Умайн хүзүүний хорт хавдрын вакцины нэг удаагийн тун дархлаа тогтоох боломжтой

ДЭМБ 2020 оноос “Умайн хүзүүний хорт хавдрыг устгах санаачилга”-ыг хэрэгжүүлж эхэлсэн ба 2030 он гэхэд 15 хүртэлх нас охидын 90%-ийг вакцинд хамруулах зорилго дэвшүүлэн ажиллаж байна. Гэвч энэхүү зорилтод хүрэхэд вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх, тэгш бус байдлыг арилгах зэрэг хэд хэдэн сорилттой тулгараад байна. Гурав биш нэг тунгаар вакцинжуулбал энэ асуудлууд шийдэгдэх боломжтой.
Умайн хүзүүний хорт хавдрын вакцины нэг удаагийн тун дархлаа тогтоох боломжтой
Leigh Prather

Одоогийн мөрдөгдөж байгаа стандартын дагуу умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэхийн тулд тус хавдрын гол шалтгаан болох хүний хөхөнцөр вирусийн (HPV) эсрэг вакцины гурван тунг тариулахыг зөвлөж байна. АНУ-ын эрдэмтдийн хамгийн сүүлийн судалгаагаар HPV-ийн эсрэг вакцины нэг удаагийн тун нь гурван тунтай адил үр дүнтэй болохыг тогтоосон байна.

Тус судалгааны үр дүн дэлхийн хамгийн нэр хүндтэй анагаах ухааны сэтгүүлүүдийн нэг болох NEJM Evidence-ийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн дугаарт хэвлэгдсэн бөгөөд мэргэжилтнүүд энэхүү судалгааг охид, эмэгтэйчүүдийг вакцинжуулах хурдыг нэмэгдүүлж, тэгш хүртээмжийг бий болгох, умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийг бууруулахад чухал ач холбогдолтой гэсэн дүгнэлтэд хүрлээ хэмээн өндрөөр үнэлсэн байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын мэдээлснээр 2020 онд 342,000 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдрын улмаас нас барсан бөгөөд үүний 90% нь бага эсвэл дунд орлоготой, хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцин тариулах боломжгүй орнуудад тохиолдсон байна.

Одоогийн байдлаар ихэнх улс орнууд HPV-ийн халдвараас сэргийлэхийн тулд хоёр эсвэл гурван тунг тариулах шаардлагатай гэж үзэж байгаа нь охид, эмэгтэйчүүдийг өргөн хүрээтэйгээр вакцинжуулах боломжийг хязгаарлаж, хурдыг удаашруулж байгаа юм.

ДЭМБ 2020 оноос “Умайн хүзүүний хорт хавдрыг устгах санаачилга”-ыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2030 он гэхэд охидын 90%-ийг 15 нас хүртэл вакцинд хамруулах зорилго дэвшүүлэн ажиллаж байна. Гэвч энэхүү зорилтод хүрэхэд вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх, тэгш бус байдлыг арилгах зэрэг хэд хэдэн сорилттой тулгараад байгаа юм.

Ташрамд дурдахад манай улсад олон нийтийн дундах буруу ташаа ойлголт, вакцин эсэргүүцэгчдийн нөлөөний улмаас одоог хүртэл HPV-ийн эсрэг вакцин нь вакцинжуулалтын албан ёсны товлолд багтаж чадаагүй байгаа билээ.

Эх сурвалж: NEJM Evidence

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn