Хорт хавдар монголчуудыг “идэж” байна

Элэг, ходоодны хорт хавдрын өвчлөл үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ярих асуудал болжээ.
Хорт хавдар монголчуудыг “идэж” байна

Ногоон ноосон малгай духдуулж, том цүнх сугавчилсан 60 орчим насны эмэгтэй Хавдар судлалын үндэсний төвийн хаалгаар зэрэгцэн орлоо. Тэрээр “Эмнэлэгт үзүүлнэ гэдэг ч шантармаар хэцүү юм аа. Эгч нь 21 дэх өдрөө энэ эмнэлгийн хаалгаар орж ирж байна. Заримдаа яг л ажилтан нь болчихсон юм шиг санагддаг боллоо. Хотоос 600 гаруй километрийн зайтай газраас ирсэн болохоор нэгмөсөн эмчлүүлээд л буцах санаатай гүрийгээд байна. Умайн хүзүүний хорт хавдар оноштой туяа эмчилгээнд ор гэсэн зөвлөгөөтэй нутгаасаа гарсан. Хотод айлд олон хононо гэдэг ч бас л амаргүй байдаг юм байна. Заримдаа ч санаа зовох л юм” хэмээн ярилаа. Түүнийг Ц.Туяагэрэл гэдэг аж. Дорнод аймгийн Баян-Уул сумаас химийн туяа эмчилгээнд орохоор ирээд оочроо хүлээж буй нь энэ. Томоохон худалдааны төвөөр явж буй мэт хөл гишгэх зайгүй шахам хүн зон хөлхсөн Хавдар судлалын үндэсний төвийн үүдний жижиг сандал дээр түүнтэй ийн ярилцлаа.

Ц.Туяагэрэл 20 гаруй хоног явж байж сая нэг химийн туяа эмчилгээнд орох цагаа албан ёсоор баталгаажуулж авчээ. Гэхдээ түүнд маргаашаас эхлээд эмчилгээнд орох боломж бас л олдсонгүй. Гуравдугаар сарын 31-нд эмчилгээгээ эхлүүлэх цаг авчээ. Гэсэн ч тэрээр “Миний өвчин бусад хүмүүсийнх шиг хүндрээгүй. Умайн хүзүүний хорт хавдар хоёрдугаар шатандаа орсон байна гэсэн. Цаг алдахгүй эмчилгээгээ хийлгэвэл эдгэрнэ шүү гэж аймгийн эмч хэлсэн юм. Даанч манай суманд хавдрын эмч байдаггүй. Биед айхтар мэдэгдэх шинж тэмдэг илрэхгүй мөртөө хавдар болчихсон байх юм. Итгэхэд хэцүү л байна. Хол газраас зорьж ирснийх эмчилгээгээ хийлгэж байж л буцна даа. Би ч бараг хотын иргэн болох шахах юм шиг байна” гэж хэлээд инээмсэглэн аядан мушилзав.

Түүний зэрэгцээ суух иргэнийг Ц.Рэнцэн гэдэг аж. Тэрээр "Ах нь элэгний хорт хавдар гэсэн оноштой хагалгаанд орох гэж ирсэн юм. Гэтэл 18 хоногийн дараа орох болчихоод байна. Хамаатны маань хүн элэгний хорт хавдар нь хүндэрсэн оноштой энэ эмнэлэгт ирж байсан. Гэхдээ химийн эмчилгээ хийлгэлгүй хаяад явсан тэгээд удаагүй хорвоог орхисон доо. Эмчилгээгээ тууштай хийлгэвэл ямартай ч хэдэн жил амьдардаг л юм билээ. Хүмүүс надад хавдраа ахиулахгүй үүднээс боолгосон дээр гэдэг зөвлөгөө өгсөн. Тэгээд л ирсэн юм. Гэтэл 18 хоног хүлээх болчихлоо. Сэтгэл дотроо түгшиж байгаа ч таван хүүхдээ бодоод нэг жил ч гэсэн амьдарчихмаар байна” гэлээ.

Бид мөн бүдүүн гэдэсний хорт хавдар гуравдугаар үедээ орсон гэх оноштой хагалгаанд орсон иргэн Б.Дагватай утсаар холбогдлоо. Тэрээр "Би Өвөрхангай аймгаас ирж эмчлүүлсэн. Энэ жил 37 нас хүрч байгаа. Хааяа бие өвддөг байсан ийм айхтар онош сонсоно гэж бодоогүй. Энэ эмнэлгийн мэс заслын тасаг үнэхээр ачаалалтай ажилладаг юм байна. Хэт их болоод ч тэр үү заримдаа эмч, сувилагч нар нь их л бухимдалтай харагдах юм. Эмнэлгээс гараад нутагтаа очоод химийн эмчилгээ хийлгээрэй гэсэн. Гурван удаа химийн эмчилгээ хийлгэж байж эдгэрнэ гэж хэлсэн. Залуучуудад хандаж хэлэхэд эртхэн эмчид үзүүлж байсан нь аминд өлзийтэй шүү" гэж хэлмээр байна.

Өвчтөнүүд ийн ярилаа. Манай улс хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд эхний байрт бичигдэж байгаа юм. Хүн амын дунд хорт хавдрын өвчлөл газар авч ихэнхдээ хожуу шатандаа оношлогддог нь төрөлжсөн эмнэлгийн ачааллыг улам нэмэгдүүлж байна. Элэгний хорт хавдрын өвчлөлөөр сүүлийн хэдэн жил дараалан дэлхийд тэргүүлж буй нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх асуудал болжээ. Гэвч төр засгийн удирдлагууд дорвитой арга хэмжээ авахгүй байгаа нь харамсалтай.

Б.Ганзориг: Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй иргэдэд хариуцлага тооцдог болох хэрэгтэй

Бид Хавдар судлалын үндэсний төвийн ачаалал ямар байгаа талаар тус эмнэлгийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч, клиникийн профессор Б.Ганзоригтой ярилцлаа.

Хавдрын тусламж үйлчилгээ сайжирч чадсан уу. Танай эмнэлгийн үйлчлүүлэгчид олон хоног явдаг, оочир ихтэй гэж шүүмжилдэг юм билээ. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Монгол Улс хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Нас баралт өндөр байна гэдэг бол өвчнийг хожуу шатанд оношлуулж байгаатай холбоотой. Манай эмнэлэг яг үнэндээ ачааллаа дийлэхгүй байгаа. Анх 1982 онд тухайн үеийн хүн амын тоонд нийцүүлж барьсан барилга шүү дээ. Тэр цаг үеэс хойш 40-өөд жил өнгөрлөө. Улаанбаатар хотын хүн ам ч өслөө. Энэ барилга дотор ажилладаг хүмүүсийн тоо гэхэд л сүүлийн 20 жил багагүй хувиар нэмэгдээд байна. Өвчлөл маш их нэмэгдсэнээс үүдээд ачааллаа даахгүй байдалд хүрсэн. Ер нь бол шинэ эмнэлэг барихгүй бол одоогийн энэ байдлаар цаашид ажиллахад хүндрэлтэй болсон.

Нэг өдөрт хэчнээн өвчтөнд хагалгаа хийдэг вэ. Мэс заслын эмч нарын ачаалал ямар байна вэ?

-Манай эмнэлэг мэс заслын таван тасагтай. Өдөрт 20 орчим, долоо хоногт 80-100 өвчтөнд хагалгаа хийдэг. Ингээд үзэхээр жилд 3,000 гаруй иргэн хорт хавдрын хагалгаанд орж байна. Яах вэ сүүлийн хоёр жил цар тахлаас шалтгаалаад мэс заслын тоо бага зэрэг буурсан. Хорт хавдрын мэс заслын эмчийн хувьд онцлог зүйл бий. Хамгийн их түгээмэл тохиолддог элэгний хорт хавдар, улаан хоолой, ходоодны хорт хавдар гээд амин чухал эрхтнүүдэд хагалгаа хийдэг бөгөөд ихэвчлэн тухайн эрхтнийг тайрах, үсэрхийлсэн хэсгийг нь хамах гээд нарийн төвөгтэй мэс засал хийдэг учраас бидний ажил их хүнд л дээ. Нэг хүнд хагалгаа хийхэд өвчтөний байдлаас шалтгаалаад 6-8 цаг зарцуулдаг. Хөл дээрээ удаан зогсдог учраас маш их ядардаг. Зөвхөн ганц эмч оролцохгүй унтуулагч эмч, сувилагч гээд олон хүн оролцсон хагалгаа удаан үргэлжилдэг онцлогтой.

Мэс заслын эмч нарын хүрэлцээ хангамж хэр байдаг вэ. Залуу боловсон хүчнүүдийг хангалттай бэлтгэж чадаж байгаа юу?

-Мэс заслын эмч нарыг улсын хэмжээнд хангалттай бэлтгэж чадаж байгаа боловч хавдрын мэс заслын эмчийн хүрэлцээ хангамжийн хувьд учир дутагдалтай гэж хэлнэ. Учир нь нарийн мэргэшсэн эмч болохын тулд олон жил суралцдаг. Тэгэхээр сайн чадварлаг эмч хангалттай хэмжээнд байж чадахгүй байна.

Хавдрын мэс заслын эмчийн цалин ямар байдаг вэ. Эмч нарын цалин хангамж хэр сайжирч байгаа вэ?

-Миний хувьд энэ салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа. Сард 960 мянган төгрөгийн цалинтай. Бусад салбартай харьцуулахад ичмээр л юм билээ. Томоохон компанийн цэвэрлэгч ч миний цалингаас арай илүү авдаг байх. Бусад улс орнуудын эмч нарт цалингаа хэлэхээс санаа зовмоор л байдаг. Канад улсад л гэхэд миний зиндааны 20 гаруй жил ажиллаад мэргэшсэн мэс заслын эмч сарын 20 мянган ам.долларын цалин авдаг юм билээ. Гаднын эмч нар цалин өндөр, ар гэртээ санаа чилээх асуудалгүй хангамж сайтай байдаг учраас ажилдаа бүх зүйлээ зориулдаг юм шиг санагдсан.

Биднийг цалин багатай яаж амьдралаа болгодог юм гэж хүмүүс их сонирхдог. Мэдээж хүн л болсон хойно санхүүгийн бэрхшээл тулгарч л байгаа. Цалин багатайгаасаа болж өвчтөнүүдээс авлига авдаг гэж харддаг.

Мэс заслын тасгийн орны хүрэлцээ ямар байгаа вэ. Хөдөөгөөс ирсэн өвчтөнтэй уулзахад хагалгаанд ороод хэдхэн хоноод л гарсан ор нь хүрэлцэхгүй учраас бүрэн илаарьшаагүй байхад гар гэдэг гэж байсан?

-Эмнэлгийн ачаалалтай холбоотой хүлээгдэл, чирэгдэл байхыг үгүйсгэхгүй. Монгол элэгний хорт хавдрын тохиолдол дэлхийд байхгүй өндөр үзүүлэлттэй байгаа гэж би түрүүн хэлсэн. Элэгний хорт хавдрын тасаг бол маш их ачаалалтай байдаг. Өвчтөнүүд хоёр сарын дараа хагалгаанд орно шүү л гэдэг хариу сонсдог. Хоёр сар хүлээнэ гэдэг мэдээж хэцүү. Өвчтөний бие улам л муудна шүү дээ. Гэвч элэгний хорт хавдрын тасаг бол байгаа хүчин чадлаараа улайстал л ажиллаж байгаа. Манай тасгийн хувьд өвчтөнийг эмнэлгээс гарахад аюулгүй болсон үед нь л гаргадаг. Бүрэн эдгэрээгүй байхад хөөж гаргадаг гэдэг бол ташаа мэдээлэл байх. Нэг үеэ бодоход орны хүрэлцээ арай дээрдсэн.

Хоёр хагалгааны өрөөтэй хэцүүхэн байсан бол өнгөрсөн жил хоёр давхраа бүхэлд нь хагалгааны тасаг болгосон. Ингэснээр нийт зургаан өрөөнд мэс засал хийх боломж бүрдсэн. Мөн өндөр өртөгтэй хагалгааны төлбөрийг эрүүл мэндийн даатгалаас төлдөг болсноор өвчтөнд ирэх эдийн засгийн дарамт арилсан гэж үзэж болно. Ерөнхийдөө эмчилгээ оношилгооны багаж төхөөрөмж сайжирч дэвшил гарч байгаа боловч өвчний тархалт, хүндэрсэн хойно нь эмнэлэгт ирдэг байдлаас болоод ачаалал маш өндөр байгаа нь иргэдийг бухимдахад хүргэж байна.

Хорт хавдрын явц оройтож илэрдэг шалтгаан иргэдийн хариуцлагагүй байдалтай холбоотой байх. Иргэдийг эрүүл мэнддээ хариуцлагатай ханддаг болгох ямар арга байна вэ?

-Хавдар их онцлогтой өвчин. Эхнийхээ үе шатуудад тухайн хүнд ямар ч шинж тэмдэг мэдрэгдэхгүй. Жишээлбэл, элэгний хавдар гэхэд нэг, хоёрдугаар үе дээрээ ямар ч зовуурь илэрдэггүй. Хавдар үүсээд шинж тэмдэг мэдрэгдэхгүй гурван жил явна. Ингээд өвдөөд эхлэхээр нь үзүүлэхэд л аль хэдийнээ хавдар нь томорсон байдаг. Тэгэхээр цаашдаа хавдрын өвчлөлийг газар авхуулахгүйн тулд тогтолцооны том өөрчлөлт хийх шаардлагатай. Мөн иргэдэд эдийн засгийн ямар нэг хөшүүргийн арга хэмжээ авдаг болж байж өвчлөл буурна. Хорт хавдраар нас барж хүмүүсийн тоогоор дэлхийд нэгдүгээрт бичигдэнэ гэдэг хамгийн муу тогтолцоотой байна гэсэн үг.

Хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулж чадахгүй байгаад нөлөөлөх хүчин зүйл байдаг байх. Тархай бутархай суурьшилтай малчдын хувьд эмнэлэг орж үзүүлэх цаг зав хомс л байгаа байх. Улаанбаатар хотын иргэдийн хувьд ч өдөр тутмынхаа амьдралыг залгуулах гээд борви бохисхийх завгүй л зүтгэж байна. Ингэж явсаар байгаад л өвчнөө хүндэрсэн хойно нь эмнэлэг бараадаж байгаа шүү дээ. Цаг завгүй хүмүүст эрүүл мэндийн боловсрол яриад үр дүнгүй л дээ. Хүмүүс яагаад машиныхаа тос тосолгоог байнга солиод байдгийн цаана шалтгааныг мэдэх үү. Ердөө цагдаад торгуулахгүй л гэж тэгдэг биз дээ. Тэгэхээр яг үүнтэй ижил арга хэрэглэж болно шүү дээ. Иргэдийг эрүүл мэнддээ хариуцлагатай ханддаг болгох арга хэрэглэдэг болох хэрэгтэй. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан баг Эрт илрүүлгийн хууль батлаад 60 тэрбум төгрөг төсөвлөсөн гэж сонссон. Энэ бол том дэвшил. Хууль нь батлагдах гэж байна. Мөн эмнэлгийн хашаанд эрт илрүүлгийн төв барихаар боллоо. Хөшүүрэг гэдэг нь тухайн иргэн жилдээ заавал нэг удаа үзүүлж байх ёстой гэсэн дүрмийг тархинд нь суулгаж өгөх ёстой. Жишээлбэл, Япон улс ходоодны хорт хавдрын 60 хувийг эрт илрүүлдэг. Үлдсэн 40 хувь нь хожуу үедээ оношлогдож байна. Япон улсад урьдчилан сэргийлэх үзлэг маш чухал. Хэрэв иргэн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаад эрт өвчнөө оношлуулсан бол эмчилгээнийх нь зардлыг эрүүл мэндийн даатгалаас нь 100 хувь төлнө. Харин урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахгүй яваад өвчнөө хүндрүүлсэн бол иргэний үүргээ биелүүлээгүй гэж үзэж эмчилгээнийх нь зардлын 50 хувийг өөрөөр нь төлүүлдэг тогтолцоотой байдаг. Энэ их зөв тогтолцоо шиг санагдсан. Манайд ч гэсэн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахгүй өвчнөө хүндрүүлбэл эмчилгээнийх нь зардлын тодорхой хувийг өөрөөр нь төлүүлдэг байх хэрэгтэй. Ингэж эдийн засгийн ямар нэг хөшүүрэг хэрэглэж байж иргэд эрүүл мэндээ анхаардаг болно. Тэгэхээр өөрсдөө зардал гаргахгүйн тулд урьдчилан сэргийлэх үзлэгт идэвхтэй хамрагддаг болох байх.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn