Дуу чимээний бохирдол: Цуврал 4 – Хотын шуугианыг бууруулах олон улсын туршлага

Дуу чимээний бохирдлын талаарх цуврал нийтлэлийн энэ удаагийн дугаарт хотын дуу чимээний бохирдлыг бууруулах олон улсын туршлагуудыг танилцуулж байна.
Дуу чимээний бохирдол: Цуврал 4 – Хотын шуугианыг бууруулах олон улсын туршлага

Мод тарих: Томоохон хотууд дуу чимээний бохирдлыг бууруулахын тулд мод тарьж байна. Мод нь орон сууцны хороолол, хотын дуу чимээний бохирдол ихтэй хэсгүүд, тэр ч байтугай томоохон хурдны замуудын эргэн тойронд үүсэх дуу чимээний түвшнийг бууруулахад үр дүнтэй болох нь тогтоогдсон байна. Мөн мод нь агаарын тоосжилтыг бууруулж, агаарын чанарыг сайжруулахаас гадна хотын гоо зүйн хувьд ч чухал ач холбогдолтой юм.

Зориулалтын чимээгүй орон зайг бий болгох: Хотын чимээ, шуугиан сонсогддоггүй нам гүм, тусгай зориулалтын цэцэрлэгт хүрээлэнгүүд нь хотын оршин суугчдад дуу чимээний бохирдлоос үүссэн стресс, ядаргаагаа тайлах хамгийн зохистой газар болдог.

Энэ нь хүмүүсийг их хотын дуу чимээнээс залхсан үед түр хугацаагаар хөдөө талд ирсэн мэт мэдрэмж төрүүлж, сэтгэл зүйн хувьд амрах боломж олгодог. Хүссэн үедээ хотын шуугианаас зугтах боломжтой байх нь хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулахад үр дүнтэй байдаг.

Дуу чимээний бохирдлыг олон нийтийн анхааралд оруулах: Дуу чимээний гол үүсвэр нь хүмүүс бид өөрсдөө учир дуу чимээний бохирдлын үр дагаврын талаарх мэдлэг, боловсролыг дээшлүүлэх кампанит ажлыг олон нийтийн дунд өрнүүлж болно. Жишээ нь хүн бүрийг сайн хөрш байхыг хичээхийг дэлхийн том хотуудад уриалдаг.

Сайн хөрш байна гэдэг нь хөрш айлуудыг хүсээгүй дуу чимээний нөлөөллөөс хамгаалахын тулд, бусдад саад болохгүйн тулд хэт чанга хөгжим тоглуулах, нохойгоо хуцахгүй байлгаж сурах, гэртээ олон хүн цуглуулж үдэшлэг хийхгүй байх, шөнө оройн цагаар хэт чанга дуу чимээ гаргадаг машинтай орон сууцны дундуур явахгүй байх явдал юм.

Активизм: Дуу чимээний бохирдлын эсрэг хувь хүмүүс илүү идэвхтэй байж, дуу чимээг зохицуулах зохистой бодлого хэрэгжүүлэхийг хотын захиргаа болон холбогдох засаг захиргааны байгууллагаас шаардах, шахалт үзүүлдэг байх нь хотын дуу чимээний бохирдлыг бууруулахад тодорхой хувь нэмэр болдог.

Жишээ нь АНУ-д дуу чимээний бохирдлын асуудлаар ажилладаг байгаль орчин, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, нийгмийн идэвхтнүүдээс бүрдсэн ашгийн бус байгууллага нь дуу чимээний бохирдлыг хянах хууль тогтоомж, засгийн газрын бодлого, түүний хэрэгжүүлэлтийг шаардаж, дуу чимээний бохирдлын асуудлаар дуу хоолойгоо өргөн ажилладаг идэвхтнүүдийн сүлжээг бий болгох зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Супер блок: Дэлхийн томоохон хотууд орчны бохирдлыг бууруулахын тулд супер блок хэмээх концепцийг хэрэгжүүлж байна. Жишээ нь 2016 онд Испани улсын Барселона хот анхны “Superilla” хэмээх анхны супер блокийг танилцуулсан байна. Энэ нэр томьёо нь хотын нийтийн орон зайн дизайны гол цөмд нь хүмүүс болон олон нийтийг тавих замаар хотын тодорхой нэг хэсгийг (жишээ нь дөрвөн талаасаа замаар хүрээлэгдсэн нэг блок) дахин төлөвлөх санаачилгын нэршил юм.

Үүнийг хийхийн тулд орон зайг юуны түрүүнд явган зорчигчдод зориулж, дараа нь унадаг дугуй, шаардлагатай тохиолдолд нийтийн тээвэр явах боломжтой байхаар шинэчилжээ. Харин тухайн хэсэгт зорчих авто тоог хязгаарласан байна. Ингэснээр тухайн хэсэгт агаарын болон дуу чимээний бохирдлыг багасгаж, иргэдийн хамтдаа уулзаж, ярилцах, дасгал хөдөлгөөн хийх нээлттэй ногоон байгууламж бүхий орчныг бий болгожээ.

Эрүүл, тохиромжтой нийтийн тээврийг хөгжүүлэх: Хотын дуу чимээний бохирдлыг бүхэлд нь бууруулах хамгийн гол арга зам нь авто машины тоог цөөрүүлэх явдал юм. Хүмүүсийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах боломжгүй учир автомашиныг зохистой тээврийн хэрэгслээр солих шаардлагатай болдог.

Ази тивийн хамгийн их дуу чимээний бохирдолтой хотуудад ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Ази, Номхон далайн баруун бүсийн Байгаль орчинд ээлтэй, эрүүл хотын тээвэр (ESHUT) төслийг хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү санаачилга нь нийтийн тээврийг хүмүүсийн эрүүл мэндэд аюулгүй, ашиг тустай болгох үндсэн зорилготой.

ESHUT төслийн хүрээнд унадаг дугуйнд ээлтэй хот, явган хүнд ээлтэй хот, BRT, LRT гэх мэт үр ашиг өндөртэй, байгаль орчинд ээлтэй нийтийн тээврийг хөгжүүлэх, нийтийн тээврийн хэрэгслийн эргэлтийн үр нөлөөг сайжруулах менежментийг дэмжих, эрүүл ахуйн шаардлага хангасан зам, нийтийн тээвэрт ашиглагдаж буй тээврийн хэрэгслүүдийг чимээ шуугиан гаргадаггүй цахилгаан хөдөлгүүртэй болгох зэрэг ажлуудыг хийж байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn