Д амин дэмийн дутагдал зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг

Шүдний ургалт, ясны бэхжилт, дархлалын тогтолцооны зохицуулалт, бодисын солилцоо гэх мэт хүний биеийн олон чухал үйл ажиллагаанд витамин Д чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээрээс гадна витамин Д нь зүрх судасны өвчний эрсдэлд нөлөөлдөг болохыг тогтоожээ.
Д амин дэмийн дутагдал зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг

Дэлхий дахинд зүрх судасны өвчин (ЗСӨ) нь нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг билээ. Жил бүр дэлхий даяар ойролцоогоор 17.9 сая хүн зүрхний өвчний хүндрэлийн улмаас нас бардаг. ЗСӨ дэлхийн нийт нас баралтын 32% -ийг дангаараа эзэлдэг гэсэн үг юм.

Нас, хүйс, удамшил, хоолны дэглэм, амьдралын хэв маяг хэд хэдэн хүчин зүйлс ЗСӨ үүсэх эрсдэлд нөлөөлдөг болохыг өмнө нь хийгдсэн олон тооны судалгаагаар нотолсон. Эдгээрээс гадна Д амин дэмийн дутагдал ЗСӨ-ний эрсдэлд нөлөөлж болохыг Австралийн эрдэмтэд илрүүлжээ.

Д амин дэмийг бид бүхэн витамин гэдгээр нь сайн мэднэ. Д амин дэмийн идэвхгүй хэлбэрийг бид хоол хүнсээр авдаг бөгөөд энэ нь арьсан дор, нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр идэвхтэй Д амин дэм болж хувирдаг. Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь Д аминдэмийн дутагдалтай байгаа бөгөөд энэ нь тэдгээр хүмүүс хангалттай хэмжээний Д аминдэмийг хоол хүнсээрээ авч чадахгүй эсвэл арьсаа наранд ил гаргадаггүй гэсэн үг. Тэднээс нэг тэрбум орчим нь Д аминдэмийн гүнзгий дутагдалтай бөгөөд энэ нь рахит, ясны сийрэгжилт, хорт хавдар гэх мэт олон өвчний шалтгаан, нөлөөлөх хүчин зүйл болж байна.

Өмнөд Австралийн Их Сургуулийн Хавдар судлалын хүрээлэнгийн эрдэмтэд ийлдэс дэх 25-гидроксивитамин D буюу 25(OH)D болон ЗСӨ-н эрсдэлийн хооронд хамаарлыг илрүүлэхийн тулд Их Британийн 37-73 насны хүн амыг хамарсан томоохон когортын судалгаа болох UK Biobank-ын өгөгдөлд дүн шинжилгээ хийхдээ тусгай аналитик аргыг ашиглажээ.

Судалгаанд оролцогчид нь 2006 оны 3 дугаар сарын 13-аас 2009 оны 10 дугаар сарын 1-ний хооронд Их Британи даяар явагдсан когорт судалгааны явцад эрүүл мэнд, амьдралын хэв маягийн талаар анхан шатны мэдээлэл бүхий асуулга бөглөж, биомаркер болон генетикийн шинжилгээнд зориулан цусны дээжээ өгсөн байжээ.

Нийт 267,980 оролцогчийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн ба зүрх судасны өвчтэй болон эрүүл хүмүүсийн ийлдэс дэх витамин Д-г харьцуулсан байна. Үүний үр дүнд ийлдэс дэх витамин Д-н хэмжээ 25(OH)D 25 нмоль/л байсан хүмүүсийн зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэл нь тэднээс хоёр дахин их буюу ийлдсийн витамин Д 50 нмоль/л хүмүүсээс ЗСӨ-өөр өвчлөх эрсдэл 11%-иар их байгааг тогтоосон байна.

Түүнчлэн ийлдэс дэх витамин Д-ын хэмжээ нэмэгдэх тусам ЗСӨ-өөр өвчлөх магадлал буурч байна. Жишээлбэл, ийлсдийн витамин Д 75 нмоль/л байсан оролцогчид нь 50 нмоль/л хэмжээтэй хүмүүстэй харьцуулахад ЗСӨ-өөр өвчлөх магадлал 2%-иар бага байна.

Үүнтэй төстэй зүй тогтол артерийн даралт ихсэлт болон ийлсдийн витамин Д дээр ч ажиглагдсан байна. Өөрөөр хэлбэл, ийлсдийн витамин Д буурахад артерийн даралтын хэмжээ нэмэгдэж байв. Энэ нь витамин Д-ын дутагдлын улмаас артерийн судас хатуурч, нарийсах, цаашлаад артерийн даралт ихсэх нь цээжний бах, зүрхний шигдээс, тархины цус харвалт гэх мэт зүрх судасны өвчнүүдийн эрсдэлийг нэмэгдүүлдэг нэг хүчин зүйл болохыг илтгэж байна.

Витамин Д буурах үед судас хатууралт нэмэгдэх нь дархлалын тогтолцооны зохицуулалт алдагдсантай холбоотой байж болох юм. Учир нь судас хатуулах үед судасны хананд үүсдэг өөх тосны товрууг дархлааны эсүүд залгиж устгадаг. Хэрэв Д амин дэм дутагдвал дархлааны эсүүдийн судас хатуурахаас хамгаалах энэхүү үйл ажиллагаа хямардаг байж болох юм. Үүний үр дүнд судас хатуурч, улмаар артерийн даралт нэмэгддэг нь зүрх судасны өвчний гол эрсдэлийг нэмэгдүүлдэг байх өндөр магадлалтай байна.

Өмнө нь Витамин Д нь зүрх судасны өвчний эрсдэлд хэрхэн нөлөөлдөг талаарх зарим таамаглалыг эрдэмтэд дэвшүүлээд байсан боловч энэ удаагийн судалгаагаар хангалттай олон тооны хүний өгөгдөлд анализ хийснээр тэрхүү таамаглалыг батлагдаж байна. Иймээс цаашид хүмүүсийн зүрх судасны өвчний эрсдэлийг үнэлэхдээ цусны ийлдэс дэх витамин Д-ын хэмжээг харгалзан үзэхээс гадна эмчилгээнд ч витамин Д-ын бэлдмэлийг нэмэлтээр хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна.

Эх сурвалж: European Heart Journal

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn