Хөгжим ба ой санамж

Торонтогийн Их сургуулийн судлаачдын баг Альцгеймерийн өвчтэй хүмүүст хөгжмийн эмчилгээ хэрхэн тусалж болохыг илрүүлэхийг зорьсон судалгааны үр дүн Alzheimer’s Disease сэтгүүлд нийтлэгджээ.
Хөгжим ба ой санамж

Биднийг бүх цаг үеийн хамгийн дуртай дуунуудын нэг нь радиогоор тоглож эхлэхэд гэнэт л сэтгэл хөдөлж, тэр дуутай холбоотой дурсамжууд сэргэдэг. Оюутан ахуйн найзуудтайгаа хаашаа ч юм аялах замдаа тэр дууг сонсонгоо машиныг хэрхэн жолоодож байснаа, суудлын бүсээ зүүсэн байсан эсэхээ ч хүртэл маш нарийн санаж магадгүй.

Хайртай хөгжим нь тархийг гижигдэж, хамгийн сайхан дурсамжийг нь сэргээдэг тул Альцгеймерийн өвчний үед илэрдэг танин мэдэхүйн болон ой санамжийн бууралтыг хөгжмөөр эмчилж болох уу гэдэг асуудал эрдэмтдийн сонирхлыг ихээхэн татдаг юм.

Альцгеймерийн өвчин нь тархины эсүүд их хэмжээгээр үхжиж холбогч эдээр солигдсоноос тархи агших (атрофи) болон түүний үр дагавар болох олон төрлийн шинж тэмдгээр илэрдэг мэдрэлийн эмгэг юм. Альцгеймерийн өвчний үед сэтгэн бодох гэх мэт танин мэдэхүйн чадварууд буурч, зан араншин өөрчлөгдөж, нийгмийн харилцаанд оролцох боломжгүй болдог бөгөөд энэ нь хүнийг ​​бие даан ажиллах, амьдрах чадваргүй болгодог.

АНУ-д 65 ба түүнээс дээш насны 5.8 сая орчим хүн Альцгеймерийн өвчтэй амьдарч байна. Тэдний 80% нь 75 ба түүнээс дээш насныхан байна. Дэлхий даяар танин мэдэхүйн чадвар алдагдалтай 50 сая орчим хүн байгаагийн 60-70% нь Альцгеймерийн өвчтэй гэсэн судалгаа байдаг.

Өвчний эхний шинж тэмдгүүд нь сүүлийн үеийн үйл явдлууд эсвэл харилцан яриаг мартах явдал юм. Өвчин даамжрах тусам Альцгеймерийн өвчтэй хүн ой санамжийн хүнд хэлбэрийн дутагдалд орж, өдөр тутмын ажлаа хийх чадваргүй болдог. Эмийн эмчилгээгээр шинж тэмдгийг түр зуур бууруулж эсвэл өвчний явцыг удаашруулж болно. Альцгеймерийн өвчнийг бүрэн эдгээх эмчилгээний арга одоогоор байхгүй байна. Өвчин даамжрах тусам шингэн алдалт, хоол тэжээлийн дутагдал, халдвар зэрэг тархины үйл ажиллагааны ноцтой алдагдлаас үүдэлтэй хүндрэлүүд бий болох бөгөөд энэ нь үхлийн шалтгаан болдог.

Арван жилийн өмнө хийгдсэн судалгаагаар хөгжим ба ой санамж харилцан хамааралтай байх магадлалтай гэж үзсэн. Тус судалгаагаар Францын эрдэмтэд хөнгөн хэлбэрийн Альцгеймерийн өвчтэй 12 хүнийг хэсэг чимээгүй суулгасны дараа намтар түүхээ (өөрөөр хэлбэл, өөрийн амьдралын тухай баримт, туршлагатай холбоотой санах ой) санаж байгаа эсэхийг нь асуужээ. Дараа нь зарим хүмүүст нь Вивалдигийн "Дөрвөн улирал" зохиолыг, бусдад нь өөрсдийнх нь сонгосон хөгжмийн зохиолыг хэсэг хугацаанд сонсгожээ.

Үүний дараа дахин өөрийн намтар түүхийг санаж байгаа эсэхийг нь асуусан байна. Энэ үед өөрийн сайн мэддэг, дуртай хөгжмөө сонссон хүмүүсийн эргэн санах чадвар нь "Дөрвөн улирал" зохиолыг сонссон хүмүүсээс илүү сайн байв. Гэхдээ огт хөгжим сонсоогүй байх үетэй харьцуулахад ямар нэг хөгжим сонсоход ой санамж тодорхой хэмжээгээр сайжирч байсан байна.

Торонтогийн Их сургуулийн судлаачдын баг энэхүү судалгаанд үндэслэн Альцгеймерийн өвчтэй хүмүүст хөгжмийн эмчилгээ хэрхэн тусалж болохыг илрүүлэхийг зорьсон бөгөөд судалгааны үр дүн Alzheimer’s Disease сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Торонтогийн Их сургуулийн Хөгжмийн болон Эрүүл Мэндийн хамтарсан судалгааны баг танин мэдэхүйн чадвар алдалт эхний шатандаа оношлогдсон 17 өндөр настныг асран хамгаалагчдынхаа тусламжтайгаар өдөр бүр нэг цагийн турш хамгийн сайн мэддэг, сонсохыг хүссэн нэг хөгжмийг сонсох, үүнийг нийт гурван долоо хоногийн турш үргэлжлүүлэхийг зөвлөсөн байна. Энэ даалгаврыг 14 өвчтөн (11 эмэгтэй, 3 эрэгтэй) гүйцэтгэсэн байна.

Энэхүү хөгжмийн эмчилгээний өмнө болон дараа нь Монреалын танин мэдэхүйн үнэлгээ хийжээ. Монреалын танин мэдэхүйн үнэлгээ гэдэг нь орон зайн дүрслэл, тархины үндсэн үйл ажиллагаа, нэр нэршил эргэн санах, анхаарал төвлөрөлт, хэл яриа, хийсвэрлэл, эргэн санах чадварын удаашралт, орон зайн чиг баримжаа зэргийг үнэлэх зорилготой, танин мэдэхүйн үйл ажиллагааны цогц оношилгооны аргачлал юм. Мөн эмчилгээний өмнө болон дараа тархины үйл ажиллагаанд MRI ашиглан үнэлгээ хийсэн байна.

Өвчтөнүүдийн танин мэдэхүйн тестийн ерөнхий оноо нь гурван долоо хоногийн хөгжмийн эмчилгээний дараа бага хэмжээгээр нэмэгдсэн буюу тэдний ой санамж 20%-аар сайжирсан байна. Мөн MRI шинжилгээгээр тархины үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр сайжирсан бөгөөд энэ нь танин мэдэхүйн чадвар алдалтын эхний шатанд оношлогдсон өвчтөнүүдийн хувьд эерэг үзүүлэлт юм.

Хөгжим тархинд сайнаар нөлөөлж байгаа шалтгааныг дараах байдлаар тайлбарлаж байна. Урт хугацаанд хамгийн сайн мэддэг хөгжмөө сонсох үед тархины эсүүд идэвхжиж, мэдрэлийн төвүүдийн хоорондох мэдээлэл дамжуулалт сайжирч, тархины цагаан бодист үүссэн эмгэг өөрчлөлтүүд засагдаж байх магадлалтай юм.

Хэдийгээр тус судалгаагаар өөдрөг үр дүн гарсан ч эргэлзэх зүйлс бас бий. Судалгааны үр дүнгээс үзэхэд хөгжмийн эмчилгээний танин мэдэхүйн ашиг тус нь зөвхөн санах ойгоор хязгаарлагдаж байна. Цаг хугацаа өнгөрөхөд хөгжмийн үзүүлж буй нөлөө нь хэвээрээ хадгалагдах эсэхийг одоогоор бид мэдэхгүй. Иймээс цаашид илүү олон хүн хамруулсан өргөн хүрээтэй судалгаа хийх шаардлагатай байна.

Юутай ч судалгаанаас үзэхэд дуртай дуугаа сонсох нь ой санамжийг тодорхой хэмжээгээр сайжруулдаг болох нь харагдаж байна. Харамсалтай нь үр нөлөө нь харьцангуй бага. Гэхдээ хөгжим сонсоход муу зүйл огт байхгүйгээр барахгүй сэтгэл санааг дэмжиж, стрессийг бууруулах гэх олон олон талын ач холбогдолтой. Иймээс өвөө эмээ, аав ээждээ өөрийн хамгийн дуртай дууг байнга сонсож байхыг зөвлөөрэй.

Эх сурвалж: Alzheimer’s Disease

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn