Д.Ганбат: Гүйлт эергээр “халдварладаг”

Гүйлтийн спорт сонирхогч, ууланд алхдаг хүмүүс дунд Гамбаа ах нэрээр танигдсан хэт холын зайн гүйлтийн тамирчин, IRUN гүйлтийн клубийн үүсгэн байгуулагч Д.Ганбаттай ярилцлаа. Тэрээр гүйлтийн спортоор хичээллэснээр хүний бие, сэтгэхүй, эрүүл мэндэд гарах өөрчлөлт, гүйлтийн ач холбогдлын талаар сонирхолтой түүхүүд өгүүлсэн юм.
Д.Ганбат: Гүйлт эергээр “халдварладаг”

- Та хэзээ гүйж эхэлсэн юм бэ?

- Одоогоос 10 гаруй жилийн өмнө буюу 45 орчим настай байхдаа ууланд алхаж эхэлсэн. Тэр үед маш их стресстэй, мөнгө, ажил гээд бие махбод, эрүүл мэндээ умартаж илүүдэл жинтэй болсон нэгэн байсан юм. Тухайн үед англи хэлний багшаар ажилладаг байсан болохоор шавь нартаа үйлдлээрээ үлгэр дуурайлал болох хэрэгтэй гэж шийдсэн. Тэгээд ууланд алхаж эрүүл мэнддээ анхааръя гээд 9 сард тухайн үеийнхээ зургийг аваад ууланд гэр бүлийнхээ хүнтэй амралтын өдрүүдэд алхаж эхэлж байсан.

Эхэндээ уулын орой дээр гарахын тулд хэд хэдэн удаа амарч байж гардаг байлаа. Дугуй цагаан руу алхаад буугаад ирэхэд бараг л бүхэл өдөржин болдог байсан.

Амралтын өдөр бүр тууштай ууланд алхсанаар жингээ хаяад, бие маань хөнгөрөөд сүүлдээ шогшдог болж бүр цаашлаад гүйдэг болсон. Энэ үеэс л ууланд гүйдэг болсон доо. Түүнээс хойш тасралтгүй 11 жил гүйж байна.

- Гүйлтийн спортоор хичээллэснээс хойш таны бие, сэтгэл зүйд ямар өөрчлөлт, үр дүн гарсан бэ?

- Энэ хугацаанд маш олон эерэг өөрчлөлт гарсан. Биеийн жингийн хувьд 20 гаруй кг хаясан. Гэтэл үүнээс чухал, хүний нүдэнд харагдахгүй дотоод буюу тархи сэтгэхүйд өөрчлөлт гарсан юм. Эдгээр өөрчлөлтөөс дурдвал би дотогшоо буюу интроверт, нийтэч биш хүн байсан. Гүйлт хүний зан төлөвт маш том хэмжээний эерэг өөрчлөлт бий болгодог. Их тэвчээртэй болсон, юм бүхэнд адгаад байдаг байсан зангаа орхисон, аливаад уужуу сэтгэлээр ханддаг болсон, бас юмыг аль болох олон өнцгөөс хардаг болсон гэх мэт олон сайхан эерэг өөрчлөлт гарчээ.

Гүйлт надад юу өгөв гээд эргээд дүгнэхэд тэсвэр тэвчээртэй байхад сургасан нь юугаар ч үнэлшгүй үнэт хичээл юм гэдгийг ойлгосон. Ялангуяа миний гүйдэг төрөл бол энгийн гүйлт биш хэт холын зайн гүйлт учраас 100км, 160км гэх мэт холын зайн гүйлтийн марафон, тэмцээнүүдэд оролцдог. Цаашлаад 6 өдрийн гүйлтийн тэмцээнд ямархуу тэмцээн болдгийг мэдэрч үзэхээр оролцсон. Тухайн тэмцээн марафонуудад оролцож байхдаа маш их өвдөлтийг мэдэрдэг. Өвдөлт мэдрээд, биеэрээ туулаад марафоноо дуусгахад өмнө нь амьдралд тохиолдож байсан жижиг асуудал, бэрхшээлүүд, биеийн өвдөлт гэх мэт зүйлс маш амархан санагддаг болно. Гүйлтээс сурсан хамгийн том сургамж бол энэ юм. Хүн зовлон бэрхшээлийг биеэрээ давж гарч байж л хөгжиж өөдөлж дэвшдэг юм байна гэдэг сэтгэлгээг гүйлтээр дамжуулж ойлгосон.

Үүнээс гадна эрүүл мэндийн олон эерэг өөрчлөлт бий болсон шүү. Миний нуруу их өвддөг, илүүдэл жинтэй учраас даралт ихэсдэг, том гүзээтэй, ургамлын тоосны харшилтай байсан. Гүйлтийн спортоор тууштай хичээллэсний ачаар энэ бүхнээсээ ангижирч харшилгүй, илүүдэл жингүй болж, нуруу маань өвдөхөө больсон.

Гүйлтээр хичээллэдэггүй байх үед 5 сар гараад ургамал, моднууд тоосоо гөвөх үед харшил хөдөлж нус, нулимс гоожиж хоолой боогдчих гээд маш хүндрэлтэй байдаг байсан бол одоо харшлаасаа бүрэн ангижирч эдгэсэн.

- Та 10 гаруй жил ханиад хүрээгүй, аптек ороогүй гэсэн дээ. Энэ бүхэн гүйлттэй холбоотой л байх даа?

- Цэвэр гүйлттэй холбоотой. Би байнга байгальд цэвэр агаарт 10 гаруй жил гүйх хугацаандаа ханиад хүрээгүй, эмийн сан ороогүй өдийг хүрч байна. Зөвхөн гүйлтээр дамжуулж бие эрхтний дархлаагаа сайжруулснаар энэ бүх өвчнөөсөө ангижирч чадсан гэсэн үг.

- 100км, 160км, 6 өдрийн гэх мэт тэсвэр тэвчээр их шаардсан тэмцээнд орж байгаа хүнд ингэж өөрийгөө зовоож байхаар болъё гэсэн бодол төрдөг байж таарна. Тийм үедээ яаж бууж өгөлгүй тэмцээнээ дуусгаж байсан бэ?

- Хүмүүс амжилттай хүмүүсийг дагаж тэднээс урам зориг авах эсвэл ямар нэг урам зориг өгсөн эшлэл унших гэх мэт янз бүрийн аргаар өөрсдийгөө зоригжуулдаг байх.

Миний хувьд хажуудаа байгаа хүмүүсээс урам зориг авдаг. Бидний эргэн тойронд бидэнд тулгарч буй бэрхшээлээс илүү том бэрхшээл, сорилтыг даваад гарч чадаж байгаа хүмүүс цөөнгүй бий. Тэдэнтэй өөрийгөө харьцуулан бодож тэднээс сэдэл, урам зориг авдаг.

Би нэг удаа 24 цагийн марафонд насны ангилалдаа рекорд тогтоох зорилготой орж байсан. Гэвч өөрийгөө хэчнээн шахаж хичээсэн ч рекорд тогтоох боломжгүй санагдаж эхэлсэн. Учир нь, тухайн үед гэдэс хямарч, хөлийн 4 хуруу цэврүү үүсэж, ташаан толгой руу хатгаж өвдөөд тэгшхэн ч алхаж чадахгүй байсан болохоор найзаараа түшүүлж арайхийж алхаж байлаа л даа. Тэр мөчид би хамаатныхаа хорт хавдартай хүний тухай бодож, тэр хүн миний энэ өвдөлтөөс ч илүү өвдөлтийг олон жил тэсэж байхад миний энэ өвдөлт энэ тэмцээн дуусаад л зүгээр болох учраас жинхэнэ өвдөлт биш гэж бодсон. Ингээд өөртөө урам зориг өгөөд гүйлтээ үргэлжлүүлэх үед сонин нь өвдөлт автоматаар арилж тэмцээнээ өндөрлүүлж чадсан.

Хүний бие махбод маш их чадамжтай. Бүх зүйл сэтгэл зүйтэй холбоотой. Тархи л биеэ удирддаг. Өөрийнхөө сэтгэл зүйд байгаа саад бэрхшээлээ даваад нэг хөлөө нөгөө хөлийнхөө урд тавиад зогсолтгүй урагшлах ёстой гэсэн командыг өөртөө өгчих үед урагшлаад яваад л байдаг.

Хэт холын зайн гүйлт тархи, сэтгэл зүйтэй холбоотой их сонин спорт л доо.

Би оюутан байхдаа сэтгэл зүй судалдаг байсан. Одоо ч сэтгэл зүй, тархины шинжлэх ухааныг судалдаг учир энэ шинжлэх ухаантай холбож өөрөө өөрийгөө сэдэлжүүлдэг техниктэй.

- Та IRUN гүйлтийн клубийн үүсгэн байгуулагч. Клубээ анх хэзээ үүсгэн байгуулсан бэ?

- Хүмүүс анх тэгш талбай дээр гүйж эхэлдэг бол би анх эхнэртэйгээ богд уул руу алхаж эхлээд аажимдаа ууланд гүйж эхэлж байсан хэмээн өмнө нь дурдсан даа.

Удалгүй ганцаараа ууланд гүйгээд байх уйтгартай санагдаад ууланд гүйдэг хүмүүстэй танилцаад хамт гүйе гэж төлөвлөөд л энэ бүхэн эхэлсэн. Манай клубийн хүндэт гишүүн Батсүх ах, клубийн дасгалжуулагч Энхбаяр нартай ууланд гүйж байхдаа танилцаж хамт гүйдэг болсон юм.

Бид гурав хамт хэдэн сар ууланд гүйгээд сайхан мэдрэмж, өөрчлөлт мэдрээд, гоё болоод байгаагаа анзаарч байсан. Энэ сайхан мэдрэмжийг хүмүүстэй хуваалцах хэрэгтэй юм байна гэж шийдээд клуб байгуулах талаар ярилцаад ажил хэрэг болгосон.

Үүнээс гадна клуб байгуулах өөр нэг сэдэл 2016, 2017 оны үед Солонгост болсон тэмцээнд ганцаараа оролцож байснаас үүдэлтэй юм. Тэр үед ганцаараа тэмцээн уралдаанд орох нь ямар уйтгартай байдгийг өөрийн биеэрээ мэдэрсэн л дээ.

Утсаараа хөгжим сонсож гүйж байгаад цэнэг нь дууссан болохоор тэмцээнд орсон зургаа ч авхуулж чадаагүй. Ганцаараа модны сүүдэрт сууж байхад багаараа тэмцээнд оролцож байгаа хүмүүс аз жаргалтай гэгч нь дурсамж бүтээж байлаа. Энэ үед клуб байгуулж хамтдаа тэмцээн уралдаанд оролцох нь зөв юм байна гэж шийдсэн. Ингээд клубээ ууланд хамт гүйдэг 2 тамирчинтай хамт байгуулж анхлан гүйгчдэд зориулсан зөвлөгөө бичээд эхэлж байсан. Үүнээс хойш хүмүүс манай клубийн үйл ажиллагааг мэддэг болоод гишүүдийн хүрээ тэлээд л байна.

- Танай клубийн гишүүд өөрсдийгөө сорьсон хэт холын зайн уулын гүйлт, марафонуудад оролцдог талаар сонссон юм. Өнгөрсөн 3 дугаар сард David Goggins-ийн 4х4х48 буюу 48 цагийн турш 4 цаг тутамд 4 миль буюу 7 км замыг туулах гүйлтийн сорилтод клубээрээ амжилттай оролцсон гэсэн. Энэ талаар сонирхуулаач?

- Би David Goggins-ийн “Can’t hurt me” номыг уншиж байсан. Сонирхолтой нь миний боддог зүйлсийг бичсэн байсан. Хэт холын зайн гүйлт бол өвдөлт юм. Гүйж байх үедээ өвдөлтийг мэдрээд даваад гарч ирэх мэдрэмж үнэхээр сайхан. Энэ номд маш их зовж байгаа мэтээр өөрийгөө шахаж байгаа үед хүн өөрт байгаа чадамжийнхаа зөвхөн 40%-ийг ашиглаж байдгийг онцолсон байдаг. Номын зохиогч өөрөө маш хэцүү амьдралыг даван туулж өөрийгөө ялж өөрчлөлтийг бий болгож чадсан хүн.

Өмнө нь 24 цагийн марафонд нойргүй оролцох маш чанга байдгийг биеэрээ туулж мэдэрч байсан болохоор клубийн залуустаа урам зориг өгөх, өөрсдийгөө сорьж үзэх боломжийг олгон бид хамтдаа энэ сорилтод 2 дахь жилдээ оролцож байна.

Энэ сорилтын гол зорилго хүний дотор ямар их нөөц боломж байдгийг мэдрүүлэх зорилготой. Ямар ч оролдлого хийхгүй тохиолдолд өөрт байгаа чадамж, нөөцөө мэдрэхгүй, нээх боломжгүй.

Манай клубийн гишүүдийн ууланд холын зайд гүйж байгааг хараад “Ямар сайн гүйдэг юм бэ”, “Яаж ийм хол гүйж чадаж байна аа” гэх мэт сэтгэгдэлтэй байгаа хүмүүст ч яг бидэнд байгаатай ижил чадамж бий.

- Энэ жил танай клубийн сорилт хэрхэн өрнөв?

- Бид клубээрээ нэг дор байрлаад 34үүлээ сорилтоо эхлүүлсэн. Эндээс сорилтоо амжилттай дуусгаж чадсан 25 гишүүн байна. Манай клубийн гишүүдэд чанга сорилт давсан. Гишүүд маань хамтдаа байж чадсаны ачаар дуусгаж чадлаа гэж байсан нь хамт олны хүч, дэмжлэг ямар чухал гэдгийг мэдрүүлсэн дээ.

Ганцаараа иймэрхүү хэцүү сорилтод оролцож байгаа үед юу хийгээд өөрийгөө зовоогоод байгаа юм больё гээд худал бодол сэтгэхүйдээ хөтлөгдөөд замын голоос бууж өгөх тохиолдол олон байдаг.

Ганцаараа виртуалаар энэ сорилтод оролцож байсан хүмүүс хөл нь өвдөөд, бэрхшээлтэй санагдаж эхлэнгүүт сорилтын дундаас бууж өгч байсан нь үүний тод жишээ юм.

- Үйлдлээрээ өөрийгөө олох гээд хичээж байгаа залууст үлгэр дуурайл үзүүлж байгааг тань хараад үнэ цэнтэй амьдралаар амьдарч байгаа хүн байна даа гэж бодсон.

- За маш их баярлалаа. Би өөрөө багш болоод ч тэр үү үүнийг миний үүрэг гэж боддог. Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй, бусдын мэдэхгүй, чадахгүй зүйлийг хэлээд өгье гэсэн зорилготой амьдардаг.

Гүйж байгааг маань хараад урам зориг авч гүйж эхэлсэн, цаашлаад гүйлтэд донтож сэтгэл гутралаас салсан, муу зуршлаа орхисон гэх мэт олон эерэг өөрчлөлт хүмүүст гарч байгааг харах, сонсох сайхан байдаг. Ийм төрлийн эерэг өөрчлөлтийн түүхийг олон хүмүүс хуваалцаж байгаад талархдаг.

- Таныг цаг агаар тоохгүй гүйдэг гэж дуулсан. Та сэтгэл зүйгээ яаж удирдаад байна?

- Ихэнх хүмүүс эрүүл амьдрахад хэрэгтэй зүйлсийг мэддэг ч амьдралдаа хэрэгжүүлж дадал зуршил болгох нь хамгийн чухал гэдгийг мартдаг.

Би өөртөө 24 цагийн марафонд оролцож насныхаа ангилалд рекорд тогтооно гэх мэт төрөл бүрийн зорилго тавьдаг.

Хэрэв би тууштай бэлтгэл хийхгүй бол зорилгодоо хүрч чадахгүй нь тодорхой. Зорилгодоо хүрэхийн тулд цаг агаар, сэтгэл зүй ямар байхаас хамааралгүй өдөрт 10км гүйнэ гэсэн л бол гүйнэ. Тухайн цаг мөчийн мэдрэмждээ хөтлөгдөж өөртөө ялагдалгүй шууд гэрээсээ хувцсаа өмсөөд гардаг.

Би залхуу хүн учраас өөртөө зөөлөн хандаад өөрийгөө сул тавьчих юм бол 10 жилийн өмнөх өөрийн хувилбартаа буцаад очно. Залхуу учраас аливаа зүйлийг хойш тавьчих гээд байдаг. Тэгээд том гэдэстэй өвгөн хүн загнаад л сууж байна гэсэн үг. Тиймээс өөртэйгөө өдөр болгон тэмцдэг.

Сүүлийн 10 жилийн турш 7 хоногийн 6 өдөр гүйж бэлтгэл хийдэг горимтой амьдарч байна. Даваа гарагт гүйдэггүй, дасгал хийлгүй өнждөг. Хэрэв нэг л өдөр өөртөө зөөлөн хандаад горимоо зөрчөөд алгасчих юм бол миний өөртөө тогтоосон хэмнэл алдагдчих юм шиг санагддаг.

Гүйлт хэдийнээ миний амьдралын хэв маяг болсон учраас бие махбод маань гүйлтэд бүрэн дасан зохицсон. Гүйхгүй бол ядраад ажлын бүтээмжгүй, залхуурч нозоорсон мэдрэмжтэй байдаг. Хүмүүст сонин санагдаж болох ч надад ийм мэдрэмж төрүүлдэг.

- Таны яриаг сонсоход дадал зуршлын хүчийг өөртөө хэвшүүлж чаджээ. Хүн дадал зуршлаа 1-3 өдөр алгасаад дахин хийж эхлэхэд шинээр эхэлж байгаатай адил мэдрэмж сэтгэл зүй, бие махбодод төрдөг гэж судалгаанаас уншсантай агаар нэг сонсогдож байна. Тууштай байдлынхаа нууцаас хуваалцвал?

- Хүн өөрөө үнэн сэтгэлээсээ хөгжье, өөрчлөгдье гэсэн зорилготой байгаа бол дутагдлаа үнэнчээр хүлээн зөвшөөрч чаддаг байх ёстой. Жишээлбэл би өөрийгөө залхуу гэдгээ хүлээн зөвшөөрдөг.

Би 10 гаруй жилийн өмнө тамхи татдаг байсан. Анх тамхинаас гарахдаа найзууддаа зарлаад, Батболд гэдэг найзтайгаа гар барьсан тэр цагаас хойш өөртөө үнэнч хандаж тамхинаас гарсан юм.

Яг үүнтэй адил гүйж эхлэх гэж байгаа бол фэйсбүүктээ төлөвлөгөө, зорилготойгоо уялдуулж 7 хоногийн хэдэн өдөр гүйнэ гэж найзууддаа зарлаад гүйх бүртээ гүйлтийн процессоо фэйсбүүктээ хуваалцвал бусдад зарласан амлалтдаа хүрч, мөн өөртөө үнэнч хандаж чадна. Энэ эрчээрээ гүйлтийг амьдралынхаа хэвшил болгож чадна гэдгийг хэлмээр байна.

Зарим нэг өглөө сэрэхэд гадаа цасаар шуураад цонхны цаана салхи исгэрээд үргэлжлүүлээд унтмаар үе амьдралд бишгүй тохиолддог. Өмнө нь би ийм үед 2, 3 сэрүүлэг дараалуулж тавиад босож чадахгүй унтаад байдаг байсан.

Одоо сэрсэн л бол 3 секундийн дотор хөнжлөө хуу татаад үсрээд босдог. Хэрэв сэрсэн даруйдаа шууд босохгүй бол таны дотор байнга тэмцэлдэж байдаг хоёр хүний нэг нь буцаад унт унт гэж шивнээд л дуусаа. Та үргэлжлүүлж унтаад зорилгоо мартана.

- Гэр бүлийнхээ хүнтэй хамт алхаж, гүйснээр танай гэр бүлийн харилцаанд ямар эерэг өөрчлөлт гарсан бэ?

- Гүйлт эергээр “халдварладаг” гэдгийг онцгойлон хэлье. Би хүмүүст үзэл бодлоо хүчээр тулгах дургүй. Хүүхдүүддээ ингэж амьдар гэж хэзээ ч зааварлаж зөвлөдөггүй. Харин үнэхээр зөв, хэрэгтэй зүйл гэсэн итгэл үнэмшилтэй байгаа бол өөрөө хийж үйлдлээрээ үлгэрлэхийг эрхэмлэдэг. Энэ бодол багш байхаас төлөвшсөн тул гүйлтийн тамирчин болсон.

Би тууштай гүйгээд улам аз жаргалтай болох тусам эргэн тойронд байгаа гэр бүлийнхэн, найзууд, хамаатнууд дунд маань Гамбаа шиг гүйж чадах юм байна гэсэн эерэг сэдэл аваад гүйж эхэлсэн олон хүн бий. Манай гэр бүлийн хүн надтай хамт гүйдэг болсноор гэр бүлийн харилцаа, хандлагад маш олон эерэг өөрчлөлт гарсан.

- Танаас урам зориг, үлгэр дуурайл авч гүйж байгаа хүмүүс цөөнгүй бий. Сонирхогчдын дунд буруу техниктэй гүйснээс болж хөл, өвдгөө гэмтээх гээд олон эрсдэл байгаа байх. Эдгээр хүмүүст та ямар зөвлөгөө өгөх вэ?

- Фэйсбүүкээр надад ирүүлж байгаа асуултын 80% нь гүйлтээс үүссэн гэмтэл бэртэлтэй холбоотой байдаг. Эхлэн гүйгчдэд зориулсан зөвлөгөөг фэйсбүүк хуудас болон профайлаараа хангалттай бичиж хуваалцдаг ч хүмүүс өөрт нь тулаагүй байгаа асуудлыг тусгаж авч чаддаггүй.

Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Ихэнх хүмүүс гүйлтийг энгийн үйлдэл гэж андуурдаг. Ажиглаад үзэхэд:

  • Илүүдэл жинтэй

  • Хөдөлгөөний дутагдалд орсон

  • Удаан суугаа ажил хийсэн хүмүүс огцом хөдөлгөөн хийж гүйж эхлэхээрээ бэртэж буй нь харагддаг.

Тиймээс бие махбодын онцлогтоо тааруулж алхам алхмаар биеэ дасган гүйж эхлэх нь чухал гэдгийг үргэлж санах хэрэгтэй.

Миллениалчууд маш өндөр эготой хүмүүс учраас өөрийгөө хүчилж гэнэт огцом гүйлтээр хичээллээд гэмтдэг. Тэд хүн ингэж гүйж чадаж байхад би чадна гэсэн эгогоор хандсанаар өөрийгөө хэт шахаж ачааллаа ихдүүлдэг.

Гэмтэж бэртэхээс урьдчилан сэргийлэх арга бол биеэ гүйлтэд дасгаж бага багаар системтэй гүйж дадуулах юм. Гүйлтийн спорт бодож байгаа шиг амархан зүйл биш.

Зөв гүйлтийн төлөвлөгөө, техник, гүйлтийн пүүз гэх мэт чухал зүйлс байна. Ачааллаа тохируулж өөртөө сонор сэрэмжтэй гүйхгүй бол гэмтэж бэртэх магадлал өндөр.

Би зөндөө гэмтэж байсан. Гэмтсэнийхээ дараа яагаад гэмтсэн талаар судлаад үзэхээр дээр дурдсан алдаануудаа өөрөө гаргадаг байснаа анзаардаг.

- Ярилцлагын төгсгөлд хүмүүст хандаж сэтгэл зүй, хандлагатай холбоотой зөвлөгөө өгнө үү?

- Ярилцлагаа дүгнээд хүн бүрийн амьдрал амар хялбар биш, хүн бүр өөрийн амьдралд тохиолдож буй бэрхшээлийг туулж гарч байж аятайхан сайхан, жаргалтай амьдарна. Гүйлт үүнийг маш сайн ойлгох боломж олгодог.

“Эрхийг сурахаар бэрхийг сур” гэдэг монгол ардын зүйр цэцэн үг байна. Энэ зүйр үг яг миний ярьж буй яриаг тайлж байгаа юм. Бэрхшээлийг давж гарч чадвал бүх зүйл амар болно. Ажил дээр ч энэ зарчим ижил үйлчилнэ.

Бидний эргэн тойронд маш олон асуудал байна. Залууст тэвчээр их дутагдаж байгаа харагддаг.

Гүйлт тэвчээрийг хүмүүст суулгахаас гадна аз жаргалын гормонуудыг ихээр ялгаруулж байдаг учир тайвшруулж аз жаргалтай болгодог.

Гүйлт өвдөлтийг мэдрүүлж, тав тухтай бүсээс гаргадаг тул өөрийгөө сорьсон тэмцээн уралдаанд орсны дараа танд үүнээс ч илүү том боломж байгаа гэдгийг ойлгож мэдрэх боломжийг олгодог.

Би иймэрхүү байдлаар гүйлтийг амьдралтай жиших дуртай.

Гүйлтээр хичээллэж эхэлж буй хүмүүстээ өөрийн биеийн онцлогтоо тохируулж аажмаар бие махбоддоо дасган тууштай хичээллэж олон үнэт зүйлсийг сурч өөрийгөө ялаарай хэмээн захья.

- Үнэт цагаа зориулан мэдлэг, туршлагаа хуваалцаж, зөвлөгөө өгсөнд тань маш их баярлалаа. Гүйлтийн спортод нь өндөр амжилт хүсье.

- Баярлалаа.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn