Нойргүйдэл ба мелатонины хэрэглээ

Мелатонин бол нойрсох механизмд хамгийн чухал үүрэгтэй, өнчин тархинаас ялгардаг даавар бөгөөд нойргүйдлийн үед эмчилгээний зорилгоор хэрэглэгддэг. Гэвч сүүлийн жилүүдэд мелатониныг хэтрүүлэн хэрэглэх явдал улам бүр нэмэгдсээр байгаа нь бусад эрсдэлүүдийг ч бий болгож байна.
Нойргүйдэл ба мелатонины хэрэглээ

Дэлхий дахинд хүн амын дундах эрүүл мэндийн олон асуудлын нэг шалтгаан нь нойргүйдэл болоод байна. Түр зуурын, богино хугацааны нойргүйдэл нь өдрийн цагаар ядрах, анхаарал төвлөрөлт муудах зэрэг асуудлуудад хүргэдэг бол удаан хугацааны архаг нойргүйдэл нь таргалалт, зүрх судасны өвчин, чихрийн шижин, сэтгэл гутрал зэрэг төрөл бүрийн өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Нойр гэдэг нь хүний физиологийн зайлшгүй хэрэгцээний нэг бөгөөд мэдрэл болон дотоод шүүрлийн даавруудын оролцоотойгоор явагддаг нийлмэл процесс юм. Амьдралын хэв маяг, унтах орчин, хооллолтыг өөрчлөхөөс эхлээд нойргүйдлийг засах төрөл бүрийн арга техникүүд байх боловч хэдэн сар жилээр үргэлжилсэн архаг нойргүйдлийг эмээр эмчлэх шаардлагатай болдог.

Хүний амьдралын биологийн хэмнэл нь цусанд ялгарч буй дотоод шүүрлийн даавруудын хэлбэлзлээр зохицуулагдаж байдаг. Үүний нэг хэлбэр нь унтах, сэрэх процесс бөгөөд нойрны хэмнэлийг зохицуулагч гол даавар нь өнчин тархинаас ялгардаг мелатонин даавар юм. Мелатонин нь ингэж нойрны хэмнэлийг зохицуулснаараа хүний ​​эрүүл мэндэд ч чухал үүрэг гүйцэтгэдэг.

Мелатонины ялгаралт буурах нь нойргүйдэх, эрч хүч буурах, эерэг сэтгэл хөдлөл багасах, стресст орох, дархлаа сулрах зэрэг олон төрлийн сөрөг үр дагаварт хүргэдэг бөгөөд эдгээр сөрөг нөлөө нь ямар ч насны хүмүүст тохиолдож болно. Энэ тохиолдолд мелатониныг эмчилгээний зорилгоор, тохирох тунгаар хэрэглэхийг зөвлөдөг.

АНУ-н Үндэсний эрүүл мэнд, хоол тэжээлийн байдалд үнэлгээ өгөх судалгааны (NHANES) өгөгдлөөс үзэхэд 1999-2018 оны хооронд насанд хүрэгчдийн дундах нойргүйдлийн шалтгаанаар эмнэлгийн тусламж авсан хүний тоо хоёр дахин нэмэгдсэн бөгөөд энэ нь хүн амын эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж болзошгүйг анхааруулсан байна.

Нойргүйдлийн улмаас мелатонин хэрэглэдэг хүний тоо нь улам бүр нэмэгдсээр байна. Бээжингийн Хятадын Анагаах ухааны сургуулийн эрдэмтдийн судалгаанаас үзэхэд нойргүйдлийн улмаас мелатонин хэрэглэх явдал 1999-2000 онд 0.4% байсан бол 2017-2018 онд 2.1% болж нэмэгдсэн байна.

Нойргүйдэлтэй хүмүүст мелатониныг өдөрт 0.8-5 мг тунгаар хэрэглэхийг зөвлөдөг. Дээр дурдсан судалгаагаар өдөрт 5 мг хүртэл болон үүнээс хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийг судлах үед 2006 оноос өмнө өдөрт 5 мг-аас их тунгаар уудаг хүний тухай мэдээлээгүй байсан бол 2006 онд 0.08%, 2018 онд 0.28% болж нэмэгдсэн байна.

Одоогоор өдөрт 1-3 мг мелатонин хэрэглэх нь эрүүл мэндэд ямар нэг эрсдэлгүй гэж үзэж байгаа боловч мелатонины тунг хэтрүүлэн хэрэглэх явдал ийнхүү улам бүр нэмэгдсээр байгаа учир үүнээс үүдэлтэй эрсдэлүүдэд анхаарлаа хандуулах шаардлагатай болж байна.

Удаан хугацаанд мелатониныг хэтрүүлэн хэрэглэснээр толгой эргэх, гэдэс базлах, толгой өвдөх, дотор муухайрах, орон зайн баримжаа алдах, сэтгэл гутралд орох, цочимтгой байдал, айдас түгшүүрт автах, цусны даралт буурах, зэрэг таагүй үр дагаварт хүргэж болно.

Харвардын их сургуулийн эрдэмтдийн 2013 онд хийсэн судалгаагаар мелатониныг хэтрүүлэн хэрэглэх нь инсулины рецепторыг мэдрэг чанарыг бууруулах замаар чихрийн шижингийн эрсдэлийг нэмэгдүүлэх магадлалтай гэж үзсэн байдаг.

Хүний биеийн дотоод шүүрлийн тогтолцоо нь "эргэх холбоо"-ны механизмаар зохицуулагддаг. Хэрэв цусанд аль нэг даавар нь хангалттай их байвал түүнийг ялгаруулдаг булчирхай нь үйл ажиллагаагаа удаашруулж, даавар ялгаруулахаа больдог. Энэ механизмын дагуу цусанд хангалттай хэмжээний мелатонин байсаар байхад мелатониныг нэмэлтээр, хэтрүүлэн хэрэглэх нь тухайн хүний өөрийнх нь өнчин тархинаас ялгарах мелатонины ялгаралтыг бууруулдаг. Тодорхой хугацааны дараа бие махбод мелатонины дутагдалд орох ба энэ нь нойргүйдлийг улам бүр гүнзгийрүүлэх шалтгаан болж байна.

Хүмүүс мелатониныг өөрийн нойргүйдлийг бие даан эмчлэх арга гэж үзээд дур мэдэн тунг нэмэгдүүлэн хэрэглэж байгаа нь хэрэглээ өсөх гол шалтгаан байж болох юм. Иймээс эмч нар дээр дурдсан эрсдэлүүдээс сэргийлэхийн тулд нойргүйдэлтэй хүн бүр дур мэдэн мелатонин уухаасаа өмнө юуны түрүүнд нойргүйдлийн шалтгааныг нарийвчлан тодорхойлох, улмаар тухайн шалтгааныг засах замаар нойргүйдлийг эмчлэх нь хамгийн үр дүнтэй гэж зөвлөж байна. Жишээ нь зарим хүний хувьд мелатонин хэвийн ялгарч байгаа боловч стресс, сэтгэл гутрал, айдас түгшүүр зэрэг сэтгэл зүйн хүчин зүйлсээс хамааран нойргүйдэл илэрч болно. Энэ тохиолдолд юуны түрүүнд сэтгэл зүйчид хандах нь зөв юм. Эсвэл хооллолт, унтах өрөөний орчныг өөрчлөх зэрэг нь илүү үр дүнтэй ч байж болно.

Түүнчлэн унтаж чадахгүй байх тохиолдол бүр нь нойргүйдэл биш юм. Зарим өвчний үед нойргүйдэлтэй төстэй шинж тэмдгүүд илэрдэг. Жишээ нь нойрсох үеийн бөглөрөлт апноэ хэмээх өвчний үед хэт том зөөлөн тагнай, хүүхэн хэл нь амьсгалын замыг бөглөснөөс унтах үед амьсгал зогсох мэт мэдрэмж төрснөөс унтаж чадахгүй байж болно. Энэ тохиолдолд мелатонин хэвийн ялгарч байгаа боловч амьсгалж чадахгүй байх мэдрэмжээсээ шалтгаалан унтаж чаддаггүй. Иймээс чих, хамар, хоолойн эмчид хандсанаар энэ асуудал шийдэгдэх болно.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn