Байгалийн гэрлийн мөчлөг чихрийн шижингийн эрсдэлд нөлөөлдөг

Байгалийн нарны гэрлийн мөчлөг буюу өдрийн тод гэрэлд 10 цаг, үдшийн бүдэг гэрэлд 5 цаг байж үлдсэн цагт нь унтах нь бодисын солилцооны үзүүлэлтүүд болон нойрны чанарыг сайжруулж байна.
Байгалийн гэрлийн мөчлөг чихрийн шижингийн эрсдэлд нөлөөлдөг

Зарим үед ямар ч гэрэл чийдэнгүй хөдөө, амралт аяллаар явах үед илүү бат бөх унтаж, илүү сайн амарсан мэт санагддаг уу? Тэгвэл байгалийн нарны гэрлийн мөчлөг алдагдах буюу шөнийн цагаар хэт тод гэрэлтэй орчинд байх нь бидний бодисын солилцоонд хүчтэй нөлөөлж, “инсулины дөжрөл” буюу чихрийн шижин үүсэхэд нөлөөлж болохыг тогтоосон байна.

Бидний биед байгалийн цаг ажиллаж байдаг бөгөөд үүнд нарны гэрэл хамгийн гол нөлөө үзүүлдэг. Гадаа нар мандаж гэрэлтэй болох үед бид нойрноосоо сэрдэг. Нүд гэрлийг мэдрэх үед биологийн сэрүүлэг нь бие махбод ажиллаж эхлэх цаг болсон тухай дохиог тархи болон даавруудаар дамжуулан элэг, булчин гэх мэт биеийн бусад хэсгүүдэд дохио дамжуулснаар хооллох, хоол боловсруулах үйл ажиллагааг идэвхжүүлдэг.

Нидерландын Маастрихтын их сургуулийн Анагаах ухааны төвийн судлаачид зохиомол гэрэлд хэт их өртөх нь (шөнө, оройн цагаар) инсулины дөжрөл үүсэхэд нөлөөлдөг гэсэн таамаглал дэвшүүлжээ. Өөрөөр хэлбэл, бид шөнийн цагаар ч нар өндөрт хөөрсөн мэт хурц гэрэлтэй орчинд байсаар байх нь биеийн биологийн цаг хэвийн ажиллах боломжийг хязгаарласнаар энэ нь бодисын солилцоог хямрааж байна гэж үзжээ.

Энэхүү таамаглалаа батлахын тулд судалгаанд оролцогчдыг хоёр хэсэгт хувааж, нэг хэсгийг нь өдрийн тод гэрэлд 10 цаг, үдшийн бүдэг гэрэлд 5 цаг байлгаж үлдсэн цагт нь унтуулсан байна. Үүнийг тэд хэвийн гэрлийн хэмнэл гэж үзжээ. Харин бусад хүмүүсийг нь өдрийн цагаар 10 цагийн турш бүдэг гэрэлд байлгаж, унтахын өмнө 5 цаг тод гэрэлтэй орчинд байлгасан байна үүнийг хэвийн бус гэрлийн хэмнэл гэж нэрлэжээ.

Судалгааны үр дүнгээс үзвэл хэвийн бус хэмнэлтэй хүмүүст нойрны даавар болох мелатонины хэмжээ эрс буурсан байна. Энэ нь нойргүйдлийн шалтгаан болов. Тэдний хувьд оройн цагаар бодисын солилцоо нь удааширч байв. Харин хэвийн хэмнэлтэй хүмүүст оройн хоолны өмнө цусны глюкоз доод хэмжээндээ хүрч, оройн цагаар бодисын солилцоо эрчимтэй явагдаж байсан ба шөнийн цагаар мелатонин их хэмжээгээр нэмэгдэж, сайн унтсан байна.

Энэ нь хүмүүсийн гэрэлд өртөх хугацаа, хэмнэл нь байгалийн нарны гэрлийн хэмнэлээс ялгаатай байх нь бодисын солилцоо алдагдах, нэг өдөрт зарцуулах энергийн хэмжээ өөрчлөгдөх, нойргүйдэх, цаашлаад инсулины дөжрөл буюу чихрийн шижин үүсэхэд нөлөөлж болохыг илтгэж байна.

Эх сурвалж: Diabetologia

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn