Хүүхэд хамгаалал: Нялхсын аюулгүй унтлагын тухай

АНУ-д Нялхсын аюулгүй унтлагын тухай хуулиар зарим бүтээгдэхүүнийг хориглолоо. Тус улсад жил бүр 3,500 орчим нялхас шалтгаан тодорхойгүй нялхсын гэнэтийн үхлийн хам шинж (“НГҮХШ”) болон аюултай унтах орчноос үүдэлтэйгээр энддэг гэсэн албан ёсны тоо баримт бий.
Хүүхэд хамгаалал: Нялхсын аюулгүй унтлагын тухай
@ Flickr

Бяцхан үрсийн аюулгүй байдал маш олон хүчин зүйлсээс хамаардаг бөгөөд эцэг эх, асран хамгаалагч та биднээс ямагт анхаарал, болгоомж, мэдлэг шаардаж байдаг.

Нялхсыг хуулиар хамгаалах нь

Дээр дурдсанчлан АНУ-д жил бүр олон нялхас 0-1 насандаа НГҮХШ болон унтах орчны аюулгүй байдлыг нь хангаагүйгээс энддэг. Энэ тал дээр мэргэжлийн байгууллагууд байнга судалгаа хийж, зөвлөмж боловсруулан олон нийтийг мэдээллээр хангаж, зарим шаардлагатай зохицуулалтыг хийснээр унтах орчноос үүдэлтэй нялхсын эндэгдэл буурчээ.

Тус улсад нялхсын аюулгүй унтлагатай холбоотой ажлууд эрчимтэй хийгдэж байгаагийн үр дүнд Нялхсын аюулгүй унтлагын тухай хуультай болоод байна. Нялхсын аюулгүй унтлагын зөвлөмж, зохицуулалтаар дэлхийд тэргүүлдэг тул орон орны эмч, мэргэжилтнүүд болон эцэг эхчүүд АНУ-ын албан ёсны эх сурвалжуудын бодлого, зөвлөгөөг дагаж, мөрддөг. Гол бодлого, зөвлөмжүүд нь 67,000 гаруй хүүхдийн эмч нарыг эгнээндээ нэгтгэсэн Америкийн хүүхдийн эмнэл зүйн академиас олон нийтэд хүрдэг бөгөөд энэ удаагийн хууль батлуулах ажилд ч тус академи чухал үүрэг гүйцэтгэжээ.

@ kidsindanger.org

Хуулийн төслийг 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр АНУ-ын Конгрессын гишүүн Тони Карденас танилцуулж, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Төлөөлөгчдийн танхимаар, 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Сенатын танхимаар тус тус баталж, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден гарын үсэг зурснаар хууль хүчин төгөлдөр болсон юм. Уг хуулийн дагуу нялхсыг налуу байрлалд унтуулах хэрэгсэл (inclined sleeper), орны зөөлөвч (crib bumper)-ийг тус улсад үйлдвэрлэх, худалдаалахыг хориглож буй юм. Өмнө нь уг хуулийг батлуулах ажил амжилтгүй болж байв. Хуулийг эндээс үзнэ үү.

Нялхас налуу байрлалд унтах үед тэдний амьсгалын зам хаагдах эрсдэлтэй. Хажууд нь насанд хүрэгчид харгалзаж байсан ч мэдэгдэхгүй унтаагаараа эндэх тохиолдол гардаг бол орны зөөлөвчийн хувьд бяцхан үрс түүнд бүтэх, орооцолдох, тээглэх, боогдох зэргээс эндэх нь бий тул эцэг эх, асран хамгаалагчдад мэдээлэл хүргэхээс гадна аюултай бүтээгдэхүүнүүдийг хориглосон нь илүү үр дүн авчрах болов уу.

Зах зээлд аливаа зохицуулалтгүй маш олон бүтээгдэхүүн худалдаалагддаг бөгөөд үйлдвэрлэгчид, худалдаачид борлуулалтаа өсгөх зорилгоор үргэлж “аюулгүй”, “чанартай”, “ийм, тийм зүйлд сайн” гэх мэтээр сурталчилдаг. Тэгвэл онцлон хориглосон налуу байрлалд хүүхэд унтуулах хэрэгслээс болж АНУ-д 97 хүүхэд, орны зөөлөвчтэй холбоотойгоор 113 хүүхэд эндсэн байна. Үүнд чиглэсэн хууль батлагдсан нь энэ бөгөөд мэргэжилтнүүд тус хуулийн үр дүнд олон нялхсын амийг аварна гэж үзэж байна.

www.thecapcenter.org
www.thecapcenter.org

Нялхсыг ямар байдлаар унтуулбал аюулгүй байдалд нь тустай вэ?

Америкийн хүүхдийн эмнэл зүйн академи болон бусад мэргэжлийн байгууллагуудаас 0-1 насны нялхсын хөгжил сул дорой байдагтай холбоотойгоор тэднийг НГҮХШ ба унтах орчны нөлөөгөөр эндэхээс сэргийлэх үүднээс ABC дүрмийг баримтлахыг эцэг эхчүүд, асран хамгаалагчдад зөвлөдөг.

Тодруулбал:

Alone (A) – Хүүхэд унтахдаа ганцаараа (хүүхэд, тоглоом, амьтан гэх мэттэй унтахгүй. Ихрүүдийг тус тусын оронд унтуулна) унтана.

Back (B) – Хүүхэд орондоо анх хэвтэхдээ ар нуруугаараа хэвтэж, унтах явцдаа өөрөө байрлалаа өөрчлөх нь аюулгүйд тооцогддог. Өөрөөр хэлбэл хүүхдээ хэвлий болон хажуу талаар нь оронд нь анх хэвтүүлэхгүй байх нь ээ.

Crib (C) – Нялхсыг зориулалтын, стандарт хангах, хатуу, тэгш гадаргуутай, аливаа сул дэр, хөнжил, тоглоом, зөөлөвч зэрэг зүйлс байхгүй, зөвхөн өөрийнх нь оронд (Монголчууд манеж гэж их ярьдаг) унтуулах юм. Өөрөөр хэлбэл саатуулагч, машины суудал (машинаас өөр битүү орчинд), тэргэнд (гэрт), томчуудын орон дээр унтуулах зэрэг нь амьсгалын зам хаагдах, бүтэлтэд өртөх зэрэг эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Энэхүү дүрмийг АНУ төдийгүй дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарч, тэдэнд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх хүсэлтэй эцэг эх, асран хамгаалагчид мөрддөг. Нялхсын аюулгүй унтлагын дүрмүүдийг хөгжилтэй улс орнуудад бодлогын түвшинд авч үзэж, төрөл бүрийн зөвлөмж, мэдээллээр иргэдээ ханган ажилладаг нь энэ юм.

Монгол Улсад энэ ойлголт шинэ тутам хэдий ч аюулгүй зөвлөмжүүдийг мөрдлөг болгохыг хичээдэг хүмүүс тодорхой хэмжээнд байдаг нь сайшаалтай. Та хэзээ нэгэн цагт “Хүүхэд хөхөндөө дарагдаад эндсэн гэнэлээ” гэх үгс сонсож байсан бол энэхүү дүрмийг зөв мөрдсөнөөр болзошгүй аюулыг чадах чинээгээрээ холдуулж, урьдчилан сэргийлэх боломжтой.

Монголд энэ талаар бодлогын баримт бичиг бий юу. Ямар зөвлөмж өгдөг вэ?

Миний судалж мэдсэнээр манай улсын хувьд одоогоор нялхсын аюулгүй унтлагын талаар тусдаа бие даасан, цогц бодлогын баримт бичиг хараахан батлагдаагүй байна.

Харин олон нийтэд нээлттэй мэдээллээс үзвэл 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/546 тоот Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан “Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс нэг хүртэлх насны хүүхдэд үзүүлэх гэрийн эргэлтийн журам”-д холбогдох нэгжийн эмч, ажилтнуудаас хийх хүүхэд төрснөөс хойших 24-72 цагийн гэрийн эргэлт, 2, 3, 4 дэх долоо хоногийн гэрийн эргэлт, 5-6, 7-8 долоо хоногийн гэрийн эргэлт, 3-4 сартайн гэрийн эргэлт, 5-6 сартай үеийн гэрийн эргэлт, 7-9 сартай үеийн гэрийн эргэлт, 10-12 сартай үеийн гэрийн эргэлт тус бүрийн асуумж, эцэг эх, асран хамгаалагчдад өгөх төрөл бүрийн зөвлөгөө, гэрийн эргэлтийн үнэлгээний хуудас зэргийг заасан байна.

Эргэлтийн үеэр эхэд өгөх зөвлөмжид “Аюулгүй байдал” гэх хэсэг байх ба энд нялхсын аюулгүй унтлагын талаар хэд хэдэн удаа дурдсан байна. Жишээлбэл, хүүхэд төрсний дараах 24-72 цагийн гэрийн эргэлтийн зөвлөмжид:

  • Орон дээр унтахад нь тусал;

  • Хүүхдийг аль болох тусад нь унтуулахыг эрмэлз, хамт унтахаас зайлсхий;

  • Аюулгүй байдлыг хангасан манеж дотор хэвтүүл (манежны хажуугийн хаалт нь доошилдоггүй, хөндлөвч хоорондын зай нь 6 см-ээс ихгүй байх) (Нийтлэлч: Энэ хэсэг орны стандарт шаардлага);

  • Хэрэв манежны хажуугийн хаалт дээш, доош гүйдэг бол дээш нь болгож байнга түгж (Нийтлэлч: Хүүхдүүд энддэг, гэмтдэг тул олон оронд ийм гүйдэг хашлагатай манежийг хорьдог);

  • Хүүхдийг хэвтэх, унтах газарт, манежинд жижиг дэр, зөөлөвч, тоглоом байлгаж болохгүй (Нийтлэлч: Энэ хэсэг стандарт шаардлага) гэх мэтээр эргэлт тус бүрээр зөвлөмж өгсөн байна. Илүү дэлгэрэнгүйг “Нялх үрсээ аюулгүй унтуулахад тусалъя” фэйсбүүк (Мета) группээс унших боломжтой.

Дээрх журмаас гадна эцэг эхчүүд, асран хамгаалагчдын “Ягаан дэвтэр” гэж нэрлэж заншсан “Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр”-ийн сүүлийн хувилбарт хүүхдээ хэрхэн зөв унтуулах талаар товч зөвлөсөн хэсэг нэмэгдэж орсон байна.

Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахалтай холбоотойгоор манай улсад сүүлийн жилүүдэд 0-1 хүртэлх насны нялхсын гэрийн эргэлтийн хүртээмж суларсан байхыг үгүйсгэхгүй. Энэ эргэлтийн давтамжийг сайжруулахад өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хүний нөөц гэх мэт олон асуудал хөндөгдөх ч цаашид энэ журмын хэрэгжилтийг хангах, чанар, хүртээмжийг нь нэмэгдүүлэх, нялхсын аюулгүй байдалд чиглэсэн мэдээлэл, зөвлөмжийн хүртээмж, үр дүнд холбогдох хүмүүс анхаарна гэдэгт найдаж байна.

Нялхсын аюулгүй унтлагатай холбоотой гадаадын албан ёсны эх сурвалжийн мэдээллийг Монгол хэл дээр унших боломж бий юу?

Байгаа. Дээр дурдсан “Нялх үрсээ аюулгүй унтуулахад тусалъя” фэйсбүүк группт үндсэн суурь ойлголтуудаас эхлэн нялхсын орыг хэрхэн сонгох, яаж хэрэглэх, аюулгүй өлгийдөх, өмсгөдөг хөнжил, хүүхэд унтах байрлал, унтлагад аюултай бүтээгдэхүүнүүд, нялхсын нойрны онцлог, соскны аюулгүй хэрэглээ, цагаан чимээний аюулгүй хэрэглээ, хүүхдийн дулааныг тохируулах гэх мэт хүүхэд аюулгүй унтахад шаардлагатай мэдээллүүдийг үнэ төлбөргүйгээр найдвартай эх сурвалжуудаас Монгол хэл дээр бэлтгэн хүргэдэг. Нийтлэлд дурдагдсан мэдээллээс тодруулах, асуух зүйлсийн хариултыг тухайн группээс олно гэдэгт эргэлзэхгүй байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn