Өндөр хүмүүс илүү өвчлөмтгий байдаг уу?

Түүхэн баримтаас авч үзвэл өндөр, том биетэй хүмүүс ихэвчлэн богино насалсан байдаг. Хамгийн сүүлд энэ талаар хийгдсэн судалгаагаар өндөр хүмүүс зарим өвчинд илүү өртөмтгий байдгийг нотолж чадсан байна.
Өндөр хүмүүс илүү өвчлөмтгий байдаг уу?

Хүний эрүүл мэнд, өвчлөлд биеийн өндөр нөлөөлдөг талаарх таамаглал нэн эртнээс үүдэлтэй. Олон зуун жилийн турш эрдэмтэд биеийн галбир хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг сонирхож ирсэн бөгөөд судалгаагаар өндөр хүмүүс захын мэдрэлийн эмгэг, доод мөчдийн шархлаа, венийн судасны архаг дутагдал зэрэг эмгэгүүдтэй илүү холбоотой болох нь тогтоогдсон юм. Түүнчлэн өндөр хүмүүс гол судас хагарах, уушгины эмболизм гэх мэт ховор тохиолддог өвчин, тэр ч байтугай төрөл бүрийн хорт хавдар тусах эрсдэл өндөртэй байдгийг олж мэдсэн байдаг.

Харин намхан хүмүүсийн хувьд титэм судасны өвчин, цус харвалт, элэгний өвчин, сэтгэцийн эмгэгт өртөх магадлал илүү их байдаг аж.

Хүний биеийн өндрөөс хамаарсан энэхүү эрүүл мэндийн эрсдэлүүд нь биеийн урттай шууд холбоотой эсэх, эсвэл буруу хооллолт, нийгэм соёлын нөлөөлөл гэх мэт хүрээлэн буй орчны нөхцөл байдлын үр дагавар уу гэдэг нь одоог хүртэл нарийвчлан тодорхойлогдоогүй байв.

Олон улсын судлаачдын баг АНУ-д амьдардаг 280,000 гаруй насанд хүрэгчдийн ДНХ-ийг шинжилснээр биеийн өндөр тодорхой өвчнүүдтэй генетикийн түвшинд хамааралтай болохыг баталж чадлаа.

Тодруулбал, биеийн өндөртэй холбоотой генүүдийг төрөл бүрийн өвчнүүдтэй холбоотой генүүдтэй тохируулснаар биеийн өндөр ямар өвчнүүдтэй генетикийн хувьд холбоотой болохыг тогтоох оролдлого амжилттай болжээ.

Үр дүнд нь өндөр хүмүүс цусны даралт ихсэх, цусанд өөх тос ихсэх, зүрхний титэм судасны хатуурал гэх мэт зүрх судасны өвчнүүдийн үед тосгуурын фибрилляци болон венийн судас өргөсөх зэрэг хүндрэл илрэх магадлал илүү их байдаг болохыг тогтоосон байна. Түүнчлэн арьс болон ясны халдвар, захын мэдрэлийн гэмтэл зэрэг өвчнүүдтэй холбоотой генүүд өндөр хүмүүст илүү идэвхтэй байдаг нь тогтоогджээ.

Судлаачид хүн өөрийн биеийн өндрийг өөрчилж чадахгүй ч эрүүл мэндийн хувьд ямар өвчнүүдэд илүү өртөмтгий болохоо мэдэж байх нь өөрийгөө эдгээр өвчнүүдээс урьдчилан сэргийлэхийн тулд илүү сонор сэрэмжтэй байхад тусална гэж үзэж байгаа юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn