн эмнэлгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Азар Радфарын баг гүйцэтгэсэн ба судалгааны үр дүнгээр шуугианы бохирдолд өртөх нь хүний тархинд стрессийн хариу урвалыг нэмэгдүүлдэг бөгөөд цусны судаснуудад үрэвсэл үүсгэж, зүрхний шигдээс, цус харвалт өвчний эрсдэлийг нэмэгдүүлж байгааг тогтоосон байна.

2018 онд Канадад хийгдсэн судалгаагаар жирэмсэн эмэгтэйчүүд шуугианы бохирдолд өртөх нь жирэмсний хожуу үеийн хордлогын нэг хэлбэр болох преэклампсийн эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.

Шуугианы бохирдол нь насанд хүрэгчдийн сэтгэцийн болон биеийн эрүүл мэндэд нөлөөлөхөөс гадна хүүхдийн өсөлт, хөгжилд илүү ноцтой нөлөөлөл үзүүлдэг байх магадлалтай байна. 2014 онд Pregnancy and Children Health сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар өдөрт 8 цаг дуу чимээний бохирдолд өртөх нь хүүхдэд сонсголын байнгын өөрчлөлт, тэр дундаа зарим дууны долгионы давтамжийг ялгаж сонсох чадваргүй болоход хүргэдэг гэж дүгнэжээ.

The Indian Journal of Pediatrics сэтгүүлд 2018 онд нийтлэлд өгүүлэлд дуу чимээний бохирдол нь ураг, нялх, өсвөр нас гэх мэт хүүхдийн хөгжлийн аль ч үе шатанд хүүхдийн сонсгол буурахад нөлөөлдөг бөгөөд сургууль эсвэл гэртээ байнгын хүсээгүй эсвэл хэт чанга дуу чимээнд өртдөг хүүхдүүдийн анхаарал төвлөрөл, харилцааны ур чадвар, ярианы хөгжил болон танин мэдэхүйн гүйцэтгэлийн ур чадвар муудсанаас сурлагын үр дүн мууддаг тухай онцлон тэмдэглэжээ.

Эцэст нь дүгнэхэд дуу чимээний бохирдол нь нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудал юм. Дээрх судалгаануудаас үзэхэд шуугианы бохирдол нь стрессийг нэмэгдүүлж, нойргүйдлийн шалтгаан болж, сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлж, цусны даралт ихсэх, цус өтгөрөхөд нөлөөлснөөр зүрх судасны өвчин зэрэг эрүүл мэндийн асуудлууд бий болоход тодорхой нөлөө үзүүлдэг. Мөн чанга эсвэл хүсээгүй дуу чимээнд өртөх нь сонсголын бэрхшээл үүсэхэд шууд нөлөөлж байна. Ялангуяа, жирэмсэн эмэгтэйчүүд болон хүүхдүүд онцгой өртөмтгий бүлэгт хамаарч байна.

Эдгээр эрсдэлээс сэргийлэхийн тулд хувь хүмүүс чимээ тусгаарлагч, “цагаан шуугиан“ төхөөрөмж хэрэглэх гэх мэт энгийн аргуудаар гэр, сургууль, ажлын байрны дуу чимээний түвшнийг бууруулах боломжтой бөгөөд эдгээр аргуудын тухай дараагийн нийтлэлээр танилцуулах болно.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn