Бичил түрэмгийлэл эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Бие махбод болон сэтгэцийн эрүүл мэндэд асар олон янзын хүчин зүйл нөлөөлж байдаг. Тэдгээрийн нэг нь нийгмийн харилцаа юм. Тухайлбал, амьдралын хэмнэл дунд хүмүүсийн өөрсдөө ч анзааралгүйгээр үйлддэг нэгэн төрлийн түрэмгийлэл хүний эрүүл мэндэд олон талаар нөлөөлдөг ажээ.
Бичил түрэмгийлэл эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Колумбын их сургуулийн профессор, сэтгэлзүйч Дералд Винг Сью болон түүний хамтрагчид бичил түрэмгийлэл хэмээх ойлголтыг “өдөр тутмын амьдралд аман болон аман бус хэлбэрээр, санаатай болон санамсаргүй байдлаар илэрдэг, тодорхой хүн эсвэл хүмүүсийн бүлэгт чиглэгдсэн, үл тоомсорлосон, дайсагнасан, доромжилсон сөрөг агуулгатай мессеж болон үйлдлүүд буюу ялгаварлан гадуурхлын нэг хэлбэр юм” гэж тодорхойлжээ.

"Бичил түрэмгийлэл" гэсэн нэр томьёоны гарал үүсэл 1970-аад оноос эхтэй. Харвардын их сургуулийн африк гаралтай америк сэтгэцийн эмч Честер Пирс арьс өнгөний эсрэг үзэлтэй холбоотойгоор анх санаачилсан юм. Тэр цагаас хойш эмэгтэйчүүд, LGBT+ хүмүүс, шашны цөөнхүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, нийгэм-санхүүгийн статусын хувьд доод түвшний хүмүүс зэрэг бусад гадуурхагдсан хүмүүс, бүлгүүдийг багтаан илүү өргөжсөн байна.

Бичил гадуурхал нь дараах гурван хэлбэрт ангилагддаг.

Бичил халдлага – Үг хэллэг эсвэл үйлдлээр бага зэрэг ирдэг хамгийн илэрхий хэлбэр.
Бичил доромжлол – Хувь хүний оюун ухаан, ёс суртахуун, бүлэгт харьяалагддаг тухай таамаглал, төсөөлөл, хувийн сэтгэгдлээр дамжуулан тухайн хүний тухай өрөөсгөл ойлголтыг бий болгох.
Бичил гадуурхал – Хүмүүсийн амьдралыг үнэ цэнгүй болгох эсвэл үгүйсгэх нөлөө бүхий хувь хүний тайлбарууд.

Ихэнх тохиолдолд хүмүүс өөрсдийн үг, үйлдлээрээ бусдыг тааламжгүй байдалд оруулж байгаагаа мэдэхгүйгээр эсвэл ухамсартайгаар хүлээн зөвшөөрөхгүйгээр дээрх 3 төрлийн түрэмгийллийг үйлддэг тулд үүнийг үл анзаарагдам буюу "бичил түрэмгийлэл" гэж нэрлэдэг.

Сүүлийн үед ялгаварлан гадуурхлын ил тод хэлбэрийн нэгэн адил далд хэлбэрийн ялгаварлан гадуурхалд өртөгсдийн эрүүл мэндэд тодорхой сөрөг нөлөө үзүүлдэг болохыг шинэ судалгааны үр дүнгүүд харуулж байна. Бичил түрэмгийлэлд байнга өртөх нь хүний эрүүл мэндэд шууд нөлөөлөөд зогсохгүй эрүүл мэндийн тогтолцоонд ч шууд бусаар нөлөөлдөг.

Хүн стресст өртөх үед цусны даралт ихсэх, зүрхний цохилт нэмэгдэх, кортизол зэрэг зарим дааврын ялгарал нэмэгдэх зэрэг физиологийн хариу үйлдэл үүсдэг. Бичил түрэмгийлэл хүнд нийгмийн стресс үүсгэдэг ялгаварлан гадуурхлын нэг хэлбэр бөгөөд бие махбодод яг ижил байдлаар нөлөөлдөг.

Жишээ нь, стресст өртсөн хүмүүсийн нойрны чанар мууддагтай ижил ялгаварлан гадуурхалд өртсөн хүмүүсийн нойрны чанар ч мууддаг. Үүнийг Сан Диего мужийн их сургууль ба Калифорнийн их сургуулийн судлаачид Африк гаралтай Америк иргэдийн дунд хийсэн судалгаагаар илрүүлжээ. Тус судалгаанд оролцсон, илт ялгаварлан гадуурхалтай тулгарсан гэж мэдээлсэн хүмүүсийн гүн нойрсох хугацаа нь харьцангуй бага болсон байв. Нойрны чанар бол биеийн эрүүл мэнд, физиологийн үйл ажиллагаанд чухал ба дархлааны тогтолцоо, дааврын тэнцвэр, сэтгэцийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй.

Ялгаварлан гадуурхал нь биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар 2009 онд хийгдсэн хоёр ч судалгаагаар энэ нь эрүүл мэнд, өвчлөл, ялангуяа цусны даралт ихсэх, зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг гэсэн ижил дүгнэлт хийжээ.

Түүнчлэн ялгаварлан гадуурхалд өртөх нь тамхи татах, архи уух, хэт идэх зэрэг эрүүл бус зан үйлийн өдөөдөг бөгөөд энэ нь стрессийг тухайн цаг хугацаанд бууруулах арга болж чаддаг боловч урт хугацаандаа өвчин үүсгэх өндөр эрсдэлтэй хүчин зүйлс болдог.

Бичил түрэмгийллийн хувьд сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө илүү сайн судлагдсан байна. 2015 онд АНУ-ын томоохон их сургуулиудын арьс өнгө, үндэстний цөөнхийн 405 оюутныг оролцуулсан судалгаагаар бичил түрэмгийлэлд өртдөг давтамж нэмэгдэх тусам тэдний амиа хорлох тухай бодох давтамж нэмэгддэг болохыг тогтоожээ.

Үүнтэй төстэй өөр нэгэн судалгааг Нью-Йорк хотын их сургуулийн судлаачид төрөл бүрийн гарал угсааны 506 насанд хүрэгчдийн дунд явуулахад бичил гадуурхлын давтамж нэмэгдэхэд тэдний сэтгэцийн эрүүл мэнд, ялангуяа сэтгэл гутралын шинж тэмдэг, айдас, түгшүүр, сөрөг бодол болон эрүүл мэндэд эрсдэлтэй зан үйлийн давтамж нэмэгдэж байгааг илрүүлсэн байна.

Эмнэлгийн харилцаа буюу эмч, үйлчлүүлэгчийн харилцаа илүү амжилттай байхын тулд харилцан итгэлцэл шаарддаг. Бичил түрэмгийлэл ихэвчлэн санаандгүй байдлаар үйлдэгдэж болох ч эмнэлгийн харилцааны явцад тухайн хүмүүсийн эмчилгээнд сөргөөр нөлөөлж болдог байна. Бичил түрэмгийллийн улмаас нэгэнт өрөөсгөл, буруу ойлголт үүссэн тохиолдолд энэхүү итгэлцэл алдагдаж, өвчтөн эмнэлгийн тусламж авахтай холбоотой сөрөг харилцааг бий болгодог.

Жишээ нь, АНУ-д амьдардаг, чихрийн шижин өвчтэй Энэтхэг гаралтай өвчтөнүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар хийгдсэн судалгаагаар эдгээр хүмүүсийн гуравны нэг нь эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн бичил түрэмгийлэлд өртсөн болох нь тогтоогджээ. Үүний зэрэгцээ тэдний сэтгэл гутралын шинж тэмдэг, зүрхний шигдээсний тохиолдол, эмнэлэгт хэвтсэн байдлыг бичил түрэмгийллийн давтамжтай харьцуулахад тус бүрд нь мэдэгдэхүйц хамаарал ажиглагдсан байна.

Үүнтэй төстэй үзэгдэл LGBT+ хүмүүсийн дунд тохиолддог байна. Тэдний хувьд эрүүл мэндийн салбарт бичил түрэмгийлэлд өртсөн хамгийн түгээмэл хэлбэрүүдийн нэг нь төрөлхийн бэлгийн цөөнх биш, олдмолоор буюу өөрийн дур зоргоор бэлгийн цөөнх байх замыг сонгосон гэх хандлага байдаг ажээ. Энэ нь дээр дурдсанчлан тэдний тамхи, архи, мансууруулах бодисыг хэтрүүлэн хэрэглэх, бэлгийн замын халдварт өвчинд өртөх, сэтгэл гутрал, амиа хорлох эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Нөгөө талаас ялгаварлан гадуурхалд өртсөн хүн хүчирхийлэлд өртөх, ажлын байр, орлогогүй болох, ядуурах, улмаар хангалттай сайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байх, эмчилгээний чанар муу байх магадлал маш өндөртэй бөгөөд эдгээр нь тухайн хүний эрүүл мэндэд шууд бус сөрөг нөлөө үзүүлдэг.

Хүмүүсийн санаатай болон санаандгүй хэлбэрээр бичил түрэмгийлэл үйлдэх үндсэн шалтгаан нь тухайн нийгмийн бүлгийн талаарх хэвшмэл буруу ойлголттой шууд холбоотой байна. Иймээс эдгээр сөрөг нөлөөллийг бууруулах гол арга зам нь бичил түрэмгийлэл үйлдэгчдийн тэрхүү хэвшмэл буруу ойлголтыг өөрчлөх гэдгийг АНУ-ын Эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан “Үндэсний эрх ашгийн үүднээс” хэмээх номд дурджээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn