Зүрх судасны өвчний тухай 10 буруу ойлголт

Зүрхний судасны өвчин нь дэлхийд нас баралтын 1-р шалтгаан болдог бөгөөд жил бүр 18 сая хүн зүрхний өвчнөөр нас бардаг. АНУ-д 36 секунд тутамд 1 хүн зүрхний өвчнөөр нас бардаг. Монгол Улсад жилд 6,000 хүн зүрхний өвчнөөр нас бардаг бөгөөд мөн л нас баралтын тэргүүлэх шалтгаан юм. Энэхүү нийтлэлд зүрх судасны өвчний тухай буруу ойлголтуудыг залруулан хүргэж байна.
Зүрх судасны өвчний тухай 10 буруу ойлголт

1. Залуучууд зүрхний өвчнөөр өвддөггүй

Зүрхний өвчин нь 65-аас дээш насны хүмүүст илүү олон тохиолддог нь үнэн боловч залуу хүмүүст зүрх судасны өвчин цөөнгүй тохиолддог төдийгүй сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Жишээ нь, зүрхний шигдээсний 4-10% нь 45-аас доош насны эрэгтэйчүүдэд тохиолддог. Түүнчлэн хүмүүсийн ирээдүйд зүрх судасны өвчнөөр өвдөх суурь нь хүүхэд, өсвөр үе, залуу насанд бүрэлдэж бий болдог. Жишээ нь, транс болон ханасан өөх тос их идэх, тамхи татах зэрэг нь нас ахих тусам зүрхний өвчнөөр өвдөх эрсдэлийг аажмаар нэмэгдүүлж байдаг.

АНУ-д хийгдсэн судалгаагаар янз бүрийн насны бүлгүүдийн дундах зүрхний судасны өвчний шалтгаант нас баралтыг судалж үзэхэд 35-64 насны хүмүүсийн зүрхний өвчний шалтгаантай нас баралт 2010-2015 он хүртэл 5 жилийн хугацаанд 50%-аар нэмэгдсэн байжээ.

2. Зүрхний өвчтэй хүмүүс дасгал хөдөлгөөн хийж болохгүй

Энэ бол цуу яриа төдий ойлголт юм. Дасгал хөдөлгөөн нь зүрхний булчингийн ажиллах чадварыг нэмэгдүүлж, бүх биеийн цусны эргэлтийг сайжруулдаг.

2020 оны 8 дугаар сард Европын зүрх судасны нийгэмлэгээс зүрх судасны өвчтэй хүмүүст хэрхэн дасгал хөдөлгөөн хийх тухай удирдамжийг танилцуулж байв. Тус удирдамжид зүрхний өвчтэй хүмүүс дасгал хийснээр шалтгаалан гэнэт зүрх зогсох эсвэл зүрхний шигдээс үүсэх магадлал маш бага байдаг боловч өмнө нь ямар нэг дасгал хийж байгаагүй, зүрх судасны архаг өвчтэй хүмүүс спортоор хичээллэхээсээ өмнө эмчтэйгээ сайтар зөвлөлдөх, дасгалын ачааллыг багаас аажмаар нэмэгдүүлэх хэрэгтэй гэж заасан байдаг.

3. Холестерин бууруулах эм ууж байгаа учраас юу дуртайгаа идэж болно

Цусны өөх тосыг бууруулах замаар зүрхний эрүүл мэндийг дэмждэг эмүүд (Жишээ нь статин) бий. Гэхдээ таны ийм эм хэрэглэж байгаа нь ханасан өөх тосыг идэж болно гэсэн үг биш юм. Холестерол бидний идэж буй хоол хүнснээс эвсэл элгэнд үүсдэг. Цусны өөх тосыг бууруулах эмүүд нь элгэнд холестерол үүсэх үйл явцыг дарангуйлдаг. Иймээс хоол хүнсээр авсан холестерол нь шууд цусанд орж, зүрхэнд муугаар нөлөөлнө гэсэн үг юм.

4. Манай гэр бүлийнхэн зүрхний өвчнөөр өвдөж, нас барцгаасан тул надад ч ижил зүйл тохиолдоно. Үүнийг зогсоохын тулд би юу ч хийж чадахгүй

Хэрэв ойр дотнын хүмүүс зүрхний өвчнөөр өвчилсөн бол энэ нь таны хувьд ийм эрсдэл бусад хүмүүсээс илүү их гэдгийг илтгэж байдаг. Гэхдээ энэхүү эрсдэлийг бууруулах хэд хэдэн арга бий. Үүнд эрүүл хооллолт, тамхи татахаас татгалзах, цусны даралтыг тогтмол хянах, тогтмол дасгал хөдөлгөөн хийх зэрэг орно.

Хамт амьдардаг, гэр бүлийн хүмүүс зүрхний эмгэгт өртөх магадлал ижилхэн өндөр байдаг нь төрөлхийн буюу генетикийн шалтгаантайгаар зүрх судасны өвчинд өртөмтгий гэсэн үг биш гэдгийг сайтар ойлгох ёстой. Гэр бүлийн гишүүдийн хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн зэрэг амьдралын хэв маягийн хүчин зүйлс нь ижилхэн байх хандлагатай байдаг нь зүрхний өвчний эрсдэлийг ижилхэн нэмэгдүүлдэг. Иймээс таны эцэг эх зүрхний өвчнөөр өвдсөн ч амьдралын хэв маягаа эрүүл болгосноор өөрийгөө хамгаалах бүрэн боломжтой юм.

5. Витамин уувал зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлж болно

Ихэнх витаминууд зүрхний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй ч нэмэлт витамин хэрэглэх нь зүрхний өвчин тусах эрсдэлийг бууруулдаг гэсэн нотолгоо одоогоор байхгүй байна. Мөн ямар ч витамин дангаараа эрүүл хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөнийг орлож чадахгүй.

Жишээ нь, 2018 онд Албамагийн их сургуулийн эрдэмтэд олон төрлийн амин дэм, эрдсийн бэлдмэлүүд болон зүрхний титэм судасны өвчин, цус харвалт зэрэг зүрх судасны өвчнүүдийн хоорондын хамаарлыг судлаад эдгээр амин дэм, эрдэс бодисыг нэмэлтээр хэрэглэх нь нийт хүн амын зүрх судасны эрүүл мэндийг сайжруулдаггүй гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, хэрэв эмч танд витамин, эрдсийг нэмэлтээр хэрэглэхийг зөвлөсөн бол энэ нь зүрх, судасны өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд биш, өөр шалтгаантай гэсэн үг юм.

6. Би олон жил тамхи татсан, одоо болиод ч нэмэргүй биз ээ

Энэ бол зөвхөн таны тамхинаас гарахыг хүсэхгүй байгааг илэрхийлж буй хувийн бодол юм. Тамхи татах нь зүрхний өвчний гол шалтгаан юм. Хүн тамхи татахаа больсон даруйд л зүрхэнд сайнаар нөлөөлж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, та хэдэн настай, хэр удаан тамхи татсан нь хамаагүй, тамхинаас хэзээ нэгэн цагт гарах нь таны эрүүл мэндийг тамхи татаж байсан үеэс илүү сайжруулдаг. Тамхинаас гарснаар зүрхний шигдээс, цус харвах эрсдэл буурч, цусны эргэлт сайжирч, амьдрах хугацаа хэдэн жилээр нэмэгдэж, илүү хялбар амьсгалж, илүү эрч хүчтэй болж, мөнгөө ч хэмнэх боломжтой болно.

7. Зүрхний өвчин зөвхөн эрчүүдэд аюултай

Зүрхний өвчин нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст өөр өөрөөр нөлөөлдөг хэмээх ойлголт бол тун буруу. Статистик мэдээлэл авч үзвэл эрэгтэйчүүдийн зүрх судасны өвчний шалтгаант нас баралт эмэгтэйчүүдийнхээс бага зэрэг илүү байдаг ч эмэгтэйчүүд өвддөггүй гэсэн үг огт биш. Жишээ нь, АНУ-д зүрх судасны өвчний нас баралт эрэгтэйчүүдэд 24.2%, эмэгтэйчүүдэд 21.8% байдаг бөгөөд аль аль нь тус улсын нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог. Монголд ч үүнтэй тун төстэй зүй тогтол ажиглагддаг.

Харин хүйсийн хувьд зүрх судасны өвчнүүд хоорондоо бага зэрэг ялгаатай байдаг. Жишээ нь, эрчүүд зүрхний титэм судасны өвчнөөр өвчлөх, нас барах эрсдэл илүү байдаг бол эмэгтэйчүүдэд тархины цус харвалт илүү тохиолддог. Гэвч эдгээрийн аль аль нь амьдралын хэв маягаас хамаарсан зүрх судас, цусны эргэлттэй холбоотой эмгэгүүд юм.

8. Зүрх зогсох болон зүрхний шигдээс ижилхэн

Эдгээр нь ижил зүйл биш юм. Зүрхний шигдээс бол цусны эргэлтийн асуудал юм. Энэ нь зүрхийг цусаар хангадаг судас бөглөрснөөс зүрхний булчин хүчилтөрөгчөөр дутагдсанаас үүсдэг. Харин зүрх зогсох нь ямар ч шалтгаантай байж болдог бөгөөд зүрхэнд агших дохио дамжуулдаг мэдрэлийн ширхэгт асуудал үүссэнээс агшилт нь зогсож, цусыг шахахаа больдог. Зүрхний шигдээсний үед хүн ухаантай бөгөөд өвдөлт, зовууриа хэлж чаддаг бол зүрх зогссон үед тэд ухаангүй байдаг. Гэхдээ аль аль тохиолдолд нь эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай.

9. Зүрхний шигдээсний үед ханиалгавал амь аврагддаг

Одоогоос бараг 40 гаруй жилийн өмнө нэгэн эх сурвалжид зүрхний шигдээсний үед хүчтэй ханиалгах буюу ханиалгавал зүрхний титэм судас тэлэгдэх замаар өвчний амь нас аврагдаж болно гэж тэмдэглэсэн нь бий. Энэ нь үнэндээ эмнэлгийн нөхцөлд, зохиомлоор зүрхийг зогсоосон туршилтын үр дүн бөгөөд интернэтийн нөлөөгөөр энэхүү буруу ойлголт олон нийтийн дунд ихээхэн тархжээ.

Зүрхний шигдээсний үед өөрөө ямар нэг арга хэмжээ авах гэж оролдохын оронд яаралтай эмнэлгийн тусламж дуудах нь хамгийн чухал юм. Зүрхний шигдээстэй өвчтөний тавилан нь эмнэлгийн тусламж авсан хугацаатай шууд хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл, аль болох хурдан хугацаанд эмнэлэгт хандаж, тусламж авч чадвал амь аврагдах, хүндрэл бага гарах магадлалтай байдаг.

10. Зүрхний өвчтэй хүмүүст өөх тосыг бүрэн хориглох хэрэгтэй

Зүрх судасны өвчтэй хүн цөцгийн тос, жигнэмэг, гахайн утсан мах, хиам зэрэг хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг ханасан өөх тос, гурилан бүтээгдэхүүн, хөлдөөсөн пицца зэрэгт агуулагддаг транс тосыг хязгаарлах ёстой.

Харин ханаагүй өөх тос нь илүү ашиг тустай. Жишээ нь, олон ханаагүй өөх тос болох омега-3 нь зүрхний эрүүл мэндэд маш сайн нөлөөтэй болох нь нотлогдсон байдаг. Америкийн Зүрхний Нийгэмлэгээс "насанд хүрэгчид долоо хоногт дор хаяж 2 удаа загас (ялангуяа загасны тос) идэхийг" зөвлөдөг. Загас нь уургийн маш сайн эх үүсвэр болоод зогсохгүй их хэмжээний зүрхэнд тустай ханаагүй өөх тос агуулдаг.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn