Дууны долгионоор элэгний хорт хавдрыг устгалаа

Өвчтөнд ямар нэг эрсдэл учруулахгүйгээр элэгний хорт хавдрын эсийг устах боломжтой нь туршилтаар нотлогдсон байна. Судалгааны баг хэт авиан дууны долгионыг элэгний хавдартай хэсэгт ашигласнаар хавдрын нийт эзлэхүүний 75 хүртэлх хувийг устгаж чаджээ.
Дууны долгионоор элэгний хорт хавдрыг устгалаа

Мичиганы Их Сургуулийн судлаачдын хөгжүүлж, эмнэл зүйн практикт анхлан нэвтрүүлж буй нэгэн шинэ технологи хорт хавдрын эмчилгээний үр нөлөөг сайжруулахад ихээхэн найдлага төрүүлж байна. Үүний тулд тэд хэт авиа буюу хүний чихэнд сонсогдох боломжгүй дууны долгионыг ашиглажээ.

Ийм төрлийн дууны долгионыг анагаах ухаанд хэт авиан шинжилгээ буюу дотор эрхтнүүдийн бүтэц, үйл ажиллагааг дүрслэн харах оношилгоо болон өөхний эсийг задлах замаар тураах эмчилгээний арга болгон ашигладаг. Хорт хавдрын эмчилгээнд хэт авиан кавитаци буюу эсийг задалдаг шинж чанарыг нь ашигласан байна. Үүнийг гистотрипси гэж нэрлэдэг.

Хэт авиан дууны долгионыг хорт хавдартай хэсэг рүү чиглүүлэх үед үүссэн чичиргээ нь эдийн дотор жижиг хэмжээний бөмбөлөг үүсгэдэг. Дараа нь бөмбөлөг хагарах үед тухайн хэсгийн эд эс эвдэрч гэмтэнэ. Хэрэв хавдрын эсийн орчимд ийм бөмбөлөг үүсэж хагарвал хавдрын эс ч хагарч устана гэсэн үг.

Гистотрипси нь инвазив бус буюу өвчтөнд (арьс салстыг гэмтээх гэх мэт) ямар нэг эрсдэл учруулахгүйгээр элэгний хорт хавдрын эсийг устах боломжтой нь хулгана дээр хийсэн туршилтаар нотлогдсон байна. Судалгааны баг хэт авиан дууны долгионыг элэгний хавдартай хэсэгт ашигласнаар хавдрын нийт эзлэхүүний 75 хүртэлх хувийг устгаж чаджээ. Мөн энэхүү эмчилгээ нь хулганын дархлааны системийг өдөөснөөр дархлааны систем хорт хавдрын үлдсэн хэсгийг устгасан аж.

Үүний үр дүнд туршилтад оруулсан 22 хулганын 80%-д нь хорт хавдар бүрэн устсан бөгөөд гурван сарын хугацаанд ямар нэг үсэрхийлэл, дахилтын шинж тэмдэг илрээгүй байна. Үүнээс үзвэл тус аргыг хорт хавдрын хэмжээг бууруулах, үсэрхийлэл, дахилтаас сэргийлэх үр дүнтэй болохыг илтгэж байгаа бөгөөд дараагийн шатны судалгаанууд нь эмчилгээний аюулгүй байдал, эмчилгээний найдвартай байдал, эмнэлгийн практикт хэрэглэх боломж зэргийг тодорхойлох болно.

Эх сурвалж: Cancers

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn