PFAS – Наалддаггүй хайруулын таваг бол эрүүл мэндийн том эрсдэл

Наалддаггүй хоолны тогоо, хайруулын тавгийг PFAS буюу пер-полифторалкил хэмээх бүлэг бодисуудаар бүрдэг. Гэтэл үүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө өргөн цар хүрээг хамардаг юм.
PFAS – Наалддаггүй хайруулын таваг бол эрүүл мэндийн том эрсдэл

Төрөл бүрийн үйлдвэрлэл болон гоо сайхны зорилгоор хэрэглэдэг синтетик гаралтай уг химийн бодисоос болж үүсэх эрүүл мэндийн эрсдэлүүд болон үүнээс сэргийлэх зөвлөмжийг хүргэх болно.

PFAS бидний амьдралд

1940-өөд оны үед анх бүтээгдсэн пер ба полифторалкил бодисууд (PFAS) нь үйлдвэрлэлийн болон гоо сайхны олон төрлийн хэрэглээтэй 9,000 гаруй химийн бодисоос бүрдсэн химийн нэгдлүүд юм.

Тухайн үед нэхмэл эдлэлийг гал усанд тэсвэртэй, толбо тогтдоггүй, удаан эдэлгээтэй болгон өөрчилж чадсанаар технологийн маш том дэвшилд тооцогдож байв. Орчин үед PFAS нь наалддаггүй гал тогооны хэрэгсэл, хүнсний сав баглаа боодлын материал, хувцас болон тавилгын үйлдвэрлэл, гал усанд тэсвэртэй толбо тогтдоггүй бүрээс, арилдаггүй нүүрний будалт хийхэд зориулсан бүтээгдэхүүн болон бусад гоо сайхан, ариун цэврийн хэрэгслүүд, гал унтраах хөөсөнд хэрэглэгддэг.

Түүнчлэн бохирдсон ус, түргэн хоол, мах, загас, хясаа, кофе, цай, попкорн зэрэг боловсруулсан хоол хүнс, талх, гоймон зэрэг эслэг багатай, өөх тос ихтэй үр тарианы бүтээгдэхүүнд хүртэл агуулагдах болжээ.

Хэдийгээр бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон ч PFAS-ийг хоёр иртэй сэлэмтэй зүйрлэж болно. Нэг талынх нь ир хүний амьдралын чанарыг сайжруулж, олон бэрхшээлтэй асуудлыг шийдэхэд тусалдаг боловч нөгөө ир нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд заналхийлэх болсон байна.

Учир нь, PFAS маш удаан задардаг, маш "тогтвортой" химийн бодис юм. Амархан задардаггүй тул хооллолт, бохирдсон ундны ус, гоо сайхны болон хувийн арчилгааны бүтээгдэхүүнүүд, дотор болон гадаад орчны агаарын бохирдлоор дамжин хүний биед нэвтэрч, эд эсэд хуримтлагддаг. Улмаар хүний биед дараах эрсдэлийг учруулна.

Элэгний гэмтэл

PFAS нь элэгний эдэд ихэвчлэн хуримтлагдах бөгөөд энэ чиглэлийн судалгаа хамгийн их хийгдсэн байдаг.

Өмнөд Калифорнийн их сургуулийн судлаачдын 2022 онд хэвлүүлсэн судалгаанаас үзэхэд хүн болон амьтан PFAS-д өртөх нь архины бус шалтгаантай элэгний өөхлөлтийн (NAFLD) эрсдэлт хүчин зүйл болдог. Цаашид энэ нь элэгний хатуурал, элэгний дутагдал зэрэг илүү ноцтой эмгэгт хүргэх юм.

Үүний механизм одоогоор тодорхойгүй байгаа боловч зарим мэргэжилтнүүд PFAS бие махбод дахь өөхний боловсруулалтыг алдагдуулж, элгэн дэх өөх тосны хуримтлалыг нэмэгдүүлснээр элэгний эд, эсийг гэмтээдэг гэж үздэг.

Дотоод шүүрэл ба бодисын солилцооны эмгэг

PFAS дотоод шүүрлийн тогтолцоо буюу даавруудын хэвийн ялгаралтыг тасалдуулснаар таргалалт, бамбай булчирхайн эмгэг, чихрийн шижин зэрэг бодисын солилцооны эмгэгүүдийн эрсдэлийг нэмэгдүүлж байгаа нь тогтоогдсон байна.

2016 онд Nature сэтгүүлд хэвлэгдсэн судалгааны тойм өгүүлэлд жирэмсэн үед PFAS-д өртөх нь глюкоз, инсулины хэвийн түвшнийг алдагдуулж, жирэмсний чихрийн шижин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг ба хожим төрөх хүүхдийн илүүдэл жин, таргалалтын нэг шалтгаан болдог тухай дурджээ. Жирэмсний үеийн чихрийн шижин нь жирэмсэн үед цусан дахь сахрын хэмжээ хэт ихсэх шинж тэмдгээр илэрдэг бөгөөд эх, хүүхдийн аль алинд нь ноцтой хор хөнөөл учруулж болзошгүй өвчин юм.

Мөн PFAS болон бамбай булчирхайн эмгэг хоорондоо шууд хамааралтай болохыг илрүүлсэн байна.

Нөхөн үржихүйн эрүүл мэнд

PFAS өндгөвчний үйл ажиллагааг алдагдуулах замаар бэлгийн бойжилтын үеэс эхлэн нөхөн үржихүйн эрүүл мэндийг хямрааж болзошгүй.

Human Reproductive Update сэтгүүлийн 2020 оны 9 дүгээр сарын дугаарт хэвлэгдсэн тойм өгүүлэлд PFAS-д өртөх нь сарын тэмдгийн мөчлөг алдагдаж тогтмол бус эсвэл хэт урт болох, эрт цэвэрших, эр эм бэлгийн дааврын тэнцвэр алдагдахад нөлөөлдөг болохыг онцлон тэмдэглэсэн байна.

Мөн тус тойм өгүүлэлд жирэмсэн үед PFAS-д өртөх нь ургийн эрүүл мэндэд урт хугацааны эрсдэл учруулахаас гадна жин багатай хүүхэд төрөх эсвэл эхийн амь насанд аюултай жирэмсний хордлого (эклампси) үүсэхэд хүргэдэг гэж үзжээ.

Бусад эрүүл мэндийн эрсдэлүүд

Хэдийгээр нотлох баримт хангалтгүй байгаа ч зарим судалгааны үр дүнд PFAS хорт хавдрын эрсдэлд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Ялангуяа ундны усаар дамжсан PFAS төмсөг, бөөрний хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлж байгаа нь ажиглагдсан.

Эдгээр эрсдэлийг бууруулах хамгийн боломжит арга зам нь засгийн газрын зохицуулалт, үйлдвэрлэлийн технологийн шинэчлэлт юм. Зарим улс орнууд энэ чиглэлээр нэлээд эрчимтэй ажиллаж эхлээд байна. Жишээлбэл, Канадын засгийн газраас гаргадаг хорт хавдар үүсгэх эрсдэлтэй, үйлдвэрлэлд хэрэглэхийг хориглосон хорт бодисын жагсаалтад зарим PFAS-ийг багтаасан бол АНУ-н Өвчний хяналт, урьдчилан сэргийлэлтийн төв (CDC) PFAS-ийг хорт бодисын бүртгэлд оруулаад байна.

PFAS нь 9,000 гаруй химийн бодисоос бүрддэг тул засгийн газраас тэдгээрийг нэг бүрчлэн хор хөнөөлийг нь тодорхойлох, тэдгээрийн хэрэглээг хориглох боломж хязгаарлагдмал. Иймээс хувь хүн бүр өөрийн PFAS-д өртөх эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах шаардлагатай.

PFAS-д өртөх, түүнээс үүдэлтэй эрүүл мэндийн эрсдэлийг бууруулахын тулд та бид дараах зүйлсийг хийж болно. Үүнд:

  • Ундны усыг шүүж хэрэглэх

  • Хэрэглэж байгаа аливаа хувийн арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад PFAS төрлийн химийн бодис агуулагдаж байгаа эсэхийг шалгах,

  • Наалддаггүй тогоо, хайруулын таваг зэргээс татгалзах

  • Дахин боловсруулах боломжтой цаас, шил, мод эсвэл зэвэрдэггүй гангаар хийгдсэн сав, хүнсний баглаа боодлыг ашиглах,

  • Усанд тэсвэртэй, арилдаггүй нүүрний будгаас татгалзах

  • Хэт боловсруулсан хүнс хэрэглэхгүй байх

  • Попкорныг богино долгионы зууханд хийж болгохгүй байх

  • Толбо тогтдоггүй, нордоггүй даавуун эд зүйлс хэрэглэхээс зайлсхийх.

  • Гал унтраах хэрэгсэлтэй ажилладаг болон шүдний эмнэлэгт ажилладаг бол ийм төрлийн бодисуудыг арьсанд хүргэх, амьсгалахаас сэргийлж хамгаалалтын хэрэгсэл ашиглах.

PFAS-ийн төрлийн бодисууд бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсон учраас тэдгээрээс зайлсхийхэд бэрхшээлтэй байх боловч дээр дурдсан аргуудыг ашиглаж эрүүл мэндээ хамгаалаарай.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn