Архинд донтох өвчний үр дүнтэй эмчилгээ – Кетамин

Английн Эксетерийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн эмнэл зүйн туршилтаар кетамины тусламжтайгаар архины хамаарлыг үр дүнтэйгээр эмчлэх боломжтой гэж үзжээ.
Paul Tansley
Paul TansleyGetty Images

Архины хамаарлыг эмчлэхэд кетамин хэмээх эмийг ашиглах эмнэл зүйн 2 дугаар үе шатны судалгаагаар сэтгэл заслын эмчилгээний аргуудтай хослуулан хэрэглэснээр өмнө нь архинд донтох өвчтэй байсан хүмүүсийг зургаан сар гаруй хугацаанд дахин архинд орохоос зайлсхийхэд тусалдаг болохыг тогтоожээ. Тэд хяналтын бүлгийнхэнтэй харьцуулахад зургаан сарын хугацаанд архинаас бүрэн татгалзах магадлал 2.5 дахин их байсан байна.

Өмнө нь хийгдсэн судалгаануудаар архинаас гарах эмчилгээ хийлгэсэн 4 хүн тутмын 3 нь зургаан сарын дотор дахин их хэмжээний архины хамааралтай болдог болохыг тогтоогоод байсан юм.

Кетамин гэдэг нь нэг төрлийн өвдөлт намдаах үйлдэлтэй бэлдмэл бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санал болгодог, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтдаг бодис юм.

Өвдөлт намдаахаас гадна бага тунгаар сэтгэл гутралын эсрэг нөлөө үзүүлдэг. Кетамины сэтгэл гутралын эсрэг үр нөлөөг ашиглах зорилгоор гаргаж авсан хамрын цацлагыг АНУ-ын Хүнс, эмийн хорооноос сэтгэл гутралын эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа билээ.

Эксетерийн их сургуулийн энэхүү эмнэл зүйн туршилт нь архинд донтолтын дахилтаас сэргийлэхийн тулд кетаминыг хэрэглэж, үр дүнг нь тооцсон анхны эмнэл зүйн туршилт боловч архины донтолтыг эмчлэхэд тус бодисыг хэрэглэх анхны санаа 30 гаруй жилийн өмнө гарчээ. 1980-аад оны үед Оросын Санкт-Петербург хотод Евгений Крупицки хэмээх сэтгэл судлаач архинд донтсон хүмүүст кетаминыг уулгах үед үнэхээр гайхалтай үр дүнд хүрсэн тухай баримтууд байдаг байна.

Судалгааны багийн ахлагч профессор Морган болон хамтрагчид Английн Үндэсний Эрүүл мэндийн үйлчилгээ (NHS)-ын дэмжлэгтэйгээр илүү олон тооны өвчтөнүүдийн хамруулан, кетамины архинд донтох эмгэгийн эсрэг үр нөлөөг эцсийн байдлаар тодорхойлох эмнэл зүйн 3-р шатны туршилтыг эхлүүлэхээр төлөвлөөд байна. Үүний дараа тус бэлдмэлийг эмчилгээнд хэрэглэх боломжтой болох юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn