Артерийн даралт ихсэх өвчинд амны хөндийн бактериуд нөлөөлж байна

Амны хөндийд амьдардаг 5 төрлийн бактери нь цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүдийн артерийн даралт ихсэх өвчний эрсдэлийг 10-20%-аар бууруулж байгаа нь тогтоогдсон байна.
Артерийн даралт ихсэх өвчинд амны хөндийн бактериуд нөлөөлж байна

Артерийн даралт ихсэх өвчин бол дэлхий дахинд хамгийн нийтлэг тохиолддог зүрх судасны өвчин юм. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэлтийн төвийн мэдээгээр насанд хүрсэн 2 хүн тутмын 1 нь даралт ихсэлттэй гэж үзсэн байдаг бол дэлхий дахинд нийт хүн амын ойролцоогоор 26% (972 сая хүн) цусны даралт ихсэх өвчтэй гэж тооцоолоод байна.

Артерийн даралт ихсэх өвчний эрсдэлд нөлөөлдөг гол хүчин зүйлс нь амьдралын хэв маягтай холбоотой боловч зарим эрдэмтэд хүний биед амьдардаг микробиом буюу ашигтай бактериуд нь артерийн даралт ихсэх өвчний эрсдэлд нөлөөлдөг гэж үздэг. Эдгээр нь амны хөндийгөөс анус хүртэлх хоол боловсруулах зам, амьсгалын зам, арьс, шээс бэлгийн эрхтнүүд гэх мэт хүний биеийн олон хэсэгт оршин суудаг.

Гэдэсний ашигтай бактериуд цусны даралт ихсэх эрсдэлд нөлөөлдөг гэсэн хэд хэдэн нотолгоо бий. Тэгвэл АНУ-ын эрдэмтэд цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүдийн амны хөндийн микробиом нь цусны даралт ихсэх өвчний эрсдэлд нөлөөлж байгааг тогтоосон байна.

Тэдний судалгаагаар амны хөндийд амьдардаг 5 төрлийн бактери нь артерийн даралт ихсэх өвчний эрсдэлийг 10-20%-аар буруулж байгаа нь тогтоогдсон байна.

Эдгээр бактериуд артерийн даралт ихсэхэд хэрхэн нөлөөлж байгаа нь одоогоор бүрэн тодорхойгүй байгаа боловч судалгааны багийн таамагласнаар эдгээр бактери нь хоол хүнсний нитратыг нитрит болгон хувиргаж, улмаар энэ нь гэдсэнд азотын исэл болгон хувирдагтай холбон тайлбарласан байна. Азотын исэл нь артерийн судасны гөлгөр булчинг сулруулж, судсыг тэлэх нөлөөтэй химийн бодис юм. Өөрөөр хэлбэл, амны хөндийн бактерийн нөлөөгөөр үүссэн азотын оксид нь даралт буулгах нөлөө үзүүлж байх магадлалтай юм.

Амны хөндийн ашигтай бактериудыг хэвийн байлгахын тулд амны хөндийн эрүүл ахуйг сайтар сахихыг Америкийн шүдний эмч нарын нийгэмлэг (ADA) зөвлөдөг бөгөөд үүнд өдөрт хоёр удаа фтор агуулсан шүдний оо ашиглан шүдээ угаах, өдөр бүр шүдний утас ашиглан шүдний зай завсрыг цэвэрлэх, хэт чихэрлэг ундаа, амттанаас татгалзах, амны хөндийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, шүд буйл өвдсөн тохиолдолд шүдний эмчид хандаж нэн даруй эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үздэг.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn