Амны хөндийн эрүүл ахуй ба эрүүл мэндийн эрсдэл

Шүд, буйлны эрүүл мэнд нь нэг талаас гоо сайхны асуудал мэт боловч нөгөө талаас биеийн ерөнхий эрүүл мэндэд нөлөөлөгч томоохон хүчин зүйл юм. Амны хөндийн эрүүл мэнд бусад эрхтнүүдэд хэрхэн нөлөөлдгийг авч үзье. Судалгаануудаар Альцгеймерийн өвчин, хорт хавдар, зүрх судас, амьсгалын замын өвчин, бэлгийн сулрал зэрэг өвчний үүсэлд нөлөөлдөг болохыг илрүүлээд байна.
Амны хөндийн эрүүл ахуй ба эрүүл мэндийн эрсдэл

Амны хөндийн эрүүл ахуй дараах байдлаар алдагддаг. Юуны түрүүнд бактери агуулсан наалдамхай бодис шүдний гадаргуу дээр үүснэ. Хэрэв үүнийг сойзоор цэвэрлэхгүй бол түүнд агуулагдах бактери нь буйлыг цочроодог. Үүнээс шалтгаалан буйл хавдаж, өвдөж, цус гардаг. Үүнийг буйлны үрэвсэл буюу гингивит гэж нэрлэдэг.

Ерөнхийдөө амны хөндийн эрүүл ахуйн дэглэмийг сахиж, тогтмол шүдээ угааж, шүд хоорондын завсрыг сайтар цэвэрлэснээр буйлны үрэвслийг эмчлэх, урьдчилан сэргийлэх боломжтой. Гэхдээ үүнийг эмчлэхгүй орхивол цаашид шүдний тулгуур бүтцийг сулруулж, пародонтит үүсгэдэг ба энэ нь хамгийн өргөн тархсан амны хөндийн эмгэг юм. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн (CDC) мэдээлснээр АНУ-д насанд хүрэгчдийн бараг тал хувь нь пародонтит эсвэл буйлны үрэвсэлтэй байдаг.

Амны хөндийн эдгээр эмгэгүүдийн цаадах механизм нь харьцангуй сайн судлагдсан бөгөөд сүүлийн үеийн судалгаануудаар Альцгеймерийн өвчин, хорт хавдар, зүрх судас, амьсгалын замын өвчин зэрэг бусад олон өвчний үүсэлд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг илрүүлээд байна.

Тархи ба амны хөндийн эрүүл ахуй

Анатомийн байрлалын хувьд ч шүд ба буйл нь тархины ойролцоо байрладаг боловч хэвийн нөхцөлд шүдний эмгэг нь мэдрэлийн тогтолцоонд төдийлөн нөлөөлдөггүй. Гэхдээ зарим судалгаагаар шүдний өвчин, шүд унах нь танин мэдэхүйн үйл ажиллагаатай холбоотой болохыг тогтоосон байна.

Шүдний асуудалтай хүмүүсийн танин мэдэхүйн чадварт үнэлгээ хийсэн нэг судалгаанд 597 эрэгтэйг 32 хүртэл жилийн хугацаанд ажиглажээ. Үүний үр дүнд насанд хүрсэн эрэгтэйчүүдийн шүдний тоо цөөрөх тусам танин мэдэхүйн чадвар буурдаг гэж дүгнэжээ. Шүд унах гол шалтгаан нь цооролт юм. Тэгэхээр шүд цоорох эмгэг нь танин мэдэхүйн бууралттай холбоотой байдаг гэж үзэж болно.

Судлаачид шүд, буйлны эмгэгтэй хүмүүсийн тархинд Альцгеймерийн өвчний үед тархинд хуримтлагддаг бета-амилоидын хэмжээ нэмэгдэж байгааг мөн илрүүлсэн байна.

Мөн өөр туршилтуудаар Альцгеймерийн өвчтэй хүмүүсийн тархинд пародонтит өвчний үед ихэвчлэн илэрдэг нэг төрлийн бактери болох Porphyromonas gingivalis агуулагддаг болохыг нотолсон байна. АНУ болон Польшийн эрдэмтдийн хамтарсан судалгаагаар буйлны үрэвсэл үүсгэгч P.gingivalis хэмээх бактери нь тархинд бета-амилоидын үүсэх үйл явцыг эрчимжүүлдэг болохыг ч тогтоогоод байна.

Ойрын ирээдүйд эрдэмтэд буйлны үрэвслийг дарангуйлах замаар Альцгеймерийн өвчнөөс урьдчилан сэргийлж болно хэмээх үзэж байгаа бөгөөд буйлны үрэвсэл дарангуйлагч эхний бэлдмэлийг гаргаж туршилтаа эхлүүлээд байгаа юм.

Зүрх ба амны хөндийн эрүүл ахуй

Хэдийгээр зүрхний өвчтэй хүн бүр буйлны үрэвсэлтэй эсвэл буйлны үрэвсэлтэй хүн бүр зүрхний өвчтэй байдаггүй ч тодорхой хамаарал байдаг байна. Мэдээжийн хэрэг, бидний мэддэгээр тамхи татдаг эсвэл архи хэтрүүлэн уудаг хүмүүс амны хөндийн үрэвсэлтэй байхаас гадна зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг. Харин буйлны үрэвсэл нь зүрх судасны өвчний бие даасан эрсдэлт хүчин зүйл мөн эсэхийг тодруулах судалгаанууд үргэлжилсээр байна.

Юуны түрүүнд амны хөндийн эрүүл ахуйн хангалтгүй байдлаас шалтгаалсан үрэвсэл нь зүрх судасны тогтолцоонд нөлөөлдөг байна. Мөн амны хөндийд үржсэн бактери цусны урсгалаар дамжин зүрх болон цусны эргэлтийн тогтолцооны бусад эрхтнүүдэд хүрэх үед тэдгээрийн эсрэг үрэвслийн урвал өрнөж, үүний дам нөлөөгөөр эрүүл эд эсүүд гэмтдэг. Харвардын Нүүр ам судлалын сургууль болон Кэмбрижийн Бичил амь судлалын тэнхим хамтран хийсэн судалгаагаар зүрхний титэм судаснаас буйлны үрэвсэл үүсгэдэг P. Gingivalis бактери их хэмжээгээр илэрсэн нь үүний нотолгоо болно.

Хорт хавдар ба амны хөндийн эрүүл ахуй

Өнгөцхөн харахад буйлны өвчин болон хорт хавдар нь хоорондоо мөн л хамааралгүй мэт санагдаж болох юм. Гэвч энэ талаар хийгдсэн олон тооны судалгааны үр дүн тийм биш гэдгийг нотолдог. 2008 онд Lancet Oncology сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар 48,375 эрэгтэйчүүдийн дунд шүд уналт ба хорт хавдрын хоорондох хамаарлыг судлахад шүд, буйлны өвчлөл нь их биш боловч хорт хавдрын ерөнхий эрсдэлийг мэдэгдэхүйц нэмэгдүүлж байгааг тогтоосон юм.

Мөн 2018 онд Nature сэтгүүлд нийтлэгдсэн өөр нэгэн судалгаагаар буйлны үрэвсэл болон хорт хавдрын ерөнхий эрсдэл хоёрын хооронд хүчтэй хамаарал байгааг олж тогтоосон байна. Үрэвсэл нь ялангуяа нойр булчирхайн хорт хавдартай илүү хамааралтай байв. Буйлны үрэвсэл үүсгэдэг бактерийн нэг төрлийн фермент болох treponema denticola хэмээх бодис хоол боловсруулсан замын хорт хавдраас илэрсэн бөгөөд тус фермент нь эрүүл эсүүдийн хорт хавдрын эс болж хувирдаг болохыг тогтоосон. Энэ нь буйлны үрэвсэл нь хоол боловсруулах замын эрхтнүүдийн хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг болохыг нотолж байна.

Бэлгийн сулрал ба амны хөндийн эрүүл ахуй

40 болон түүнээс дээш насны эрчүүдийн 50% нь бэлгийн сулралтай байдаг. Бэлгийн сулрал нь сэтгэлзүйн болон физиологийн олон хүчин зүйлээс үүдэлтэй нарийн төвөгтэй нөхцөл байдал юм. Бэлгийн сулралын эрсдэлт хүчин зүйлүүдэд тамхи татах, архи уух, цусны даралт ихсэлт зэрэг нь хамаардаг. Гэхдээ зарим эрдэмтдийн үзэж байгаагаар буйл, шүдний өвчин нь бэлгийн сулрал үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

2016 онд АНУ-ын Рочестерийн их сургуулийн эрдэмтэд бэлгийн сулрал нь архаг буйлны үрэвсэлтэй шууд хамааралтай бөгөөд үнэн хэрэгтээ эмч нар бэлгийн сулралтай өвчтөнүүдийг эмчлэхийн тулд эхлээд шүдний эмч рүү явуулж, амны хөндийн эрүүл мэндийн ямар асуудал байгааг тодорхойлж, тэдгээр асуудлуудыг шийдвэрлэсний дараа бусад шалтгаануудыг хайх хэрэгтэй гэж үзжээ.

Бэлгийн сулралд буйлны үрэвсэл хэрхэн нөлөөлдгийг хэд хэдэн хүчин зүйлстэй холбон тайлбарлаж болох боловч гол буруутан нь мөн л үрэвсэл юм. Амны хөндийд үүссэн үрэвсэл нь цусаар дамжин биеийн бусад хэсэгт хүрдэг. Бэлгийн сулрал нь ихэвчлэн цусны судаснуудын үйл ажиллагааны доголдолтой холбоотой байдаг.

Ялангуяа цусны судасны ханыг бүрдүүлэгч гөлгөр булчингууд нь сулрах чадвараа алддаг. Үүнийг эндотелийн үйл ажиллагааны алдагдал гэж нэрлэдэг. Шодойн хөвчрөл гэдэг нь судас тэлж, цусаар дүүрэх үйл явц юм. Судасны хана хатуурч тэлэх чадваргүй болсноос хөвчрөх боломжгүй болдог. Яг ийм механизмаар үрэвсэл нь эндотелийн үйл ажиллагааны алдагдалд хүргэж, улмаар бэлгийн сулрал үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Уушги ба амны хөндийн эрүүл ахуй

2019 оны 2 дугаар сард Journal of Clinical Periodontology сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар архаг пародонтит ба амьсгалын замын үйл ажиллагааны бууралт хоёрын хооронд мэдэгдэхүйц хамаарал байгааг олж тогтоожээ. Үүнд мөн л дээр дурдсан үрэвслийн хүчин зүйл нөлөөлдөг байх магадлалтай. Үрэвслийн улмаас уушгинд агаар дамжуулах гуурсан хоолойнууд нарийсаж, уушги руу орох агаарын урсгалыг хязгаарладаг. Үрэвслийн цитокинууд цусаар дамжиж уушгийг үрэвсүүлэхээс гадна аманд үржсэн бактери нь уушгинд амьсгалаар дамжин орж болно. Бактери уушгинд орсны дараа шууд үрэвсэл үүсгэх эсвэл бусад халдварыг өдөөж болно.

Мөн 2016 онд Хятадын эрдэмтдийн хийсэн мета-анализын үр дүнгээр буйл, шүдний өвчтэй хүмүүс нь уушгины хорт хавдар тусах эрсдэл илүү өндөртэй байна гэж дүгнэжээ. Тэд энэхүү өгүүлэлдээ буйлны өвчин уушгины хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлэх зарим боломжит арга замуудын талаар ч дурджээ. Жишээлбэл, амнаас P. gingivalis зэрэг нянг амьсгалах үед уушгинд нэвтэрдэг ба түүнээс ялгарсан ферментүүд нь эрүүл эд эсийг хавдрын эс болгон хувиргадаг гэж үзжээ.

Эдгээр шинжлэх ухааны нотолгоонуудаас үзэхэд амын хөндийн эрүүл ахуйн хангалтгүй байдал, түүнээс шалтгаалсан буйл, шүдний өвчлөл нь олон өвчин эмгэгийг нөхцөлдүүлэгч хүчин зүйл болдгийг харж болохоор байна. Гэвч нөгөө талаас амны хөндийн эрүүл ахуйд сайтар анхаарч, эрүүл байлгаж чадвал тэдгээр өвчнүүдийн эрсдэл ч буурах боломжтой гэдэг нь тун сайн мэдээ юм. Учир нь амны хөндийн эрүүл ахуйг сахих нь хүн бүрийн хийж чадах хамгийн энгийн дадал зуршил билээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn