Ковидын дараах үнэрлэх мэдрэмжийг өвөрмөц эмчилгээгээр сэргээх нь

Ковид-19 өвчний үнэрлэх мэдрэмжээ алдах шалтгааныг судлаачид бүрэн ойлгож чадаагүй байна. Гэхдээ хүний цусны ялтас эс буюу тробоцитоор баялаг сийвэнг хамарт түрхэхэд гэмтсэн үнэрийн эсүүдийг нөхөн сэргээхэд тустай байгааг илрүүлжээ.
Ковидын дараах үнэрлэх мэдрэмжийг өвөрмөц эмчилгээгээр сэргээх нь

Ковид-19 өвчний хамгийн эртний бөгөөд хамгийн хачирхалтай шинж тэмдгүүдийн нэг нь үнэрлэх чадвараа алдах явдал байв. Үүнийг анагаах ухаанд аносми гэж нэрлэдэг бөгөөд хоол амтлах, эсрэг хүйстэндээ татагдах, бэлгийн үйл ажиллагаа зэрэгт саад учруулдаг тул амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг. Түүгээр ч зогсохгүй тухайн хүний аюулгүй байдалд ч хамааралтай асуудал юм. Учир нь бид утаа, хорт хий гэх мэт аюултай бодис амьсгалын замаар биед нэвтрэх, муудсан хоолыг ялгаж таних зэрэгт үнэрлэх мэдрэхүйгээ ашигладаг. Аносми удаан хугацаанд үргэлжлэх нь сэтгэцийн эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлж болзошгүй.

Аносми нь ковид-19 өвчний хамгийн нийтлэг төдийгүй халдварын эхэн үеийн шинж тэмдэг болдог. Зарим тохиолдолд халуурах, ханиалгахаас өмнө илэрдэг онцлогтой. Зарим хүмүүсийн биеэс вирус устгагдсаны дараа үнэрлэх мэдрэмж эргэн сэргэдэг бол зарим хүмүүсийн хувьд хэдэн сар, жилийн дараа ч сэргэхгүй байх тохиолдол бий.

Ийм зүйл тохиолдсон хүмүүсийн нэг нь Нью-Йорк хотын иргэн Нэнси Дамато бөгөөд тэрээр жил гаруйн өмнө үнэрлэх мэдрэмжээ алдсан ч эргэн сэргээгүй байна. Иймээс түүнд Филадельфийн Жефферсоны эрүүл мэндийн клиникийн эмч нар нэгэн өвөрмөц эмчилгээ хийхээр шийджээ. Түүний цуснаас ялган авсан тромбоцитоор баялаг сийвэнг хөвөнд шингээж хамрынх нь гүн рүү шургуулсан байна.

Ийм аргыг спортын осол гэмтлийн дараах нөхөн сэргээлтийг хурдасгахын тулд хэрэглэдэг бөгөөд хамрын хөндий дэх гэмтсэн үнэрлэх эсүүдийг нөхөн сэргээхэд тус болно гэж үзсэн байна. Тромбоцит гэмтсэн эд эсийн нөхөн сэргэлтийг хэрхэн сайжруулдаг нь бүрэн тодорхойгүй боловч тромбоцитоос ялгардаг бодисууд үүдэл эсийн ялгаралт, хөгжлийг дэмждэг гэж үздэг.

Судалгааны баг цар тахлаас ч өмнө энэ аргыг ижил асуудалтай 7 хүнд туршиж, үнэрлэх мэдрэхүйг тодорхой хэмжээгээр сэргээж чадсан туршлагатай байжээ. Нэнси Даматогийн үнэрлэх мэдрэмж ч эмчилгээний дараа аажмаар сэргэж эхэлсэн байна. Судалгааны баг цаашид эмчилгээг хэр олон давтамжтайгаар, хэдэн удаа хийх шаардлагатайг тодорхойлохын тулд илүү олон хүн дээр эмчилгээг турших шаардлагатай байна хэмээн үзжээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn