Эмийг хоол хүнсээр орлуулах боломжтой юу?

Хүнсний бүтээгдэхүүний эрүүл мэндэд үзүүлэх эерэг, сөрөг үр дагавар шинжлэх ухаанаар нотлогдох тусам дэлхий дахинд, ялангуяа барууны ертөнцөд эмийг хүнсээр орлуулах үзэл, хандлага ихээхэн дэлгэрэх боллоо.
Эмийг хоол хүнсээр орлуулах боломжтой юу?

Энэхүү нийтлэлд өвчин эмгэгийг эмчлэх, зовуурийг багасгах буюу эмчилгээний зорилгоор хоол хүнсийг хэрэглэж боломжтой эсэх талаар авч үзнэ.

Хоолны дэглэм бол хүний эрүүл мэндэд хамгийн чухлаар нөлөөлдөг хүчин зүйл гэдгийг бид мэддэг болсон. Шим тэжээлээр баялаг хоол хүнс хэрэглэдэг хүмүүсийн дархлааны тогтолцоо хүчтэй, нөхөн үржихүйн чадвар сайн, жирэмслэлт, төрөлт аюулгүй, хорт хавдар, чихрийн шижин, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл бага бөгөөд илүү урт удаан, эрүүл амьдрах боломж бүрддэг болох нь нотлогдсоор байна.

Үүний шалтгаан, нотлох баримтуудыг нэг нийтлэлд багтаах боломжгүй бөгөөд олон тооны нарийн төвөгтэй механизмуудаар тайлбарлагддаг. Заримынх нь шалтгааныг бид одоо ч бүрэн ойлгоогүй л байна. Юутай ч өмнөх нийтлэлүүдээс та бүхэн элсэн чихэр, ханасан болон транс өөх тос, илүүдэл давс агуулсан хоол хүнс зүрх судасны өвчин, чихрийн шижингийн хэв шинж, гэдэсний бактериудын тоо, хэмжээ зэрэгт сөргөөр нөлөөлж, олон тооны архаг өвчний суурь болдгийг, үүний эсрэгээр жимс, хүнсний ногоо, үр тариа, буурцагт ургамлууд, өөх тос багатай цагаан идээ, ургамлын гаралтай уураг зэрэг нь эрүүл мэндэд илүү ашигтайг олж мэдсэн байх.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) болон бусад нэр хүнд бүхий эрүүл мэндийн байгууллагууд дээр дурдсан хүн амын эрүүл мэндэд тустай хүнсийг гол найрлагадаа агуулсан Газар дундын тэнгисийн хоолны дэглэм (Mediterranean diet), Цусны даралт бууруулах хоолны дэглэм (DASH), Эрүүл хооллолтын “Миний таваг” (MyPlate) зэрэг дэглэмийг санал болгосоор байна. Тэгвэл эдгээр хоолны дэглэмүүдийг бид эмийн бодисыг орлуулан хэрэглэж болох уу. Хоолны дэглэм өвчин эмгэгийг эмчилж, зовуурь шаналгааг багасгах уу?

Эмийг хүнсээр орлуулахыг дэмждэг хүмүүс эрүүл мэндэд тустай хоолны дэглэм олон тооны өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэсэн шинжлэх ухааны баримтууд дээр гол анхаарлаа хандуулдаг. Улмаар эрүүл мэндэд тустай болох нь нотлогдсон хүнсний бүтээгдэхүүнийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, шинж тэмдгийг бууруулах, эмчлэх зорилгоор хэрэглэхийг зөвлөдөг. Жишээлбэл, чихрийн шижингийн үед үр тариа болон боловсруулаагүй ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэж, элсэн чихэр, тос, давс, боловсруулсан хүнсний хэрэглээг танах замаар эмчилж болно гэж үздэг.

Мөн төрөл бүрийн ургамал, халуун ногоо, буурцагт ургамал, самар, ургамлын үр, үр тариа, жимс жимсгэнэ, зарим хүнсний ногоо физиологийн чухал ач холбогдолтой микроэлементүүд болон биомолекулуудыг их хэмжээгээр агуулдаг тул эмийн шинж чанартай (функциональ хооллолт) бөгөөд эдгээр хоол хүнсээр эмийн эмчилгээг орлож болно гэж үздэг.

Түүнчлэн эмийг хүнсээр орлуулах ойлголтын хүрээнд уламжлалт анагаах ухааны хоол, хүнсээр эмчлэх аргуудыг орчин үеийн өндөр технологи, анагаах ухааны дэвшилтэт аргуудыг ашиглан нотлох оролдлого хийх боллоо. Энэ чиглэлээр хоолны эмчилгээний зарчмын үнэ цэнийг нотлох Энэтхэгийн эртний Аюурвэдийн анагаах ухааны судалгаанууд ихээхэн алдаршиж байна.

Мөн орчин үеийн анагаах ухаанд зарим эмгэг, тухайлбал өндгөвчний олон уйланхайт хам шинж (PCOS) зэрэг өвчнийг хоолоор эмчлэх боломжтой гэж үзэх болов.

Одоогийн нөхцөлд эмийн эмчилгээг дан ганц хоол хүнсээр орлуулах боломжгүй. Яагаад гэвэл эм дараах ач холбогдолтой.

Өвчний менежмент
Уламжлалт болон орчин үеийн анагаах ухаанд хоолны эмчилгээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний салшгүй нэг хэсэг болдог. Жишээ нь, хүнсний эслэгийг нэмэгдүүлэх нь чихрийн шижинтэй хүмүүсийн цусан дахь чихрийн хэмжээг бууруулж, цусан дахь чихрийн хэмжээ ихэссэнтэй холбоотой үүсдэг мэдрэл, цусны судасны гэмтлийг бууруулдаг учир эдгээр хүмүүсийн эмчилгээний салшгүй нэг хэсэг нь хоолны дэглэм юм.

Хоолны чанар, шим тэжээлийг сайжруулах нь олон өвчний шинж тэмдгийг бууруулж, амьдралын чанарыг сайжруулдаг болох нь нотлогдсон. Жишээ нь, газар дундын тэнгисийн хоолны дэглэм доод мөчүүдэд их хэмжээний өөх хуримтлалаас үүсдэг өвдөлт, ядаргаа, таагүй мэдрэмжийг бууруулдаг нь тогтоогджээ. Мөн хөхний хорт хавдрын эмчилгээний үед эрүүл хооллолтын дэглэм баримтлах нь хорт хавдрын эмчилгээнээс үүдэлтэй дотор муухайрах, бөөлжих, хоолны дуршил буурах зэрэг эмчилгээний гаж нөлөөг бууруулдаг.

Эмчилгээний зардал бууруулах

Дэлхий даяар архаг өвчний тархалт нэмэгдэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал нэмэгдсээр байна. Жишээ нь, АНУ-д эрүүл мэндийн үйлчилгээний зардлын 86% буюу 400 тэрбум ам.долларыг архаг өвчтэй хүмүүсийг эмчлэхэд зарцуулдаг гэсэн тооцоо бий. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг бууруулахын тулд:

  • Лабораторийн шинжилгээний тоог цөөрүүлэх

  • Эмчилгээнд хэрэглэх эмийн тоог бууруулах

  • Эмнэлэгт хэвтэх хугацааг багасгах шаардлагатай.

Харин эрүүл хоол хүнсийг эмийн болон бусад эмчилгээтэй зөв хослуулах үед эмчилгээний чанар сайжирдаг учир зардлыг бууруулахад нөлөөлдөг байна.

Эрүүл хоол хүнс өвчнөөс урьдчилан сэргийлж, өвчлөх эрсдэлийг бууруулж, өвчилсөн тохиолдолд эмчилгээний үр дүнг сайжруулах давуу талтай боловч дараах сул талуудтай.

Хоол бол бүх өвчнийг эмчлэх арга биш

Ямар ч өвчин эмгэг, ялангуяа архаг өвчин үүсэх механизм маш төвөгтэй буюу зөвхөн хооллолтоос гадна удамшил, хүрээлэн буй орчны бохирдол, хорт зуршил, сэтгэл зүй зэрэг олон хүчин зүйлстэй холбоотой байдаг тул эдгээрийг засахгүйгээр өвчин эмчлэгдэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, эрүүл хоол хүнсээр өвчний шинж тэмдгийг бууруулж, өвчний явцыг удаашруулж, эмчилгээний үр дүнг дэмжиж болох хэдий ч бие даасан эмчилгээний арга болгон ашиглах боломжгүй. Харин зохих бусад эмчилгээний аргуудтай хамт хэрэглэх нь зүйтэй юм.

Буруу мэдээллээс үүдэлтэй байж болно

Хоол хүнсээр өвчнийг эмчилж болно гэх ойлголт зарим тохиолдолд арилжааны зорилготой, шинжлэх ухааны бүрэн нотолгоогүй баримт дээр тулгуурласан байх тохиолдол цөөнгүй. Ялангуяа хүнс, эмийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын хяналт сул улс орнуудад ямар нэг хүнсний бүтээгдэхүүн өвчнийг эмчлэхэд үр дүнтэй гэх сурталчилгаа хүчтэй тархдаг.

Эмийн бодис, хоол хүнсний хоорондын харилцан үйлчлэл

Эмчилгээний зорилгоор хоол, хүнсийг хэрэглэхдээ эмийн бодис болон хүнсний бүтээгдэхүүний хоорондын харилцан үйлчлэлийг анхаарч үзэх шаардлагатай байдаг. Зарим хүнс эмийн биед үзүүлэх нөлөөг сайжруулдаг бол зарим нь бууруулж ч болзошгүй юм. Жишээ нь, бэрсүүт жүржийн шүүсийг зарим эмийн эмчилгээний үед хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй гэж эмч нар зөвлөдөг. Гэтэл зарим судалгаагаар бэрсүүт жүржийн шүүс холестерин бууруулах эмийн нөлөөг сайжруулдаг болох нь тогтоогдсон байдаг.

Эцэст нь дүгнэхэд

Анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт хийгдэж буй хоол хүнстэй холбоотой олон тооны нээлтүүдийн нөлөөгөөр "эмийг хүнсээр орлуулж болно" хэмээх хандлага ихээхэн дэлгэрч байна.

Эрүүл хоол хүнс өвчнөөс болон өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, өвдөх эрсдэлийг бууруулах, эмчилгээний үр дүнг сайжруулах, эмнэлгийн зардлыг бууруулах чухал ач холбогдолтой боловч зөвхөн хоолоор аливаа өвчнийг эмчлэх боломжгүй бөгөөд хоол хүнсийг эмчилгээний зорилгоор хэрэглэхдээ эмийн эмчилгээ, амьдралын хэв маягийн өөрчлөлт, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ зэрэг аргуудтай зөв хослуулах ёстой юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn