Кето хоолны дэглэм бүдүүн гэдэсний хорт хавдрын өсөлтийг саатуулдаг

Кето хоолны дэглэм нь бүдүүн гэдэсний хорт хавдартай хулгануудын хавдрын өсөлтийг саатуулж, хэмжээг нь жижгэрүүлснээр хулганууд илүү удаан амьдарч байсан боловч кето хооллолтыг зогсоосны дараа хавдар эргэн томорч эхэлсэн байна.
Кето хоолны дэглэм бүдүүн гэдэсний хорт хавдрын өсөлтийг саатуулдаг

Бүдүүн гэдэсний хорт хавдар (CRC) нь дэлхий дахинд хамгийн нийтлэг тохиолддог хорт хавдруудын гуравдугаар байрт бичигддэг эмгэг юм. Одоогоор сахар ихээр агуулсан барууны хоолны дэглэм, амьтны гаралтай уураг, ялангуяа улаан махны хэт их хэрэглээ нь бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг голлох хүчин зүйлс болохыг тогтоогоод байна.

Төрөл бүрийн хоолны дэглэмүүдийн хавдрын өсөлтөд үзүүлэх нөлөөллийг тодорхойлох нь бүдүүн гэдэсний хорт хавдрын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэд чухал ач холбогдолтой гэж үздэг. Амьтан дээр хийгдсэн хэд хэдэн судалгааны үр дүнгээс үзэхэд мацаг барих, илчлэгийг хязгаарлах зэрэг хоолны дэглэмүүд нь гэдэсний хорт хавдраас хамгаалдаг. Гэхдээ энэ нь хүмүүст ижил байх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Хамгийн сүүлд Nature сэтгүүлд хэвлэгдсэн нэгэн судалгааны өгүүлэлд нүүрс ус хязгаарласан хоолны дэглэм буюу кето дэглэм нь бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг болохыг илрүүлсэн тухай мэдээлжээ.

Судалгааг Пенсильванийн их сургуулийн Перелман Анагаах Ухааны сургуулийн Микробиологийн тэнхимийн судалгааны баг гүйцэтгэсэн ба бүдүүн гэдэсний хорт хавдартай хулганад хийсэн туршилтаар кето дэглэмийн үед элгэнд үүсдэг бета-гидроксибутират (BHB) хэмээх кето молекул нь бүдүүн гэдэсний хавдрын өсөлтийг дарангуйлдаг болохыг тогтоосон байна.

Түүнчлэн кето хоол идсэн хавдартай хулганууд илүү удаан хугацаагаар амьдарч байсан ба энэ нь бүдүүн гэдэсний хорт хавдрын эсийн генетик хөгжлийг саатуулж, хавдрын өсөлтийг дарангуйлдаг болохыг ч илрүүлжээ. Харин кето хоолны дэглэмийг зогсоох үед жижгэрсэн хорт хавдрууд дахин томорч эхэлсэн байна.

Кето хоолны дэглэмийн үед хоолны нүүрс усыг бүрэн хязгаарлаж, уураг, өөх тосыг нэмэгдүүлдэг ба тэд өдөрт эдгээр бодисуудаас авах илчлэгийн хэмжээг янз бүрийн харьцаагаар сонгож туршжээ. Эдгээрээс өдрийн нийт илчлэгийн 90 хүртэл хувийг өөх тосноос, 10%-ийг уургаас авахаар тохируулж, нүүрс усыг бүрэн хязгаарласан кето дэглэм хорт хавдрыг дарангуйлах үйлдлээр хамгийн үр дүнтэй нь байжээ.

Эх сурвалж: Nature

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn