Хорт хавдар устгагч вирусийг анхны өвчтөн тариуллаа

Өмнө нь амьтан дээр хийгдсэн туршилтуудаар энэ эмчилгээ хорт хавдрын эсийг устгаж, үүндээ дархлааны эсүүдийг ч оролцуулдаг болох нь тогтоогдсон юм.
Хорт хавдар устгагч вирусийг анхны өвчтөн тариуллаа

Хорт хавдар устгагч вирусийг Лос-Анжелес дахь Хорт хавдрын эмчилгээ, судалгааны төв, Австралид төвтэй биотехнологийн Imugene компани хамтран бүтээсэн бөгөөд эмчилгээг анхны өвчтөнд тарьсан тухайгаа 5 дугаар сарын 17-нд зарласан байна. Энэхүү туршилт нь хүний бие дэх хорт хавдартай тэмцэх шинэ эмчилгээний арга болох хорт хавдар устгагч вирусийг практикт хэрэглэх үндэслэл болох юм.

Туршилтад үсэрхийлсэн эсвэл хүнд хэлбэрийн хорт хавдартай, өмнө нь дор хаяж хоёр өөр хорт хавдрын эсрэг эмчилгээний аргыг хэрэглэсэн, насанд хүрсэн 100 гаруй хүнийг хамруулахаар төлөвлөсөн байна.

Эрдэмтдийн хөгжүүлсэн CF33-hNIS (Vaxinia) хэмээх вирус нь хорт хавдрын эсэд нэвтрэн орж, устгах чадвартай бөгөөд түүнийг ийм чадвартай болгохын тулд вирусийн генетикийн хувьд хүний биед аюулгүй боловч хавдрын эсийг устгах чадвартай болгон өөрчилжээ.

Өмнө нь амьтан дээр хийгдсэн туршилтаар энэ эмчилгээ хорт хавдрын эсийг устгаж, үүндээ дархлааны эсүүдийг ч оролцуулдаг болох нь тогтоогдсон юм. Тус вирус хавдрын эсэд нэвтэрсний дараа өөрийгөө олшруулж эхэлдэг ба эцэст нь халдвар авсан хавдрын эсүүд хагарч, олон мянган шинэ вирус түүний эргэн тойрны бусад хорт хавдрын эсүүд рүү нэвтэрдэг. Үүнээс гадна дархлааны эсүүдийн хорт хавдрын эсрэг довтолгоог өдөөдөг аж. Ингэснээр дархлааны эсүүд болон вирус хорт хавдрын эсүүд рүү нэгэн зэрэг довтолсноор тэднийг устгадаг.

Эмнэл зүйн туршилтын эхний шатанд тус вирус хүний биед ямар нэг эрсдэл учруулах эсэхэд гол анхаарлаа хандуулах бол дараагийн шатны туршилтуудаар эмчилгээний тохиромжтой тун болон үргэлжлэх хугацааг тодорхойлох юм. Эдгээр туршилтууд амжилттай болбол бусад хорт хавдрын эсрэг эмчилгээний аргуудтай хавсруулан хэрэглэхэд үр дүн ямар байхыг ч тодорхойлох ажээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn