Ковидын вакцины технологийг шигдээсний дараа зүрхний эсийг нөхөн сэргээхэд хэрэглэнэ

Хүний зүрхтэй маш төстэй гахайн зүрхэн дээр хийсэн туршилтын үр дүнд мРНХ эмчилгээ нь зүрхний шигдээсний дараа зүрхний шинэ эсүүдийг ургуулж, гэмтсэн эдийг нөхөн сэргээж, сорви биш харин шинэ, үйл ажиллагаа явуулах чадвартай булчинг бий болгосон. Өмнө нь хулгана, харх дээр хийсэн туршилтаар ч ижил төстэй үр дүн гарч байсан юм.
Ковидын вакцины технологийг шигдээсний дараа зүрхний эсийг нөхөн сэргээхэд хэрэглэнэ
ParkView Health

Зүрх судасны өвчин нь дэлхий даяар нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог. ДЭМБ-ын тооцоолсноор жилд 18 сая орчим хүн зүрх судасны өвчнөөр нас бардаг бөгөөд энэ нь нийт нас баралтын гуравны нэгийг эзэлж байгаа юм. Зүрх судасны өвчний шалтгаант нас баралтын 85% нь зүрхний шигдээс, цус харвалттай холбоотой байдаг.

Зүрхний шигдээс нь ихэвчлэн өөх тос, холестерины судасны хананд хуримтлагдсанаас зүрхийг тэжээдэг титэм бусад бүхэлдээ болон хэсэгчлэн хаагдсанаас үүсдэг. Үүний улмаас зүрхний булчингийн эсүүд тэжээлгүй болж үхэждэг. Бид бүгд зүрхэндээ тодорхой тооны булчингийн эсүүдтэй төрдөг бөгөөд тэдгээр эсүүд нь биднийг үхэх хүртэл тасралтгүй ажиллах чадвартай байдаг. Иймээс зүрхний шигдээсний дараа үхсэн эсүүд эргэн сэргэх боломжгүй юм. Ихэнх тохиолдолд үхсэн булчингийн эсүүд сорвиор солигддог.

Сорви нь зүрхний үйл ажиллагааг доройтуулж, тодорхой хугацааны дараа зүрхний дутагдалд орох эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймээс судлаачид шигдээсний дараа зүрхний булчинг сорвижуулахгүйгээр, зүрхний булчингийн эсүүдийг эргэн сэргээх аргыг олон жилийн турш хайж байгаа юм.

Лондоны Кингс коллежийн судлаачид зүрхний шигдээсний эмчилгээнд мРНХ-г ашиглах туршилтыг олон жилийн өмнө эхлүүлжээ. Тэд шигдээсний дараа зүрхний булчингийн эс ямар ямар уургийг нийлэгжүүлэх шаардлагатай талаарх зааварчилгааг агуулсан мРНХ-ыг зүрхний булчинд хүргэвэл үхэжсэн эсүүд эргэн сэргэх боломжтойг тодорхойлжээ. Гэхдээ мРНХ-ыг нь маш амархан задардаг тул түүнийг зүрхний булчинд аюулгүй хүргэх нь хамгийн том сорилт болоод байгаа юм.

Тэд өмнө нь Ковид-19 өвчний эсрэг хэрэглэгдэж байгаа Оксфордын АстраЗенека вакцинтай ижил вирусийн вектор ашиглан мРНХ-г зүрхний булчинд хүргэснээр шигдээсний дараа зүрхний булчингийн шинэ эсүүдийг үүсгэх аргыг гахайн дээр амжилттай туршиж байсан юм.

Ковид-19 цар тахлын нөлөөгөөр мРНХ-д суурилсан вакциныг эмнэлгийн практикт амжилттай ашиглах боломж бүрдсэнээр энэ удаад Файзер болон Модерна вакцинуудын ашигласан липидийн нано бөмбөлгийг зүрхний эдэд мРНХ-г хүргэхэд хэрэглэснээр эмчилгээний үр дүн ч мэдэгдэхүйц сайжирсан байна.

Хүний зүрхтэй маш төстэй гахайн зүрхэн дээр хийсэн туршилтын үр дүнд мРНХ эмчилгээ нь зүрхний шигдээсний дараа зүрхний шинэ эсүүдийг ургуулж, гэмтсэн эдийг нөхөн сэргээж, сорви биш харин шинэ, үйл ажиллагаа явуулах чадвартай булчинг бий болгосон. Өмнө нь хулгана, харх дээр хийсэн туршилтаар ч ижил төстэй үр дүн гарч байсан юм. Тэд тун удахгүй энэ туршилтыг хүний биед хийхээр ажиллаж байгаа бөгөөд шигдээсний дараа зүрхний эсийг нөхөн сэргээх мөрөөдөл тун удахгүй биелнэ гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгджээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn