Өвдөлт ба хүйсийн ялгаа

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бие махбод дааврын хэмжээнээс эхлээд молекулын түвшинд хүртэл ялгаатай байдаг. Тэд өвдөлтийг ижил хэмжээнд мэдэрч болох ч өвдөлтийг мэдрэх биологийн үйл явц нь мөн л ялгаатай ажээ.
Өвдөлт ба хүйсийн ялгаа

Эрэгтэй, эмэгтэй хүмүүст өөр өвдөлт намдаах эм хэрэгтэй юу?

Эрдэмтэд удаан хугацааны турш өвдөлт намдаах эм эрэгтэй, эмэгтэй хүмүүст хэрхэн үйлчилдгийг судалж байгаа юм. Жишээлбэл, 1996 онд хийсэн нэгэн судалгаагаар эмэгтэйчүүдэд мэс заслын дараах өвдөлтийг намдаахын тулд морфины төрлийн өвдөлт намдаах эм болох пентазоциныг уулгахад эрэгтэйчүүдээс илүү хүчтэй өвдөлт намдааж байгааг тогтоож байв.

Тэгвэл 2021 онд Journal of Clinical Medicine сэтгүүлд хэвлэгдсэн тойм өгүүлэлд ибупрофен нь эмэгтэйчүүдээс илүү эрчүүдийн өвдөлтийг илүү хүчтэй бууруулдаг болохыг илрүүлсэн. Түүнчлэн тус тойм өгүүлэлд кортикостероидын нэг төрөл болох преднизолоныг өвчин намдаах, үрэвслийн эсрэг эмчилгээнд эмэгтэйчүүдэд хэрэглэхэд эрэгтэйчүүдээс илүү их гаж нөлөө үзүүлдэг талаар мэдээлсэн байдаг.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүст өвчин намдаах эмүүд өөрөөр үйлчилдэг нь тэдний өвдөлтийг өөрөөр мэдэрдэг физиологийн онцлогтой холбоотой хэмээн тайлбарладаг. Жишээ нь, хүний мэдэрч болох хамгийн хүчтэй өвдөлтүүдийн нэг болох зүрхний шигдээсний үед эрэгтэй, эмэгтэй хүмүүс өвдөлтийг өөрөөр мэдэрдэг. Үүнд өөр хүйсийн хүмүүсийн тархи болон өвдөлтийн талаарх мэдээллийг дамжуулах нугасны бүтэцтэй холбоотой юм.

Саяхныг хүртэл буюу 2016 оныг хүртэл өвдөлт намдаах эм болон өвдөлтийн талаарх бүхий л судалгаануудын 80 гаруй хувь нь зөвхөн эрэгтэй хүн болон эр хүйсийн амьтдад хийгдэж байжээ. Учир нь эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн булчирхайнуудаас ялгардаг дааврууд сарын тэмдгийн мөчлөгтэй холбоотой байнга хэлбэлзэж байдаг тул энэ нь судалгааны үр дүнд сөргөөр нөлөөлөх магадлалтай.

2016 онд АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгээс (NIH) судалгаанд ашиглах амьтдын хүйсийн сонголтоо зөвтгөх шаардлага тавьж эхэлснээр эм хүйсийн амьтныг өвдөлттэй холбоотой судалгаанд хамруулж эхэлжээ.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс өвдөлтийг яагаад өөрөөр мэдэрдэг вэ?

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс өвдөлтөд өөр хариу урвал үзүүлдэг, өвдөлтийг өөрөөр мэдэрдэгт нөлөөлдөг дараах гурван шалтгаан бий.

Эхний шалтгаан нь бэлгийн даавруудтай холбоотой. Эм бэлэг эрхтэн, умай, өндгөвч, хөхний булчирхайд хөгжлийг хянах, сарын тэмдгийг зохицуулах үүрэгтэй эстроген даавар хүчтэй нөлөөлнө. Эстрогений хэмжээ сарын тэмдгийн мөчлөгөөс хамааран хэлбэлзэж байдаг тул үүнээс хамааран зарим үед өвдөлтийг илүү хүчтэй мэдэрдэг.

Харин эр бэлгийн даавар болох тестостерон даавар нь өвдөлтийг намдаах нөлөөтэй. Зарим тохиолдолд архаг өвдөлттэй өвчтөнүүдэд өвдөлт намдаах эмчилгээний нөлөөг сайжруулахын тулд тестостероныг нэмэлтээр хэрэглэх тохиолдол ч бий. Иймээс тестостероны түвшин багатай эрчүүд эмэгтэйчүүдтэй адил өвдөлтийг илүү хүчтэй мэдэрдэг.

Хоёр дахь шалтгаан нь тархинд байрладаг микроглиа хэмээх дархлааны эсүүдтэй холбоотой. Энэ онолын дагуу микроглианы тоо цөөрөхөд өвдөлт мэдрэх чадвар буурдаг гэж үздэг. Эрэгтэй хүний ​​​​микроглиаг дарангуйлахад өвдөлт мэдрэхээ больдог. Харин эмэгтэйчүүдэд энэ механизм ажилладаггүй. Учир нь, эмэгтэйчүүд өвдөлтийн хариу урвалыг хянахын тулд микроглиа биш, харин үүний оронд Т эс гэж нэрлэгддэг дархлааны өөр эсүүдийг ашигладаг. Харин Т эсийн тоо цөөрөх үед эмэгтэйчүүд эрчүүдийн адил микроглиаг өвдөлт мэдрэхэд ашиглаж эхэлнэ.

Сүүлчийн шалтгаан нь рибонуклеины хүчилтэй (РНХ) холбоотой. РНХ бол бидний бие махбодод мэдээ дамжуулдаг удамшлын молекул юм. Эмэгтэйчүүдийн цусан дахь РНХ-ийн түвшин эрчүүдтэй харьцуулахад илүү өндөр байдаг. Учир нь РНХ молекулуудын ихэнх нь X хромосомын генээр кодлогдсон байдаг бөгөөд эмэгтэйчүүд хоёр Х хромосомтой байхад эрэгтэйчүүд нэг Х хромосомтой байдаг тул энэ нь эмэгтэйчүүдийн архаг өвдөлтийг илүү их мэдрэх шалтгаан болдог ажээ.

Хүйсийн ялгаатай байдал хэнд нь илүү ашигтай байж болох вэ?

Эдгээр механизмуудын нөлөөгөөр эмэгтэйчүүд өвдөлтийг илүү сайн мэдэрдэг бол эрэгтэйчүүд өвдөлтийг, ялангуяа архаг өвдөлтийг сул мэдэрдэг.

Өвдөлт бага мэдрэх нь эрчүүдэд илүү ашигтай ч байж болох юм. Эрэгтэйчүүд өвдөлтийг бага мэдэрдэг тул өвчин намдаах эм илүү сайн үйлчилдэг. Гэхдээ өвдөлтийг мэдрэхгүй байна гэдэг нь өвчин бүрэн эдгэрсэн гэсэн үг биш гэдгийг санах ёстой.

Энэ үүднээс нь авч үзвэл эмэгтэйчүүдэд ч илүү ашигтай байж болно. Магадгүй та илүү их өвдөлтийг мэдрэх нь яагаад ашигтай гэж гайхаж магадгүй. Яагаад гэвэл өвдөлт хэмээх нэг төрлийн мэдрэхүй нь бие дотор ямар нэг үрэвсэл эсвэл эдийн гэмтэл байгааг тархинд мэдээлэх хамгийн гол механизм юм. Иймээс архаг өвдөлтийг илүү сайн мэдрэх нь эмэгтэйчүүдэд бие дотор нь ямар нэг зүйл болж байгааг түрүүлж олж мэдэхэд тусалдаг гэсэн үг.

Ийм ч учраас хэт исэлдэлтийн стресс, архаг үрэвсэл, эдийн гэмтэл, хорт хавдар биед үүссэн тохиолдолд эмэгтэйчүүд өвдөлтийг түрүүлж, илүү сайн мэдэрдэг нь тэдний өвчнөө илүү эрт шатанд оношлуулах, цаашлаад бүрэн эдгэрэх боломжийг нэмдэг юм.

Ойрын ирээдүйд эрдэмтэд нано технологид үндэслэн өөр хүйсийн хүмүүст зориулсан ялгаатай өвчин намдаах эмүүдийг бүтээхээр ажиллаж байна. Тун удахгүй эмийн сангаас өвдөлт намдаах эм авахад эрэгтэйг юу, эмэгтэйг юу гэж асуувал та битгий гайхаарай.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn