Дуу чимээний бохирдол: Цуврал 3 - Өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

Дуу чимээний бохирдлыг бууруулах нь зөвхөн байгаль орчин, хүний эрүүл мэнд төдийгүй улс төр, эдийн засгийн томоохон асуудал болдог учраас үүний эсрэг арга хэмжээ нь төдийлөн үр дүнд хүрэхгүй байх магадлалтай. Энэ удаад дуу чимээний бохирдлоос өөрийгөө хамгаалах боломжит аргуудыг танилцуулах болно.
Дуу чимээний бохирдол: Цуврал 3 - Өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?
Дуу чимээний бохирдол: Цуврал 3 - Өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?
Дуу чимээний бохирдол: Цуврал 1 - Шуугианы эсрэг шуугиан дэгдээх цаг болжээ
Дуу чимээний бохирдол: Цуврал 3 - Өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?
Дуу чимээний бохирдол: Цуврал 2 - Дуу чимээний бохирдол ба эрүүл мэнд

Уншигч та гэрт нэвтрэх дуу чимээ болон доторх дуу чимээний түвшнийг бууруулах дараах аргуудыг хэрэглэн өөрийгөө дуу чимээний бохирдлоос тодорхой хэмжээгээр хамгаалах боломжтой.

Гэр ахуйн цахилгаан хэрэгслийн дуу чимээг багасгах: Агааржуулагч, халаагч, сэнс болон бусад цахилгаан хэрэгслээс гардаг дуу чимээ нь гэр доторх дуу чимээний ерөнхий түвшнийг нэмэгдүүлж байдаг. Тэдгээрийг шаардлагагүй үед унтраах эсвэл ийм төхөөрөмжүүдэд байдаг, зөвхөн тодорхой цагт ажиллах хугацааг нь тохируулах горимыг ашиглаж үзээрэй.

Медиа төхөөрөмжүүдийн дуу чимээг багасгах: Хөгжим, телевиз, радио, видео тоглоомын дуу чимээний түвшин болон тэдгээрийн хэрэглэх хугацааг анхаарч үзээрэй. Ялангуяа удаан хугацаанд шаардлагагүй тохиолдолд зурагт, хөгжим зэргийг асаалттай орхих, эдгээрийн дуу холилдон сонсогдох нь гэрт хамгийн их дуу чимээний бохирдол үүсгэдэг.

Хуучин машин, төхөөрөмжүүдийг засварлах эсвэл солих: Хуучин цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл болон бусад эд зүйлс нь ихэвчлэн шинэ загвараасаа илүү их дуу, шуугиан үүсгэдэг. Иймээс дуу чимээ ихтэй гэрт хэрэглэгддэг төхөөрөмжүүдийг засуулах, шаардлагатай бол шинээр солиход гэрийн доторх дуу чимээний бохирдол буурдаг.

Дуу тусгаарлагч: Гэрийг гадаад орчноос болон өрөөнүүдийн хооронд дуу чимээ дамжихаас сэргийлэх дуу шингээх, тусгаарлах материал, эд зүйлсийг ашиглах нь таныг хүсээгүй дуу, чимээний нөлөөллөөс хамгаална. Гэрийн интерьер дизайнд дуу чимээ тусгаарлагчийг хэрхэн ашиглах талаар олон төрлийн зөвлөмжүүд бий. Жишээ нь хивс, хивсэнцэр, хөшиг зэрэг нь дуу чимээний дамжилтыг сайтар тусгаарладаг. Мөн цонх, хаалганы чанар болон бүрэн бүтэн байдал нь дуу тусгаарлалтад чухал нөлөөтэй.

Нам гүн орчинд байх цагийг өөртөө гарга: Ном унших, үгийн сүлжээ бөглөх, бүтээлч хоббигоо хөгжүүлэх гэх мэтээр чимээгүй орчинд өнгөрөөх цагийг тогтмол гаргаж байхыг хичээ. Энэ хугацаанд хөгжим сонсох, ямар нэг төхөөрөмж ажиллуулах гэх мэтээр дуу чимээ гаргахаас аль болох зайлсхий. Таны тархи маш сайн амрах болно.

Чихний хамгаалалт: Байнгын дуу, чимээ ихтэй газарт ажилладаг гэх мэтээр дуу чимээний бохирдлоос зайлсхийх боломжгүй тохиолдолд түүний нөлөөллийг багасгахын тулд чихний бөглөө, чихэвч зэрэг хамгаалалтын хэрэгслүүдийг ашиглаж болно.

“Цагаан шуугиан”-г ашигла: Цагаан шуугиан гэдэг нь янз бүрийн давтамж бүхий дуу чимээг нэгтгэх үед үүсдэг нэг төрлийн шуугиан юм. Өөрөөр хэлбэл, хүний сонсож чадах бүх дууны авиаг нэгтгэх үед цагаан шуугиан болдог бөгөөд үүнийг та YouTube-ээс white noise түлхүүр үгээр олж сонсож болно. Эсвэл ийм шуугиан үүсгэдэг тусгай төхөөрөмжүүд ч бий.

Зарим хүмүүс цагаан шуугианыг өөрийгөө тайвшруулах, амрах эсвэл унтахын тулд ашигладаг. 2016 онд нойрны эмгэгтэй хүмүүсийн дунд хийгдсэн судалгаагаар цагаан чимээ нь дуу чимээний бохирдлыг далдлахад үр дүнтэй болохыг тогтоосон бөгөөд энэ нь чимээ шуугиан ихтэй газарт амьдардаг хүмүүст илүү үр дүнтэй байдаг. Гэхдээ бусад төрлийн дуу чимээний нэгэн адил цагаан шуугианыг байнга, чангаар сонсох нь тодорхой төрлийн дуу чимээг сонсох чадваргүй болгодог гэж зарим судлаачид үздэг. Иймээс маш сайн тохируулсан цагаан чимээг унтахад бэрхшээлтэй байх гэх мэт шаардлагатай тохиолдолд л хэрэглэх нь зөв юм.

Шаардлагатай бол эмчид ханд: Дуу чимээний бохирдол нь хүний сонсгол, сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, дуу чимээг бууруулах дээр дурдсан аргуудыг хэрэглэх нь үр дүнгүй бол нарийн мэргэжлийн эмчид хандаарай.

Өмнөх нийтлэлд дуу чимээний бохирдол нь хүүхдийн өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлдөг тухай дурдсан билээ. Иймээс үйлдвэржилтийн бүс, том барилга, авто замын дэргэд амьдардаг буюу байнга дуу чимээний бохирдолд өртдөг хүүхдүүдийн өсөлт хөгжил болон сонсгол алдагдах шинж тэмдэг байгаа эсэхийг хянах нь нэн чухал юм. Үүний тулд тогтмол үзлэг, сонсголын шинжилгээнд хамрагдаж, сонсголын эрхтэнд ямар гэмтэл үүссэн эсэхийг шалгаж байх хэрэгтэй.

Орон нутгийн захиргаанд шаардлага тавь: Эцэст нь хэрэв таны амьдарч буй орон нутагт хүний амьдрах орчны дуу чимээний бохирдлын дээд хязгаарыг хуулиар стандартчилсан бөгөөд дуу чимээний түвшин тэрхүү хязгаарлалтыг давсан бол хэт их чимээ шуугианы талаар орон нутгийн удирдлагуудад мэдэгдэж, бууруулах арга хэмжээ авахыг шаардаж болох юм.

Жишээ нь, тэд таны ажил, гэрийн ойролцоо хэт их дуу чимээтэй арга хэмжээ, зохион байгуулахгүй байх, барилгын талбай, үйлдвэрлэлээс үүдэлтэй дуу чимээний бохирдлыг бууруулах, шөнийн цагаар хэт чанга дуу чимээтэй авто машин гэрийн ойролцоо явахыг хориглох зэрэг арга хэмжээ авах эрхтэй юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn