Хотын агаарын тоосжилт: Цуврал 2 – Агаарын тоосжилтын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө

Агаарын тоос, тоосонцор нь бүх хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг ч нярай, бага насны хүүхдүүд, өндөр настнууд, амьсгалын замын болон зүрх судасны өвчтэй хүмүүсийн эрүүл мэндэд илүү ноцтой нөлөө үзүүлдэг.
Хотын агаарын тоосжилт: Цуврал 2 – Агаарын тоосжилтын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө
Хотын агаарын тоосжилт: Цуврал 2 – Агаарын тоосжилтын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө
Хотын агаарын тоосжилт: Цуврал 1 – Агаарын тоосжилт гэж юу вэ?

Бүдүүн ширхэгт тоос нь амьсгалын замаар биед нэвтрэх боломжгүй учир ихэвчлэн хамар, ам, хоолойноос цааш нэвтэрч чаддаггүй ч амьсгал, зүрх судасны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, амны хөндий, залгиур хоолой, нүдний салстыг цочроодог. Мөн астма, уушги тэлэгдэх өвчин зэрэг амьсгалын замын өвчтэй хүмүүсийн хувьд өвчин сэдрэх, хүндрэх шалтгаан болдог.

Нарийн ширхэг тоосонцор буюу PM2.5 болон PM10 нь амьсгалын замаар дамжин уушгинд хүрч, зарим нь цусны урсгалд орсноор эрүүл мэндэд ноцтой хор хөнөөл учруулдаг бөгөөд үр дагавар нь өртөлтийн хугацаанаас шууд хамаардаг байна.

Агаарыг бохирдуулагчдаас хүний эрүүл мэндийн хамгийн их сөрөг нөлөөтэй нь PM2.5 гэж үздэг бөгөөд үүний нөлөөнд богино хугацаанд өртөх (24 цаг хүртэл) нь амьсгал, зүрх судасны өвчний шалтгаанаар эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг бөгөөд үүний гол шалтгаан нь цочмог болон архаг бронхит, астма, зүрхний шигдээс зэрэг өвчнүүд юм. Ялангуяа зүрх, уушгины архаг өвчтэй хүмүүс, нярай болон бага насны хүүхэд, ахмад настнуудад илүү өндөр эрсдэлтэй болох нь тогтоогдсон.

Харин PM10-ын нөлөөнд богино хугацаанд өртөх нь амьсгалын замын өвчнүүд, тэр дундаа астма, уушгины архаг бөглөрөлт өвчин (COPD) зэрэг өвчтэй хүмүүст өвчин сэдрэх, хүндрэх гол шалтгаануудын нэг юм.

PM2.5-ын нөлөөнд удаан хугацаагаар (сараас жил хүртэл) өртөх нь зүрх судас, уушгины архаг өвчтэй хүмүүсийн эрт нас баралт, хүүхдийн уушгины эмгэг болон оюун санаа, бие махбодын өсөлт хоцрогдох шалтгаан болдог. PM10-д удаан хугацаагаар өртсөний үр дагавар нь одоогоор тодорхой бус боловч хэд хэдэн судалгаагаар PM10-ын урт хугацааны өртөлт болон амьсгалын замын өвчний шалтгаант нас баралтыг нэмэгдүүлж байгааг илтгэж байна.

Олон улсын хорт хавдрын судалгааны агентлагаас (IARC) 2015 онд гаргасан тойм өгүүлэлд гаднах орчны агаарын бохирдолд агуулагдах нарийн ширхэгт тоосонцор нь уушгины хорт хавдар үүсгэдэг гэж дүгнэсэн байдаг. Мөн агаарын нарийн ширхэг тоосонцрын хэмжээ нь инсулины дөжрөл буюу чихрийн шижингийн хэв шинж 2 өвчний эрсдэлд нөлөөлдөг талаар ч зарим судалгаанууд хэвлэгдээд байна.

Агаарт агуулагдах тоос тоосонцор нь дээр дурдан өвчин, эмгэгүүдийн эрсдэлийг хэрхэн нэмэгдүүлдгийг дараах байдлаар тайлбарладаг. Тоос, тоосонцор нь амьсгалын дээд замын салст бүрхүүлийг цочроосноор амьсгалын замын харшлын урвал эсвэл үрэвслийн урвалыг өдөөж, уушгины өвчний томоохон эрсдэлт хүчин зүйл болохоос гадна амьсгалын замын архаг өвчтэй хүмүүсийн өвчин сэдрэх, хүндрэх гол шалтгаан болдог.

Хүний биеийн амьсгалын замд агаартай хамт орж ирсэн тоос, шороог шүүж гадагшлуулах тусгай механизм бий. Амьсгалын замаас ялгардаг тусгай шүүрэл нь том хэмжээтэй тоосыг өөртөө наалдуулах үед амьсгалын замын доод хэсгээс дээшээ намирах хөдөлгөөн хийх чадвартай өвөрмөц эсүүд тоос, шороог өөртөө наалдуулсан цэр салстыг амьсгалын замын доод хэсэг рүү хөөж гаргадаг. Энэ нь нэг бол цэр, нус болон биеэс гадагшлах эсвэл залгигдаж ходоод руу орж, хоол боловсруулах замаар дамжин биеэс гадагшилдаг.

Нярай, бага насны хүүхдэд амьсгалын замын энэ механизм бүрэн гүйцэд хөгжөөгүй байдаг бол ахмад настнуудад болон уушгины архаг өвчтэй хүмүүст энэ үйл ажиллагаа нь илт суларсан байдаг. Тоос, тоосонцрыг уушгинаас гадагшлуулж чадаагүйгээс амьсгалын замд үрэвсэл, харшлын урвал өрнөснөөр гуурсан хоолойн булчин агшиж, их хэмжээний цэр ялгарч амьсгалын замыг бөглөдөг.

Үүний нөлөөгөөр уушгиар дамжин биед орох хүчилтөрөгчийн хэмжээг бууруулснаар ахмад настнууд болон зүрх судасны өвчтэй хүмүүст зүрхний ачааллыг нэмэгдүүлж, улмаар зүрхний шигдээс гэх мэт шалтгаанаар нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг болох нь олон тооны судалгаагаар нотлогдсон байдаг.

Мөн ахмад настнуудад тархинд хүрэх хүчилтөрөгчийн хэмжээ буурснаар зөнөх гэх мэтээр танин мэдэхүйн чадвар буурахад нөлөөлдөг бол жирэмсэн эмэгтэйчүүдэд зулбах, дутуу төрөх, бага жинтэй хүүхэд төрүүлэхэд нөлөөлдөг болох нь тогтоогдсон.

Калифорнийн Агаарын нөөцийн зөвлөл байгууллагын санаачилсан хүүхдийн эрүүл мэндийн судалгаагаар РМ2.5 ихтэй орон нутагт амьдардаг хүүхдүүдийн уушгины өсөлт удаашралтай байдаг бөгөөд 18 нас хүрэхдээ эдгээр хүүхдүүдийн уушги нь бүтэц болон үйл ажиллагааны хувьд тоос, тоосонцоргүй орчинд амьдардаг хүүхдүүдтэй харьцуулахад сул хөгжсөн байдаг болохыг тогтоожээ.

Уушгины хөгжил сул үед мөн л бие махбод хүчилтөрөгчийн дутагдалд орох бөгөөд эрчимтэй өсөлт явагдаж байдаг хүүхдийн биед хүчилтөрөгч дутагдсанаар тэдний оюун санаа, бие бялдрын хөгжлийг удаашруулдаг. Түүнчлэн уушгины хөгжил сул байх нь, ялангуяа дээр дурдсан уушгины өөрийгөө цэвэрлэх механизм сул байх нь ханиад, томуу гэх мэт амьсгалын дээд замын халдварт өртөмхий болгож, улмаар уушгины үрэвслээр (хатгалгаа) хүндрэх эрсдэл ч нэмэгддэг.

Үүнээс гадна нарийн ширхэгт тоосонцрын нөлөөгөөр хүний биед их хэмжээний хэт исэлдэлтийн бүтээгдэхүүнүүд үүсдэг. Хэт исэлдэлтийн стресс нь зөвхөн амьсгал, зүрх судасны эрхтэн тогтолцоо төдийгүй биеийн ерөнхий эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, дээр дурдсан бүхий л өвчин эмгэгийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Ялангуяа дархлааны хямрал, эсүүдийн хэвийн хуваагдалд нөлөөлснөөр хорт хавдар үүсэх суурь нөхцөлийг бүрдүүлдэг.

Амьсгал, зүрх судаснаас гадна агаарын тоос, шороонд хамгийн өртөмтгий эрхтнүүд нь нүд болон арьс, салст юм. Тоос, тоосонцор ихтэй агаарын нөлөөнд удаан хугацаагаар өртөх нь “хуурай нүдний синдром” буюу нүдний салст хуурайших, бүрэлзэж харах, цаашлаад нүдний дотоод даралт ихсэх өвчин буюу глаукомын шалтгаан болж болдог.

Хүний нүдэнд өөрийн гадаад орчинтой харьцдаг салст бүрхүүлийг орчны нөлөөллөөс хамгаалах тусгай тогтолцоо бий. Үүнд нулимсны булчирхай, нулимсны суваг, нулимсны уут зэрэг эрхтүүд хамаардаг бөгөөд эдгээр нь нүдний салстыг тогтмол чийглэхээс гадна, салст дээр наалдсан тоос, тоосонцрыг урсган угаах үүрэгтэй нулимсыг ялгаруулдаг. Нулимсны найрлагад салс, тос, ус агуулагддаг бөгөөд эдгээр нь нүдний салстыг гурван давхарга үүсгэн бүрхдэг. Ус нь салстын гадаргууг угааж цэвэршүүлэх үүрэгтэй бол салс нь салст бүрхүүлийг чийгшүүлэх, тос нь нүдний гадаргуугаас ус амархан ууршихаас хамгаалах үүрэгтэй байдаг.

Агаарын тоос, тоосонцор нь нулимсны найрлагыг алдагдуулдаг байна. Нулимсны найрлага өөрчлөгдсөнөөс дээр нүдний салстыг угаах, чийгшүүлэх физиологийн үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй болсноос нүд хуурайших, загатнах, улайх буюу “хуурай нүдний хам шинж” илэрдэг байна. Улаанбаатартай агаарын бохирдол тоосжилтоор ойролцоо томоохон хотууд болох Энэтхэгийн Мумбай, Дели хотуудад нийт хүн амын 15%-д нь энэ хам шинж илэрдэг бөгөөд агаарын бохирдлыг асуудал цаашид хүндэрсээр байвал 2030 он гэхэд 40%-д хүрэх өндөр эрсдэлтэй байгаа талаар TheHindu.com мэдээлжээ.

Арьс бол хүний биеийг гадаад орчноос тусгаарлагч юм. Түүнчлэн арьс нь уушги шиг амьсгалах чадвартай эрхтэн юм. Иймээс агаарын тоос, тоосонцор нь арьсны хэвийн бүтэц, үйл ажиллагаанд ч сөргөөр нөлөөлдөг. Үүний үр дүнд арьсанд шууд ба шууд бус механизмаар хэт исэлдэлтийн бүтээгдэхүүнүүд үүсэж, исэлдэлтийн стресс нь арьсны хөгшрөлт болон атопик дерматит (экзем) өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Агаарын тоос, тоосонцор нь бүх хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг ч хамгийн эмзэг бүлгийн хүмүүс нь нярай, бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настнууд, амьсгалын замын болон зүрх судасны өвчтэй хүмүүс юм. Дараагийн нийтлэлд эдгээр эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар авч үзэх болно.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn