Таны идэж буй зүйл таныг генетикийн хувьд өөрчлөх боломжтой гэдгийг мэдэх үү?

Хоол хүнс ба гений хоорондын энэхүү харилцаа нь бидний эрүүл мэнд, физиологийн хэвийн үйл ажиллагаа, тэр ч бүү хэл наслалтад ч нөлөөлдөг. Хоол хүнс нь амьд биетийн геномд чухал мэдээ өгдөг гэж үздэг шинжлэх ухааны салбарыг nutrigenomics (нутригеномик) гэж нэрлэдэг.
Таны идэж буй зүйл таныг генетикийн хувьд өөрчлөх боломжтой гэдгийг мэдэх үү?

Хүмүүс хоол хүнсийг ихэвчлэн илчлэг, эрчим хүч, хоол тэжээл л гэж ойлгодог. Гэтэл сүүлийн үеийн зарим нэг шинжлэх ухааны нотолгооноос үзэхэд хоол хүнс нь бидний махбодын үйл ажиллагааг эсийн түвшинд чиглүүлдэг генетикийн зураг төсөл буюу геномтой "ярилцдаг" болохыг нотолж байна.

Хоол хүнс ба гений хоорондын энэхүү харилцаа нь бидний эрүүл мэнд, физиологийн хэвийн үйл ажиллагаа, тэр ч бүү хэл наслалтад ч нөлөөлдөг. Хоол хүнс нь амьд биетийн геномд чухал мэдээ өгдөг гэж үздэг шинжлэх ухааны салбарыг nutrigenomics (хүнсний генетик) гэж нэрлэдэг.

Энэ санаа анх гарснаас хойших эхний судалгаануудаар баттай нотлох баримтууд олдоогүй бөгөөд бидний өдөр тутам хэрэглэдэг хоол хүнс хүний генетикт нөлөөлнө гэдэг боломжгүй мэт зүйл байв. Гэвч олон тооны судлаачдын, олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд хүнсний бүрэлдэхүүн хэсгүүд геномд хэрхэн нөлөөлдөг талаар мэдлэгийг бий болгоод байна.

Хоол хүнс нь геномтой харилцан үйлчлэлцэж, биологийн процессыг удирддаг гэсэн санааг батлах баримтыг анх зөгийн үүрээс олжээ. Ажилчин зөгий тасралтгүй ажилладаг, үргүй, хэдхэн долоо хоног амьдардаг. Харин зөгийн үүрний гүнд суудаг хатан зөгий олон жил амьдардаг бөгөөд нөхөн төлжих чадвар нь маш хүчтэй бөгөөд бүхэл бүтэн зөгийн сүргийг төрүүлж чаддаг.

Гэтэл үнэндээ ажилчин болон хатан зөгий нь генетикийн хувьд ижил организм юм. Генетикийн хувьд ижил гэдэг нь тэд яг ижилхэн насалж, яг ижилхэн нөхөн үржих боломжтой гэсэн үг. Тэднийг ялгаатай болгодог байж болох цорын ганц зүйл нь хоол хүнс юм. Тэд идсэн хоолноосоо шалтгаалан тэс өөрөөр амьдардаг. Хатан зөгий “хааны вазелин” иддэг бол ажилчин зөгий нь цэцгийн тоос, нектар зэргээр хооллодог. Тэдний иддэг хоолны аль аль нь ижилхэн энерги өгдөг боловч хатан зөгийн иддэг язгууртны хоолонд агуулагддаг нэмэлт шим тэжээл нь түүний генетикт нөлөөлөх замаар анатоми, физиологийг нь өөрчилснөөр олон мянган зөгий төрүүлж, олон ажил амьдрах чадвартай болдог.

Тэгэхээр хоол хүнс хэрхэн биологийн зааварчилгаа болж хувирдаг вэ гэдэг асуулт урган гарна. Хоол хүнс нь макро болон микро элементүүдээс бүрддэг. Макро элементүүд нь нүүрс ус, уураг, өөх тос юм. Харин микро элементүүд нь витамин, эрдэс бодисууд юм. Макро элементүүд нь үндсэндээ энергийн эх үүсвэр болдог бол микро элементүүд нь болон тэдгээрийн задралын бүтээгдэхүүнүүд нь геномд нөлөөлөх чадвартай байдаг.

Амьд биетийн генетикт гэрийн гэрлийн унтраалгатай ижил гений унтраалга байх бөгөөд эдгээрийг асаах эсвэл унтраах эсэхийг хоол хүнсэнд агуулагдаж байдаг зарим бодисууд шийддэг. Жишээлбэл, хатан зөгийн иддэг “хааны вазелин” нь түүний эрхтнүүдийн бүтэц, үйл ажиллагааг өөрчилж, нөхөн үржихүйн чадварыг дэмжих генетикийн унтраалгыг асаах чадвартай нэгдлүүдийг агуулдаг.

Хүн болон хулгана дээр хийгдсэн туршилтаар мах, загасанд их хэмжээтэй агуулагддаг метионин амин хүчлийн дайвар бүтээгдэхүүн нь эсийн генетикт нөлөөлөх замаар эсийн өсөлт, хуваагдлыг өөрчлөх чадвартай болох нь тогтоогдсон. Мөн витамин С нь геномыг хэт исэлдэлтийн гэмтлээс хамгаалж биднийг эрүүл байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Геном гэмтсэн тохиолдолд эсийн хэвийн бүтэц үйл ажиллагаа алдагдаж, хорт хавдрын болон бусад төрлийн эмгэг эс болон хувирах өндөр магадлалтай юм.

Сонирхолтой нь зарим судалгаагаар шим тэжээлийн бодисуудын нөлөөгөөр үүссэн генетикийн өөрчлөлт нь дараагийн үе удамд ч дамждаг байж болох нь нотлогдсон байна. Их Британийн Бристолын их сургуулийн профессор Маркус Пэмбри нар хүн, амьтанд өвөө эмээгийнх нь иддэг байсан хоол тэжээл нь ач зээ нарынх нь өвчлөл, нас баралтад нөлөөлдөг гэж үзжээ.

Өөр нэгэн сонирхолтой баримт дурдвал өвсөөр тэжээсэн үхэр болон үр тариагаар тэжээсэн үхрийн сүү нь найрлагын хувьд эрс ялгаатай байдаг байна. Үр тариагаар тэжээсэн үхрийн сүүнд их хэмжээний витамин А, С болон өөр төрлийн тосны хүчлүүд агуулагддаг. Хэрэв бид эдгээр өөр өөр найрлагатай сүүг уувал бидний генетикт ч өөр өөрөөр нөлөөлөх магадлалтай юм. Үүний нэгэн адилаар эхийн хоолны дэглэм нь хөхний сүүнд агуулагдах өөхний хүчлүүд болон В6, В12, фолийн хүчил зэрэг витаминуудын хэмжээнд нөлөөлдөг бөгөөд эдгээр нь эсийн генетикт хүчтэй нөлөөлөх боломжтой амин дэмүүд юм.

Бидний идэж буй хоол хүнс нь зөвхөн бидний эсийн генетикт нөлөөлөхөөс гадна гэдэс, арьс, салст бүрхэвчинд амьдардаг хэвийн бичил биетүүдтэй ч холбоотой байдаг. Нэг гайхалтай жишээ дурдахад гэдэсний нянгуудын нөлөөгөөр богино гинжин өөхний хүчлийг задлах үед үүсдэг молекулууд нь бидний сэтгэл санааны байдал, айдас түгшүүр, сэтгэл гутралд серотонины түвшнийг өөрчилдөг.

Генетикийн хувьд эерэг нөлөөлөл үзүүлэх боломжтой бодисуудыг хоол хүнсэнд нэмснээр илүү эерэг өөрчлөлтүүдийг бий болгож болдог. Жишээ нь талх, үр тариаг фолийн хүчлээр баяжуулснаар шим тэжээлийн дутагдлаас үүдэлтэй ургийн гажиг үүсэхээс сэргийлж болно. Гэхдээ фолийн хүчил нь витамин В12 зэрэг бусад бичил тэжээл байхгүй үед энэ үүргээ гүйцэтгэж чадахгүйгээс гадна эсийн генетикийн бүтцийг эвдэж, хорт хавдрын нэг шалтгаан болдог гэж үздэг.

Энэ бүхнээс үзэхэд таны идэж байгаа хоол хүнс бол зөвхөн энергийн эх сурвалж төдий зүйл биш юм. Ялангуяа хоол хүнсэнд агуулагддаг бичил элементүүд, витаминууд, эрдэс бодисууд нь эсийн генетикт нөлөөлж, эсийн бүтэц үйл ажиллагааг өөрчлөх замаар эрүүл урт удаан амьдрахад, тэр ч байтугай таны үр хүүхэд, ач зээгийн амьдралд ч нөлөөлөх магадлалтай юм.

Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүн хүний генетикт хэрхэн нөлөөлөх нь зөвхөн түүний найрлагаас гадна тухайн улсын хөдөө аж ахуй, байгаль орчин, эдийн засгийн бодлогоос хамаарч болохыг илтгэж байна.

Бидний өмнө хариулт нь тодорхойгүй нутригеномикийн олон нууцууд байсаар байгаа бөгөөд эдгээр нууцыг тайлах нь одоогийн болон ирээдүйн нийгэм, хойч үеийнхний эрүүл мэндэд нөлөөлөх магадлалтай юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn