Цусны даралт ихсэлттэй эсэхээ эрт мэдсэнээр олон өвчнөөс сэргийлнэ

“Амьдралын буруу хэвшил, дасгал хөдөлгөөн хийдэггүй, буруу хооллолттой, стресс ихтэй, илүүдэл жинтэй миний хувьд даралт ихсэлтийн өвчин хаяанд ирсэн байв”
Цусны даралт ихсэлттэй эсэхээ эрт мэдсэнээр олон өвчнөөс сэргийлнэ

“Би одоо 32 настай. Өмнө нь эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлдэггүй байлаа. Төрөхдөө л эмнэлгийн бараа харж, сая ковидийн үед өрхийн эмчдээ үзүүлж байв. Унтаад босоод ирэхэд шилэн хүзүүгээр өвддөг, эвгүй дэртэй унтахаар л гоёоддог доо гэж бодоод тоодоггүй байсан. Гэтэл Өрхийн эмнэлгээс утасдаж “Та цусны даралт ихсэлтийн эсрэг аянд хамрагдах уу, нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт орох боломжтой” гэв. Хүүхдээ үзүүлэх гэж л эмнэлэг ордог надад даралт ихсэлтийн талаар мэдэх зүйл хомс. Настай хүнд л тохиодог өвчин гэж сонссон. Сонирхоод тус аянд хамрагдаж, эмч нарт үзүүлсэн нь өөрийнхөө эрүүл мэндийн төлөө хийсэн хамгийн зөв сонголт байсныг мэдээгүй юм. Амьдралын буруу хэвшил, дасгал хөдөлгөөн хийдэггүй, буруу хооллолттой, стресс ихтэй, илүүдэл жинтэй миний хувьд даралт ихсэлтийн өвчин хаяанд ирсэн байв. Залуу хүний хувьд хэзээ ч ийм өвчинд нэрвэгдэхгүй гэж боддог байсан гэхэд хилсдэхгүй.

Эмч маань ч үзэж тохирох даралтын эм бичиж өгч, зааврынх нь дагуу эм ууж эхэлсэн үеэс дээрээс дараад байсан бул чулуу алга болох мэт бие хөнгөрсөн дөө. Аажмаар дасгал хөдөлгөөн хийхийг хичээдэг болж, чихрийн хэрэглээгээ багасгаж, чихрийн шижин цус харвалтын өвчнөөс өөрийгөө сэргийлдэг боллоо. Хэрэв тухайн үед даралт ихсэлттэй гэдгээ мэдэлгүй удсан бол нэг л өдөр тархинд цус харваж, хөдөлмөрийн чадвараа алдах, цаашлаад амь насаа эрсдэлд оруулах аюул нүүрлэж ч мэдэх байсан биз. Бусад залуу хүмүүст хандаж хэлэхэд ковидийн дараа биднийг маш олон эрсдэл хүлээж байгаа. Хэрэв биед тань ямар нэгэн өөрчлөлт, дохио өгч байвал өвчин намдаах эм зэргээр аргалалгүй, нарийн мэргэжлийн эмчид хандаж байгаарай. Өөрийгөө хайрлаж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, эрүүл амьдралын хэвшил, дадалтай болоорой” гэж ярих эмэгтэй бол Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн М.Должинсүрэн юм.

Залуусын дунд зонхилох цусны даралт ихсэлтээс хэрхэн сэргийлэх вэ?

Цусны даралт ихсэлт болон үүнээс үүдэлтэй бусад өвчнөөр нас барах тохиолдол залуусын дунд нэмэгдсээр байна. Тархины харвалт, зүрхний шигдээс, бөөрний дутагдал буюу бөөрний судасны хатуурал, тархмал судасны хатуурал зэрэг өвчин залуусын дунд зонхилж байгаа юм. Үүний гол шалтгаан нь нөгөө л амьдралын буруу хэвшил, хөдөлгөөний хомсдол, таргалалт, хоолны дэглэм гэх мэт. Амьдралын буруу хэвшилд та бидний мэддэг ч тунг нь тааруулж чаддаггүй тамхи, архи, давс, чихрийн хэрэглээ ордог. Мөн хэт их ажлын ачаалал, стресс, нойргүй байх, шингэн бага уух, байнгын суудлын ажил хийх нь энэ өвчний бас нэг шалтгаан болдог. Эсрэгээрээ энэ өвчнөөс сэргийлэх нь ердөө л эрүүл амьдралын зөв хэвшилтэй болох явдал ажээ. Бидний залхуурал, хэнэггүй зан, гаднын бусад хүчин зүйлсээс болж хойш тавьдаг нөгөө л дадал хэвшлүүд гэсэн үг. Тухайлбал, сууж ажил хийдэг бол дасгал хийх, босож явах, шингэн уух /зохистой хэмжээ өдөрт 2-2,5 л/, давс, сахрын хэрэглээгээ багасгах, ажлын ачааллаа бууруулах гэх мэт. Энгийн юм шиг сонсогдож байвч энэ л бидний эрүүл амьдралын суурь юм шүү дээ.

Өдөрт 70-100 хүнд үзлэг хийдэг

Цусны даралт ихсэлтээс урьдчилан сэргийлэх, хүн амын дунд эрт илрүүлэх, энэ өвчний тухай мэдлэг ойлголтыг олон нийтэд түгээж эрсдэлт хүчин зүйлийг бууруулан, зөвлөгөө өгөх зорилготой “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-г 2017 оноос П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлэг санаачлан Хаан банк сан, НЭМҮТ хамтран хэрэгжүүлж байсан бол энэ жилээс МҮОНРТ мэдээллийн түншээр дэмжин ажиллаж байгаа юм. Энэхүү аяны багт ажилласан эмч нар дараах мэдээллийг хүргэж байна.

МУ-ын тэргүүлэх зэргийн эмч, АУ-ы магистр, П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн бөөр, диализ, дотоод шүүрлийн их эмч Д.Мөнхзул хэлэхдээ “Аянд ажилласан эмч тус бүр өдөрт 70-100 хүнд үзлэг хийдэг байсан. Бидний хувьд нэг аймагт гурав хоног ажиллахдаа маш их ачаалалтай байдаг. Ингэхдээ тухайн иргэнд бүрэн зөвлөгөө мэдээллийг өгдөг. Даралт ихсэлтэй хүмүүсийн дунд эмээ уудаг, уудаггүй болон зовуурь илрээд байгаа ч даралт ихсэлтэйгээ мэддэггүй хүмүүс нийт үзлэгийн 15-20%-ийг эзэлж байсан. Энэ ганцхан жишээнээс л эрт илрүүлэг ямар ач холбогдолтойг харж болно. Хөдөө орон нутагт алслагдсан сумдын иргэд эмнэлгийн үйлчилгээ авах нь харьцангуй бага. Тиймээс ч эрсдэлт бүлгийн хүн амыг хамруулж, тухайн сумдын эмч нарт сургалт зөвлөгөөг өгч буй нь энэ аяны бас нэг онцлог. Иргэдийн зүгээс аяны хугацааг богино байна, урт хугацаагаар хэрэгжүүлээсэй гэж хэлэх хүмүүс олон байсан” гэлээ.

Цусны даралт ихсэлт, тархины цус харвалтгүй МОНГОЛ

 “Өнөөдөр манай улс харьцангуй цөөхөн хүн амтай боловч цусны даралт ихсэлтийн хүндрэл, тархины цус харвалтын тохиолдлоороо дэлхийн дунджаас дөрөв дахин их байна. Сүүлийн жилүүдэд залуу насны хүмүүс тархины цус харвалтад өртөж, хөдөлмөрийн чадвараа алдах, нас барах эрсдэл маш өндөр байгаа нь үнэхээр харамсалтай. Тиймээс ч “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” цаг үеэ олсон гэж бодож байна. Аянд ихэвчлэн мэргэжлийн ур чадвар өндөртэй эмч нар ажилладаг. Очсон газар бүртээ нэг ч гэсэн иргэнийг үзлэгт хамруулах гэж хичээдэг. Бид үзлэгээс гадна нарийн мэргэжлийн эмчийн туслалцаа шаардсан олон ажилд гар бие оролцдог. Тухайлбал, аяны нэг эмч маань зүрхний дутагдалд орж, шоктой болсон өвчтөнийг сахиж хоноод, биеийн байдлыг тогтворжуулахад өглөө нь хот руу илгээх зэрэг тохиолдлууд олон гарсан. Маш өндөр ачаалалтай ажиллаж байгаа ч эмч нар маань ядарлаа гэж огт хэлдэггүй. Тухайн үзлэгт хамрагдсан иргэний баярлалаа гэсэн үгээр л урам авдаг даа. Дараа нь эмнэлэг дээрээ аянд хамрагдаж байсан зарим иргэдтэй санамсаргүй таарахад “Эмчээ би давс хэрэглэхээ байсан. Бие маань илүү хөнгөн, сайхан болсон. Эмч нарын зөвлөгөөний ач тус” гэж хэлэхийг нь сонсоод аяны үр дүн гэж боддог. Хэдэн жилийн дараа магадгүй энэхүү аяны үр дүнд цусны даралт ихсэлтгүй, тархины цус харвалтгүй Монгол Улс болсон байх ч юм билүү” гэж П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн Зөвлөх, Политехникийн эрхлэгч Г.Бадамцэцэг ярьсан юм.

НЭМҮТ-өөс өгсөн мэдээллээр аяны хүрээнд 12 аймгийн нийт 23 мянга орчим иргэнд үзлэг, оношилгоог хийж, 1524 эмч, мэргэжилтэнд чадавхжуулах сургалтыг зохион байгуулжээ.

Энэ талаар П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн Нийгмийн эрүүл мэндийн ажилтан Ж.Жавзандолгор хэлэхдээ “Бид Цусны даралт ихсэлтийн эсрэг аяныг Улаанбаатар хотоос эхлүүлж байлаа. Дараагаар нь хөдөө орон нутгийн иргэдээ энэ аянд хамруулахыг зорьж эхэлсэн. Мөн давхар эмч, мэргэжилтнүүдэд сургалт хийхдээ нэг аймагт дунджаар 70-100 гаруй эмчийг, цусны даралт ихсэлтийн өвчний орчин үеийн эмчилгээ, чиг хандлагын талаар кредиттэй сургалтад хамруулдаг. Аяны бас нэг ач тус нь Улаанбаатар хот руу нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдах боломжгүй иргэдийг үзэж, заавал хот орж үзүүлэх шаардлагатай эсэхийг нь ялгаж өгсөн явдал юм. Энэ нь иргэдийн цаг зав, мөнгө санхүүг хэмнэж өгч буй бодит ажил. Мөн цусны даралт хэмжих өврийн дэвтэр, комик номыг гаргасан нь иргэдэд их таалагдсан. Аянд хамрагдсан нэг эгч тухайн дэвтрийг дуустал нь бөглөөд, өөрөө ахин дэвтэр шугамдаж, өөрийнхөө даралт ихсэлтийн талаарх зүйлсээ тэмдэглэсэн байснаа энд ирж үзүүлэхдээ харуулж билээ. Аян маань хүмүүст хэр их хүрч байгааг ганцхан энэ жишээнээс л харж болно” гэв.

Аянд хамрагдсан олон хүн рүү утас “цохиж” лавлаж асуухад үнэхээр л дутагдаж байсан зүйлсийн нэг бол энэ аян гэдгийг хэлэх хүмүүс олон байлаа.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн Д.Сайнтуяа “Миний хувьд даралт ихсэлтэй, тиймээс найзуудын зөвлөсөн болон энэ өвчинд сайн гэсэн эм болгоныг уудаг байсан. Харин “Цусны даралт ихсэлтийн аян”-д хамрагдсанаар эмчийн зөвлөгөөний дагуу өөрт тохирсон даралтын эмээ хэрэглэх болсон. Өмнө нь хэнэггүй зангаасаа болоод төдийлөн тоодоггүй байсан амьдралын буруу хэвшлээ ч засаж эхэлсэн. Би 57 настай, хэрэв энэ аянд хамрагдаагүй бол миний эрүүл мэндэд ямар эрсдэл тохиохыг хэлж мэдэхгүй юм” гэв.

Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэн Д.Даариймаа “Хамгийн эхний үзлэгт хамрагдаж, өөрийгөө бүрэн эрүүл гэдгээ мэдсэн. Ковидийн дараа биед янз бүрийн шинж тэмдэг илэрч байсан учир өөрийгөө эрүүл эсэхдээ эргэлзэж байсан эргэлзээг минь арилгаж өгсөн. Цаашид даралтаа тогтмол хянах, өдөрт 10 мянган алхалт, зөв хооллолт, дасгал хөдөлгөөн хийх зөвлөмж өгсөн нь эрүүл мэндэд минь тун хэрэгтэй байсан. Мэдэж авсан зүйлсээ ажлын хамт олон, гэр бүлдээ зааж өгч байгаа. Манай аймгийн иргэдийн хувьд тун хэрэгтэй аян болсон гэдгийг хэлж байсан. Миний танил хүмүүс дунд ч даралт ихсэлттэй гэдгээ мэдсэн хэд хэдэн хүн бий. Эмч нарын хувьд харилцаа хандлага нь их найрсаг байсан. Цаг үеэ олсон, хөдөө орон нутгийн иргэд бидэнд тун хэрэгтэй байсан энэхүү аяныг зохион байгуулсан хамт олонд туйлын их талархаж, цаашдын ажилд нь амжилт хүсье” гэв.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn