Хүчилтөрөгчийг судсаар тарих боломжтой болно

Харвардын их сургуулийн эрдэмтэд хүчилтөрөгчийг шууд судсаар тарих аргыг олсон байна. Ингэснээр амьсгалын аппарат эсвэл ECMO хэрэглэхгүйгээр хүчилтөрөгчийн хурц дутагдалд орсон олон хүний амийг аврах боломжтой болж байгаа юм.
Хүчилтөрөгчийг судсаар тарих боломжтой болно

Уушгины хатгалгаа, астма зэрэг амьсгалын замын өвчнүүдээс гадна гэмтэл, зүрхний шигдээс, тархины цус харвалт зэрэг маш олон өвчний үед бие махбодод хангалттай хэмжээний хүчилтөрөгч хүргэх нь тухайн хүний амыг аврах хамгийн гол арга болдог.

Шаардлагатай тохиолдолд өвчтөнүүдийг амьсгалын аппаратын тусламжтайгаар амьсгалуулдаг боловч эдгээр нь бүх эмнэлэгт байдаггүйгээс гадна уушгинд халдвар оруулах, гэмтэл учруулах зэрэг хүндрэлүүд гарч болдог.

Уламжлалт аргаар буюу механикаар уушгийг амьсгалуулахаас гадна Extracorporeal Membrane Oxygenation (ECMO) буюу цусыг биеэс тусгай гуурсаар гарган аппаратад оруулж, цуснаас нүүрстөрөгчийн давхар ислийг нь ялгаж аваад, хүчилтөрөгчөөр баяжуулан буцааж биед оруулах арга байдаг ч энэ нь үнэ өртөг өндрөөс гадна ажилбарыг гүйцэтгэх тусгай бэлтгэгдсэн мэргэжилтэн шаардлагатай болдог тул хүчилтөрөгчийн дутагдалд орсон хүн бүрд хэрэглэх боломжгүй байдаг.

Эдгээр асуудлуудыг шийдэх гайхалтай нэгэн нээлтийг Харвардын их сургуулийн эрдэмтэд хийжээ. Тэд хүчилтөрөгчийг шууд судсаар тарих аргыг боловсруулсан байна. Ингэснээр амьсгалын аппарат эсвэл ECMO хэрэглэхгүйгээр хүчилтөрөгчийн хурц дутагдалд орсон олон хүний амийг аврах боломжтой болж байгаа юм.

Энэхүү шинэ технологийн дагуу хүчилтөрөгч агуулсан шингэнийг хэд хэдэн маш жижиг хэмжээтэй хошуугаар дамжуулан вений судас руу бага багаар тарих бөгөөд цусанд орсны дараа цусны улаан эстэй холбогдсоноор хүчилтөрөгч шаардлагатай хэсэгт хүрнэ.

Хүчилтөрөгч шиг хийн төлөвт орших бодисыг шууд судас руу таривал хийн бөмбөлгүүд нь судсыг бөглөж, өвчтөн шууд нас барах аюултай. Харин тэдний ашигласан тусгай технологийн тусламжтайгаар хүчилтөрөгчийн бөмбөлгүүд нь хүний хамгийн ижил эс болох цусны улаан эсээс хэд дахин жижиг хэмжээтэй учир хялгасан судсыг ч бөглөдөггүй ажээ.

Үүний тулд хүчилтөрөгчийн бөмбөлгийг цусанд оруулахаас өмнө өөх тосны нано бүрээсээр бүрдэг бөгөөд энэ нь бяцхан хийн бөмбөлгүүд хоорондоо нийлж, том бөмбөлөг болохоос сэргийлдэг. Уусмалыг судсанд тарьсны дараа нано бүрээс уусаж, хүчилтөрөгч чөлөөлөгддөг.

Донорын цусанд хийсэн туршилтаар уусмалыг тарьснаас хэдхэн минутын дотор хүчилтөрөгчийн сатураци буюу цусанд агуулагдах хүчилтөрөгчийн хэмжээ 15%-аас 95% хүртэл нэмэгдэж байгааг илрүүлсэн байна. Харин амьд харханд тарихад хүчилтөрөгчийн сатурацийг 20%-аас 50% хүртэл нэмэгдүүлсэн байна.

Одоогоор энэ аргыг хүний биед туршиж үзээгүй байгаа боловч хүчилтөрөгчийг шууд судсаар тарих аргын гол “томьёог” олсон учир хүний биед ямар нэг аюулгүйгээр ашиглах боломжтой гэж үзэж байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn