Гэдэсний ашигтай бичил биетүүдийг антибиотикоос хамгаалах тусгай нян бүтээжээ

Энэхүү тусгай нян ампициллин, амоксициллин болон бусад түгээмэл хэрэглэгддэг антибиотикуудыг задлан устгах чадвартай болсон байна.
Гэдэсний ашигтай бичил биетүүдийг антибиотикоос хамгаалах тусгай нян бүтээжээ

Антибиотик бол XX зууны анагаах ухааны хамгийн суут бүтээлүүдийн нэг бөгөөд өнгөрсөн хугацаанд дэлхийн хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд хамгийн хүчтэй нөлөөлсөн эмийн бэлдмэл юм.

Гэвч антибиотикийн зохисгүй хэрэглээ нь гэдэсний бичил биетүүд, ялангуяа ашигтай бактериудыг устгадаг. Ингэснээр гэдэсний шархлаат үрэвсэл, хорт хавдар болон бусад олон тооны шалтгаан болдог ажээ. Сүүлийн 20 орчим жилийн хугацаанд хийгдсэн олон судалгаанд хүний гэдсэнд агуулагддаг бичил биетүүд бодисын солилцоонд төдийгүй дархлаа, мэдрэлийн системийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг тогтоогоод байгаа юм.

Эмч нар антибиотик хэрэглэж буй хүмүүст пробиотик (ашигтай бактерийн холимог) хамт хэрэглэхийг зөвлөдөг болсон боловч тэдгээр пробиотикууд нь ихэвчлэн антибиотикт мэдрэмтгий учир амархан устахаас гадна тухайн хүний гэдэсний уугуул бичил биетүүдээс ялгаатай тул ашигтай нөлөө нь зарим талаар төдийлөн сайн байж чаддаггүй.

Энэхүү асуудлыг шийдэхийн тулд Массачусеттсийн технологийн институтийн (MIT) инженерүүд хүний ​​хоол боловсруулах тогтолцоонд агуулагддаг ашигтай бактериудыг хамгаалах шинэ арга боловсруулжээ.

Тэд гений инженерчлэл ашиглан хүний биед аюулгүй нянг бета-лактам хэмээх антибиотикийг задалдаг ферментийг ихээр үйлдвэрлэдэг бактери болгон хувиргажээ. Ингэснээр энэхүү бактери хүний гэдсэнд байх ампициллин, амоксициллин болон бусад түгээмэл хэрэглэгддэг антибиотикуудыг задлан устгах чадвартай болсон байна.

Шинэ гарган авсан бактериудыг антибиотик хэрэглэх шаардлагатай өвчин эмгэгийн үед антибиотик эмчилгээтэй хавсран хэрэглэвэл гэдсэнд агуулагдах бичил биетийг антибиотикийн нөлөөнөөс хамгаална. Гэхдээ цусанд эргэлдэх антибиотикийн түвшинд нөлөөлөхгүй гэдгийг эрдэмтэд хулганад хийсэн судалгаагаар тогтоож.

Судлаачид дараагийн шатанд антибиотикийн нөлөөгөөр гэдэсний хэвийн бичил биетүүд устах, цочмог өвчин тусах өндөр эрсдэлтэй, тогтмол антибиотик хэрэглэх шаардлагатай хүмүүст эмнэл зүйн туршилт хийх эмчилгээний хувилбарыг боловсруулахаар ажиллаж байгаа аж. Тун удахгүй энэхүү аргыг шаардлагатай бүх гэдэсний ашигтай бактериудыг хамгаалахад ашиглаж болно гэж найдаж байна.

Эх сурвалж: MIT news

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn