Жин хасах шинэ эм “рекорд” эвдлээ

Илүүдэл жинтэй хүмүүсийн биеийн жинг бууруулах нөлөөтэй шинэ эмийн тураах нөлөө жин хасах эмийн бодисын дээд амжилтыг тогтоожээ. Туршилтын үр дүнд мэс заслын аргаар турахтай бараг ижил хэмжээний үзүүлэлт гарсан байна.
Жин хасах шинэ эм “рекорд” эвдлээ

Америкийн эм үйлдвэрлэгч Eli Lilly and Company тирзепатид нэртэй бэлдмэл бүтээжээ. Долоо хоногт нэг удаа ашиглах уг эм инкретин хэмээх байгалийн даавартай ижил үйлдэл үзүүлэх замаар жингээ хасахад тусалдаг байна. Инкретин нь хоол боловсруулалттай холбоотой бодисын солилцоог зохицуулахаас гадна хоол идсэний дараах үеийн цусан дахь сахрын хэмжээг бууруулдаг даавар юм.

Тирзепатид нь инкретины хувилбарууд болох GLP-1 (глюкагон төст пептид-1) ба GIP (глюкоз хамааралт инсулинотроп полипептид) гэж нэрлэгддэг хоёр төрлийн бодисыг агуулдаг. GLP-1-г 2021 онд АНУ-ын Хүнс, эмийн аюулгүй байдлын хорооноос жин хасах эм болгон хэрэглэхийг зөвшөөрсөн бол чихрийн шижингийн эсрэг хэрэглэхийг дэлхийн хэд хэдэн улсад зөвшөөрөөд байсан юм.

Тус эмийн 3 дугаар шатны эмнэл зүйн туршилтад 2,539 хүн хамрагдсан ба тэднийг 4 бүлэг болгон санамсаргүйгээр хувааж бүлэг тус бүрд 0, 5, 10, 15 мг хэмжээгээр тирзепатид агуулсан бэлдмэлийг 72 сарын хугацаанд уулгасан байна. Үүний үр дүнд хамгийн өндөр тунгаар буюу 15 мг хэмжээгээр уусан хүмүүс дунджаар биеийн жингийн 22.5%-ийг (24 кг) хаясан бол 10 мг тунгаар уусан хүмүүсийн биеийн жин 21.4%-аар (22 кг), 5 мг тунгаар уусан хүмүүсийн биеийн жин 16%-аар (16 кг ) буурчээ.

Биеийн жингийн 20%-ийг эмийн бодис ашиглан бууруулсан энэхүү үзүүлэлт өмнө нь хэрэглэгдэж байсан эмүүдээс хамгийн дээд үзүүлэлт тогтоож байна. Нийт 72 сарын дотор зөвхөн мэс заслын аргаар л ийм хэмжээний жинг бууруулах боломжтой байсан юм.

Эмнэл зүйн 3 дугаар шатны эцсийн үр дүн 2023 оны эхээр гарах бөгөөд энэхүү судалгааны үр дүнд үндэслэн хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой эсэхийг шийднэ. Тус бэлдмэл таргалалт болон чихрийн шижингийн эмчилгээнд томоохон өөрчлөлтийг авчрах болно гэсэн хүлээлт үүсгээд байна.

Эх сурвалж: Science Alert

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn