Зүрхний эсийг нөхөн сэргээх эмчилгээний шинэ арга бий боллоо

Эрдэмтэд зүрхний эсийн хуваагдалд оролцдог тусгай уургуудын хослолоор хулганын зүрхний эсийг бүрэн нөхөн сэргээж чаджээ. Энэ эмчилгээ хүний зүрхний эсэд ижилхэн үйлчлэх боломжтой бөгөөд цаашид зүрхний дутагдлыг эмчлэхэд өндөр ирээдүйтэй.
Зүрхний эсийг нөхөн сэргээх эмчилгээний шинэ арга бий боллоо

Зүрх биеийн бусад эрхтэн рүү хангалттай хэмжээний цус шахаж чадахгүй болохыг зүрхний дутагдал гэдэг. Дэлхий дахинд 26 сая орчим зүрхний дутагдалтай хүн амьдарч байгаа бөгөөд архаг явцтай, тавилан муу учир уг өвчний эмчилгээнд ихээхэн хөрөнгө зарцуулагддаг. 2012 онд хийсэн тооцоогоор зөвхөн АНУ-д л гэхэд зүрхний дутагдалтай хүмүүсийн эмчилгээнд 30.7 тэрбум ам.доллар зарцуулдаг ажээ.

Хүний биеийн ихэнх эсүүд төрснөөс хойш тасралтгүй хуваагдсаар байдаг бол зүрхний булчингийн эсүүд хуваагдахаа больдог. Хүүхдийн бие томрох тусам өмнө нь үүссэн эсүүд хэмжээгээ нэмэгдүүлэх замаар зүрх томордог бөгөөд хүний үлдсэн амьдралын туршид маш цөөхөн шинэ эс үүсдэг юм. Иймээс зүрхний шигдээс, цусны даралт ихсэх өвчин, титэм судасны өвчин зэргийн улмаас агшиж, сулрах замаар цусыг шахахад гол үүрэг гүйцэтгэдэг зүрхний кардиомиоцит эсүүд үхэж, тоо хэт цөөрснөөс зүрхний дутагдал үүснэ. Эдгээр өвчнүүдээс үүдэлтэй эсийн гэмтлийг одоог хүртэл нөхөн сэргээх чадамжгүй байгаа учир зүрхний дутагдлыг бүтэн эмчлэх боломжгүй байв.

Зүрхний дутагдлыг төгс эмчлэх цорын ганц арга нь зүрх шилжүүлэн суулгах мэс заслын арга боловч донорын олдоц хязгаарлагдмал, олдсон донорын ар гэр татгалзах магадлал өндөр, өртөг зардал ихтэй байдаг нь сая сая хүмүүст энэ аргыг хэрэглэх боломжийг хязгаарладаг. Үүний хажуугаар үүдэл эсээс лабораторид ургуулсан кардиомиоцитыг ашиглан зүрхний эсүүдийг нөхөн сэргээх оролдлого хийсээр байгаа боловч урт хугацааны үр дүнд хүрээгүй байна.

Иймээс кардиомиоцитыг засах арга замыг хайж олох нь зүрхний дутагдал болон бусад зүрх судасны эмгэгтэй хүмүүсийн амь насыг аврах, амьдралын чанарыг сайжруулах чухал ач холбогдолтой юм. Тэгвэл саяхан Хьюстоны Их Сургуулийн Биологи, биохимийн тэнхимийн профессор Роберт Шварц тэргүүтэй судлаачид хулгана дээр зүрхний шигдээсний дараа кардиомиоцитыг нөхөн сэргээх шинэ технологи бүтээснээ танилцуулсан байна.

Маш цөөн тоогоор үүсдэг зүрхний шинэ эсийг бий болгоход ийлдсийн хариу урвалын хүчин зүйл (serum response factor - SRF) хэмээх тусгай уураг гол үүрэг гүйцэтгэдэг. Тэд энэхүү уургийн нэг хувилбар болох YAP1-ийг зүрхний эсэд агуулагддаг YAP-5S-тэй хамт ашиглан зүрхний эсийг нөхөн сэргээж болно гэж үзжээ. Үүнийг нотлохын тулд зохиомлоор зүрхний шигдээс үүсгэсэн хулганын зүрхэнд эдгээр уургуудыг шууд тарьсан байна.

Туршилтын үр дүнд насанд хүрсэн, зүрхний шигдээстэй хулганын зүүн ховдолд бэлдмэлийг тарьснаас хойш нэг өдрийн дотор кардиомиоцитын бөөм 17 дахин ихэсжээ. Зүрхний булчингийн эс бүр нэг бөөмтэй, үр хөврөлийн хөгжлийн шатанд ялгаран хөгжиж буй зүрхний эс 2-3 бөөмтэй байж болдгийг харгалзан үзвэл энэ нь зүрхэнд агуулагдах кардиомиоцитын тоо хамгийн багадаа 5 дахин ихэссэн болохыг илтгэж байгаа юм. Улмаар хулганын зүрх нэг сарын дотор бараг бүрэн эдгэрч, шинээр үүссэн эсүүд зүрхний үйл ажиллагаанд хэвийн оролцож эхэлсэн ба шигдээсний дараа зүрх сорви багатайгаар нөхөн сэргэснийг онцгойлон тэмдэглэсэн байна

Судалгааны баг SRF болон YAP-5SA-г кодолдог РНХ-ийн энэхүү хослолыг хүний ​​зүрхний эсэд хулганынхтай ижилхэн үйлчлэх боломжтой бөгөөд цаашид зүрхний дутагдлыг эмчлэх маш ирээдүйтэй арга гэж дүгнэжээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn