Эслэг ихтэй хүнс хүүхдийн анхаарал төвлөрүүлэх чадварыг сайжруулдаг

Nutritional Neuroscience сэтгүүлийн 5 дугаар сарын дугаарт хэвлэгдсэн судалгаагаар жимс, хүнсний ногоо ихтэй хоолны дэглэм нь анхаарал сулрах, хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй (ADHD) хүүхдүүдэд дээрх шинж тэмдгүүдийг бууруулдаг болохыг тогтоосон байна.
Эслэг ихтэй хүнс хүүхдийн анхаарал төвлөрүүлэх чадварыг сайжруулдаг

Анхаарал сулрах, хэт хөдөлгөөнтөх эмгэг нь (ADHD) дэлхий дахинд хүүхдэд тохиолддог хамгийн түгээмэл мэдрэлийн эмгэгүүдийн нэг юм. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэлтийн төвийн (CDC) мэдээлснээр тус улсын нийт хүүхдүүдийн 9.4% нь ийм эмгэгтэй байдаг бол Lancet сэтгүүлийн мэдээгээр дэлхийн нийт хүүхдүүдийн 5% орчим нь анхаарал сулрах, хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй байна.

ADHD нь ихэвчлэн бага сургуулийн насны хүүхдэд (5-11 нас) оношлогддог боловч өсвөр нас, бүр цөөн тохиолдолд насанд хүрсэн үед ч оношлогдох боломжтой. Судалгаагаар хөвгүүдэд охидоос 3 дахин их тохиолддог боловч бодит байдал дээр эмчилгээ хийлгэж байгаа охид, хөвгүүдийн хүйсийн харьцаа 10-1 байдаг. Учир нь охид ихэнхдээ бүрэн оношлогддоггүй.

Ийм эмгэгтэй хүүхдүүдэд сэрүүн зүүдлэх, хичээл дээрээ болон даалгавар хийхдээ анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх, эд зүйлсээ байнга гээх, зааврыг дагаж мөрдөхөд хүндрэлтэй байх, хэт их ярих, зорилгогүйгээр дуу чимээ гаргах, зам тээврийн осол гэх мэт эрсдэлд орох магадлал ихтэй байх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Гэхдээ энэ шинж тэмдгүүд нь эрүүл хүүхдүүдэд ч илэрч болох бөгөөд ADHD мөн эсэхийг үнэн зөв тодорхойлохын тулд эдгээр шинж тэмдгүүд нь хүүхдийн өдөр тутмын амьдрал, сурлагад хэр хүчтэй нөлөөлж байгааг илэрхийлэх тодорхой шалгуурын дагуу үнэлгээ хийдэг. Шинж тэмдгүүд насан туршид байсаар байж болох боловч эрт илрүүлсэн үед эмийн эмчилгээ болон тусгай стратегийн тусламжтайгаар сөрөг нөлөөг нь бууруулж болдог.

Олон тооны судалгаагаар хүүхдийн хоолны дэглэм нь ADHD үүсэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд зарим хоол хүнс шинж тэмдгийг нэмэгдүүлдэг бол зарим нь бууруулдаг гэж үзсэн байдаг.

Тэгвэл Nutritional Neuroscience сэтгүүлийн 5 дугаар сарын дугаарт хэвлэгдсэн судалгаагаар жимс, хүнсний ногоо ихтэй хоолны дэглэм нь ADHD-тай хүүхдүүдэд дээрх шинж тэмдгүүдийг бууруулдаг болохыг тогтоосон байна.

Судалгаанд ADHD оношлогдсон 6-12 насны 143 хүүхэд хамрагдсан ба тэд бүгд эмийн эмчилгээ хийлгэх гэж байсан байна. Хүүхдүүдийг судалгаанд оролцохоос 2 долоо хоногийн өмнөөс эмийн эмчилгээг зогсоожээ. Улмаар 8 долоо хоногийн турш жимс, хүнсний ногоо болон ургамлын эслэгээс баялаг хоол идүүлжээ. Туршилтын үр дүнд хүүхдүүдийн нэг өдөрт хэрэглэх эслэгийн хэмжээ нэмэгдэх тусам анхаарал төвлөрүүлэх чадвар сайжирч, шинж тэмдгүүд багасаж байгаа нь ажиглагдсан байна.

Эслэгийн хэмжээ нэмэгдэх нь гэдэсний хэвийн бактериудын өсөлтийг дэмждэг тул судлаачид энэхүү үр дүнг гэдэсний хэвийн бичил биетнүүд тархинд нөлөөлдөг гэсэн бусад судалгаануудын үр дүнг баталж байна хэмээн дүгнэжээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn