Нийтийн эрүүл мэндийн боловсролыг орон даяар таниулъя

-Одоогийн байдлаар урьдчилан сэргийлэх үзлэгээр илэрсэн нийт өвчлөлийн 72.1% нь хоол боловсруулах тогтолцооны өвчин байна-
Нийтийн эрүүл мэндийн боловсролыг орон даяар таниулъя

Зөв хооллолт нь зөвхөн Завханы асуудал биш

Зөв хооллох, илүүдэл жингүй байх, эрүүл амьдралын хэв маягтай болох нь зөвхөн Завхан аймгийн асуудал биш юм. Энэ нь улсын хэмжээнд тулгарсан аюул болохыг эрүүл мэндийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоогоор илрээд буй өвчлөлийн тоо харуулж байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд УИХ-ын өнгөрсөн баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанд өгсөн танилцуулгадаа “Эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан иргэдээс одоогийн байдлаар өвчлөлийн 71,643 тохиолдол бүртгэгдсэнээс 51,711 буюу 72.1% нь хоол боловсруулах тогтолцооны өвчин, 7.5%-ийг дотоод шүүрлийн эмгэг, 5.2%-ийг амьсгалын тогтолцооны эмгэг, 2.9%-ийг зүрх судасны эмгэг эзэлж байна” гэв.

Эрүүл мэндийн эрт илрүүлэг 2022 оны 5 дугаар сарын 1-нээс эхэлсэн бөгөөд 6 дугаар сарын 9 буюу өнгөрсөн пүрэв гарагийн байдлаар улсын хэмжээнд нийт 170,778 хүн хамрагджээ. Үүний 46.2% нь эрэгтэйчүүд, 53.8% нь эмэгтэйчүүд байна. Тэдний 86,739 буюу 50.8% нь Улаанбаатарт, 84,040 хүн буюу 49.2% нь орон нутагт хамрагджээ.

Амьдралын зөв хэв маягийг орон даяар сурталчлан таниулах шаардлагатай болсон дохиог өгсөн дээрх тоон мэдээллийг тодруулбал, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэгт сар гаруйн хугацаанд улсын хэмжээнд нийт 170 гаруй мянган хүн хамрагдсаны дундаас 71 мянган өвчлөл илэрсэн бөгөөд нийт өвчлөлийн 72% нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг эзэлж байгаа нь санаа зовоосон асуудал болжээ гэсэн үг.

Монгол Улс ходоодны өвчлөлөөр дэлхийд 2-т эрэмбэлэгддэг байна. Монголд насанд хүрсэн 2 хүн тутмын 1 нь, мөн 3 хүүхэд тутмын 1 нь таргалалттай гэсэн статистик мэдээг Завханы төрийн албан хаагчдад илүүдэл жингүй болгох, зөв хооллолт, амьдралын сайн хэв маягийн сургалт авах хүсэлтээ илэрхийлээд буй УИХ-ын гишүүн Б.Баярсайхан хэлсэн юм.

Ходоодны өвчлөл нь буруу хооллолт, хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй гэдгийг мэргэжлийн эмч нар ярьж, мэдээлсээр байна. Эрүүл, идэвхтэй хэв маягтай амьдрахын тулд зөв хооллолтыг зөвхөн Завхан аймагт ч биш орон даяар таниулах, нөлөөлөх нь чухал болоод байгааг наргиа болгон хүлээж авахгүй бодит тоон мэдээлэлтэй харьцуулж үзэх нь зүйтэй болов уу.

Одоогийн хэрэгжүүлж буй эрт илрүүлэгт биеийн жингийн индекс үзэж, хоол зүйч эмч болон сэтгэлзүйч эмч нар дэмжин ажиллаж байгаа аж. Мөн нийтийн эрүүл мэндийн боловсролд далайцтай зүйл хийхээр салбарын яамнаас төлөвлөн ажиллаж байгаа гэнэ. Энэ талын ажлыг дэмжих сан гэж Эрүүл мэндийн яаманд байдаг. Тус сангаас нийтийн эрүүл мэндийн боловсролыг сурталчлах, нөлөөлөх ажлын санхүүжилт хийгддэг байна. Гэхдээ ганц аймгийн, ганц гишүүний асуудал болгохгүйгээр цаг алдалгүй нийтэд хандан сайтар ярьж, мэдээлж, сурталчилж, нөлөөлөхгүй бол аюул ойрхон иржээ.

Энэ асуудалд хандаж буй нэг хэсэг нь юу идэж уухаа өөрөө зохицуул, төрд хамаагүй гэж байхад нөгөө хэсэг нь төрийн оролцоо хэрэгтэй гэж үзэж байгаа юм. "Цаас чичихээс нааш цоорохгүй, хүн хэлэхээс нааш ойлгохгүй" гэдэг шиг хэлж ойлгуулах нь оновчтой арга болов уу.

Манай улс сүүлийн жилүүдэд урьдчилан сэргийлэх үзлэгийг Эрүүл мэндийн даатгалаар хийсээр байгаа. Гэвч иргэд маш хойрго ханддаг нь жилээс жилд үзлэгт хамрагдах хүний тоо багассан дүн харуулж байна. 2019 онд л гэхэд эрт илрүүлэгт 160 мянган хүн хамрагдаж, Эрүүл мэндийн даатгалын сангаас 8.8 тэрбум төгрөг зарцуулжээ. Мөн 2021 онд 96 мянган хүн хамрагдаж, 4.4 тэрбум зарцуулсан нь эрт илрүүлэгт хамрагдах сонирхол бага байгаагийн илрэл гэдгийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хэлж байв.

Иймд 2022 оны 5 дугаар сарын 1-нээс хэрэгжиж буй урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт төрөөс 60.8 тэрбум төгрөг төсөвлөж, нийт иргэдийг хамрагдахыг урьж байгаа билээ.

Дэлхийг хамарсан ковидын дараах эрт илрүүлгийг илүү оновчтой, чанартай хийх ёстой гэж тал бүрээс сануулсаар буй. Цар тахлын дараах эрт илрүүлгийн дүнд ямар судалгаа гарах бол гэсэн хүлээлт энэ салбарт бий. Иймд иргэд ажил, амьдралаа зохицуулж идэвхтэй хамрагдаж бүтэн биеэ оношлуулж авах нь чухал юм. Эрт илрүүлэгт үзүүлж, шинжилгээ, оношилгоо хийлгэхэд 2-5 хоног зарцуулж буй учраас ажлынхаа хажуугаар амжихгүй гэх шалтгаанаар хойш суудаг хэсэг ч бий.

Хавдар үүсгэгч гол хүчин зүйл хүнсний бүтээгдэхүүн, түүний баглаа боодол

С.Энхболд

Одоогийн байдлаар эрт илрүүлэгт хамрагдсан нийт 170,778 хүнээс 70 гаруй хүнд хорт хавдар оношлогдсон байна. Мөн жилдээ манай улсад 120-130 хорт хавдартай хүүхэд оношлогддог аж. Энэ нь олон янзын шалтгаантай боловч дийлэнх нөлөөлж буй хүчин зүйл нь хүнсний бүтээгдэхүүн, түүний баглаа боодол байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэв. Эдийн засаг хөгжихийн хэрээр нийгмээ даган аль ч улсад хавдрын тохиолдол нэмэгддэг байна. Үүний дийлэнх нь хүнсний бүтээгдэхүүн, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл юм.

Зөв хооллох, эрүүл идэвхтэй амьдрах талаар мэргэжлийн эмч нар байнга ярьж, зөвлөсөөр байдаг. Үүнээс хамгийн наад захын энгийн зөвлөгөөг иргэдэд таниулж хэвшүүлэх нь ч нийгмийн сүлжээний нэг үүрэг гэж болох юм. Олон нийтийн мэдэж болох наад захын зөвлөгөө бол, хоол идсэн даруйдаа хэвтэхгүй байх, халуунаар нь ууж идэхгүй байх, хэтэрхий өөх тостой, хайрч хуурсан хоолноос зайлсхийх, давс чихрээ багасгах, хоносон хоол иддэггүй байх зэрэгт суралцмаар байна. Эдгээрээс үүдсэн ходоодны өвчлөл, түүнийг дагасан цөс, нойр булчирхайн өвчлөлөөр олон мянган хүн Монголд шаналж байгаа. Ходоодны эмийг хоолноосоо ч их хэмжээгээр уудаг хүмүүс олон бий. Иймд ходоодны дуранд жилд 2 удаа хамрагдах шаардлагатай гэж мэргэжлийн эмч нар байнга ярьж сануулсаар л байна.

Ходоод, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөлөөр дэлхийд 2-т, эрт илрүүлгээр хамгийн өндөр хувиар илэрч байгаа нь бидний идэж, ууж буй зүйлтэй нэн хамаатай. Яг одоо хүнсний аюулгүй байдал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд хүртэл яригдаж байгаа билээ.

Ийнхүү нийтийн эрүүл мэндийн боловсролд зөв хооллолт, илүүдэл жингүй байх, аюулгүй баталгаат хүнс хэрэглэх талаар сургаж таниулах шаардлага тулгарсныг эрт илрүүлгээр илэрсэн өвчлөлийн тоо анхааруулж байна. Ковидын дараах эрт илрүүлэг нь монголчуудын эрүүл мэндийн байдал хэрхэн өөрчлөгдсөн бэ гэдгийг судалж тогтоох маш том ажил юм. Үүнд хүн бүр хамрагдах шаардлагатай бөгөөд эрүүл мэндийн салбар хэнийг ч орхигдуулахгүй байх дэлхийн жишгийг дагаж байна. Хэрэв та төрийнхөө урилгыг хүлээн авч мэргэжлийн эмчид аль болох эрт үзүүлж, өвчин зовууриа оношлуулж, эмчилж чадвал үр дүнд нь нийт хүн амын дундаж наслалт нэмэгдэнэ. Амьдралын чанар ч сайжрах сайн талтай юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn