Та технологийн донтолттой болсон юм биш биз?

Технологийн донтолт нь зан үйлийн донтолтын шинэ хэлбэр гэж үзэх боллоо. Дижитал төхөөрөмжүүдийн хэрэглээ нь бидний амьдралын чанарыг ахиулж эсвэл саатуулж байгаа эсэхэд анхаарал хандуулж, өөрсдийгөө донтолтоос сэргийлээрэй.
Та технологийн донтолттой болсон юм биш биз?

Технологийн донтолтын шинж тэмдэг илэрсэн хүмүүс бидний эргэн тойронд хаа сайгүй байх шиг санагдах боллоо. Тэдний нэг нь та эсвэл би ч байж болох юм. Судалгаанаас харахад хүмүүс өдөрт 100 гаруй удаа, хамгийн ихдээ 2,600 удаа гар утсаа шалгадаг. Зарим хүмүүс олон нийтийн сүлжээг хэрэглэхгүйг хүсдэг ч зарим тохиолдолд хүмүүстэй холбогдох цорын ганц арга нь энэ болж таардаг.

Технологийн дэвшлийг ашигласан төхөөрөмжүүд бидний ажлыг хөнгөвчилж, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж, мэдээ мэдээллийг шуурхай олж авах боломжийг олгож, дэлхийн хаанаас ч найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ холбоотой байхад тусалдаг. Гэтэл энэ нь нөгөө талаар биднийг технологид улам бүр татагдах, түүнээс хамааралтай амьдрах, донтох шалтгаан болж байна.

Тэгвэл бид технологийн энэхүү сөрөг үр дагавраас зайлсхийхийн зэрэгцээгээр дээр дурдсан давуу талуудыг ашиглах боломжтой юу?

Энэ асуултад хариулахын тулд технологи үнэхээр донтолт үүсгэдэг эсэх, энэ нь бидний амьдралд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох ёстой. Гэхдээ энэ нь тийм ч хялбар биш. Учир нь одоог хүртэл технологийн донтолтын хамрах хүрээ, түүний сөрөг үр дагаврын асуудал тодорхойгүй байна. Жишээ нь, бид архи эсвэл мансууруулах бодис юунд хүргэдгийг сайн мэднэ. Гэтэл технологид донтох нь юунд хүргэж болох вэ гэдэг нь тодорхойгүй хэвээр. Тийм ч учраас технологийн донтолтыг донтох эмгэг, албадлагын зан үйл хоёрын аль ангилалд оруулах тал дээр сэтгэцийн эмч, сэтгэл судлаачдын дунд маргаан үргэлжилсээр байгаа юм.

Нью-Йоркийн Стерн бизнесийн сургуулийн маркетингийн профессор Адам Алтер өөрийн "Irresistible" номдоо нийт хүн амын 40% нь цахим шуудангаар харилцах, тоглоом тоглох, порно үзэх гэх мэт ямар нэгэн төрлийн интернэтийн контентод донтдог. Энэ нь тэдэнд жилд дор хаяж нэг удаа сэтгэцийн эрүүл мэндийн асуудал тулгардаг тухай дурджээ.

Тийм ч учраас Америкийн сэтгэцийн эмгэг судлалын холбооноос Сэтгэцийн эмгэгийн оношилгоо, статистикийн гарын авлагын (DSM-5) хамгийн сүүлийн хэвлэлд мөрийтэй тоглоомд донтох эмгэгийн зан үйлийн донтолтын эмгэгийг хамруулсан ба үүнд интернэт тоглоомын донтолтыг ч мөн хамааруулаад байгаа юм.

Зарим судлаачид технологийн донтолтыг өвчин гэж хүлээн зөвшөөрөхөд цаг хугацаа шаардагдах бөгөөд өнөөгийн технологийн донтолтын асуудал дөнгөж эхэлж байна гэж үзэж байна.

Цаашид энэ нь хүмүүс хоорондын эрүүл харилцааг сүйтгэж, сэтгэл түгшилт, сэтгэл гутралын нэг эрсдэлт хүчин зүйл болж, төрөл бүрийн сөрөг мэдрэмжүүдийг төрүүлж, улмаар осол гэмтэл, хуулийн асуудал, санхүүгийн томоохон алдагдалд хүргэж болзошгүй юм.

Сэтгэл судлаачид технологийн донтолтоос өөрийгөө хамгаалах хамгийн сайн арга нь өөрийн технологийн хамаарлыг үнэнээр нь зөвлөх явдал гэж зөвлөж байна. Үүний тулд дараах 3 асуултыг өөрөөсөө асуугаарай.

Та яг одоо босож явахгүйгээр ухаалаг төхөөрөмждөө хүрч чадах уу?

Хэрэв хоногийн 24 цагийн турш энэ асуултад "тийм" гэж хариулж байвал буюу өөрөөр хэлбэл таны утас, компьютер болон бусад төхөөрөмжүүд байнга таны яг дэргэд байвал энэ нь танд технологийн донтолтын асуудал тулгарч байгааг илтгэнэ. Иймээс ухаалаг төхөөрөмжөөсөө хол байх цагийг нэмэгдүүлэхийг зөвлөж байна.

Улмаар ухаалаг төхөөрөмжийн дэлгэц таны оршихуйд байнга халдахгүй байх нь ямар байдгийг анзаараарай. Энэ нь танд илүү хөнгөн, тааламжтай санагдаж байна уу эсвэл сандарч байна уу? Түүнчлэн унтахаас 90 минутын өмнө дэлгэцээс холдохыг зөвлөж байна. Тэдний ялгаруулж буй гэрэл нь таны циркадиан хэмнэлийг алдагдуулж, унтах зуршлыг өөрчилдөг. Шөнийн горим дээр тавьсан ч ижилхэн шүү.

Таны зарим үйлдэл, харилцаа холбоо таныг технологийн нөлөөгүй газар руу аваачдаг уу?

Тийм бол маш сайн. Харин таны бүхий л үйлдэл, харилцаа технологийн тусламжтайгаар шийдэгдэж байвал донтолтын нөлөө төдий их байна. Судалгаанаас харахад нүүр тулан харилцах нь бусдын талаар илүү эерэг сэтгэгдэлтэй болохоос гадна хүний эрүүл мэнд, оюун санааны сайн сайхан байдалд байгаль хэр үнэ цэнтэй болохыг олон тооны судалгаанаас харж болно. Иймээс технологийн донтолтоос сэргийлэхийн тулд гадуур алхах, ойд зугаалах, эсвэл гар утсаа гэртээ үлдээгээд кафед найзуудтай сууж ярилцахыг зөвлөж байна.

Технологийн оролцоотой харилцаа нь таны сайн сайхан байдалд сөргөөр нөлөөлж байна уу?

Энэ асуулт нь хэд хэдэн дэд асуултад хуваагддаг. Үүнд: технологи нь таны сэтгэл санааны байдалд хэрхэн нөлөөлдөг, технологид хэр их мөнгө зарцуулдаг, технологи нь таны ажилд тусалдаг эсвэл саад болдог эсэх, бусадтай харилцах харилцаанд тань хэрхэн нөлөөлдөг, таны технологид зарцуулах цаг нь дасгал хөдөлгөөн хийх болон бусад ур чадвараа хөгжүүлэх гэх мэт ашигтай зүйл хийхэд саад болж байгаа эсэх зэрэг орно. Та эдгээр асуултад үнэн зөвөөр хариулсны дараа технологи таны амьдралд дэмжлэг үзүүлж байна уу эсвэл саад учруулж байна уу гэдгийг олж мэдэх болно.

Энэхүү 3 асуулт нь таныг технологийн донтолтод хэр их өртсөн болохыг хэлж өгөх болно. Гэхдээ технологийг их хэрэглэдэг хүн болон технологид донтсон хүний хооронд нэлээд их ялгаа байгааг анхаарах ёстой. Зарим хүмүүс ажлын шаардлагаар өдрийн турш гар чинь компьютерын гаран дээр эсвэл таблетын дэлгэцэн дээр өнгөрдөг байж болно. Энэ тохиолдолд та бол технологийг ихээр хэрэглэгч гэсэн үг. Харин өдрийн турш ингэж ажилласны дараа гэр бүлтэйгээ хамт байж эсвэл гадагшаа гарч найз нөхөдтэйгөө уулзаж, дэлгэцээс зайгаа барьж чадаж байна уу эсвэл ядаргаагаа тайлахдаа Facebook, Twitter, Instagram, YouTube зэрэг сошиал медиа платформууд дээр цагийг өнгөрөөж, тэдгээрийг ашиглан бусадтай харилцаж байна уу?

Хэрэв та хоёр дахь төрлийн хүн бол технологиос бүрэн хамааралтай, зарим талаар донтсон байх магадлалтай.

Хэрэв эдгээр асуултуудын хариулт нь таныг технологийн донтолттой болохыг зааж байгаа бол бусдаас тусламж хүсээрэй. Хэр хүнд вэ гэдгээс хамааран хамгийн сайн найз эсвэл хайртай хүнтэйгээ ярилцаж, цаашдын технологиос хамааралгүйгээр амьдрах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд мэргэшсэн сэтгэцийн эмч, сэтгэлзүйчийн тусламж шаардагдаж болох юм. Мэргэжлийн сэтгэл судлаач танд энэхүү асуудал дагуулж мэдэх зан үйлийг засахад шаардлагатай арга хэрэгсэл, дадлыг бий болгоход тусална.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn