Эмчид үзүүлэхээсээ өмнө үхэж мэдэх нь...

Халдвартын эмнэлэгт цээжний хөндийн зураг авахуулах цаг авахын тулд оочирлож байгаад 8 дугаар сарын 22-ны цаг авсан. Би өглөө 7 цагт гэрээсээ гараад орой 5 цагт гэртээ орсон. Ердөө л цаг авахын тулд шүү дээ.
Эмчид үзүүлэхээсээ өмнө үхэж мэдэх нь...

2020 оны сүүлээс Эрүүл мэндийн яам эмнэлгийн цаг захиалгын 1800-0119 утсыг ажиллуулж эхэлсэн. Энэхүү утас ашиглалтад орсноор иргэд хурдан шуурхай, чирэгдэлгүйгээр үйлчилгээ авдаг болсон юм. Улмаар иргэдийн талархлыг хүлээгээд байв. Гэвч өнөөдөр энэхүү утас ачааллаа дийлэхгүйд хүрч, бүтэн өдөр цаг авах гэж холбогдоод авч чадалгүй, нэгжээ бараад үлдэх тохиолдол олон байна. Энэ талаар Засгийн газрын гомдол мэдүүлгийн 1111 утаснаас тодруулахад “1800-0119 утсанд өдөрт 20,000 гаруй дуудлага ирж байгаа. Үүнээс 5,000 гаруй дуудлагыг нь л авах боломжтой. Ачаалалтай байгаа учир хүлээцтэй хандаж, залгаад л байгаарай” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Тэгвэл энэ болоод эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх асуудал иргэдийн хувьд маш их хүндрэлтэй, чирэгдэл дагуулсан, үйлчилгээ авахаасаа өмнө өвчин нь хүндрэх тохиолдол үүсэж болох тухай иргэд хэлж байна.

Автобус хүлээн зогсох ахимаг насны эмэгтэй Д.Наранцэцэг хэлэхдээ “Би олон удаа 1800-0119 утсаар цаг захиалж байсан. Анхандаа хурдан шуурхай утсаа аваад, эмчид үзүүлэх цаг өгчихдөг байсан юм. Сүүлийн үед энэ утсаар бараг цаг захиалж чадахаа больсон. Маш удаан дууддаг. Олон залгаж байж өдөртөө холбогдоод цагаа авч байвал аз юм. Энэ хооронд нэгж маш их унадаг. Багадаа л 3,000 нэгж зарцуулдаг. Хэрэв авахгүй бол энэнээс ч уддаг. Яах вэ “E Mongolia”-гаар цаг захиалж болдог гэсэн. Би даанч чадахгүй юм. Миний насны хүмүүс бүгд адилхан байх. Энэ утсаар цаг авах их хүндрэлтэй байдаг. Магадгүй өөрсдийнхөө орлогыг боддог юм уу, албаар ч дуудуулдаг байж болох юм. Иргэдийн нэгжийг унагааж, орлогын төлөө л ажиллаж байгаа утас шиг санагддаг. Ер нь бүх юм бизнес болчихож, хүндээ үйлчилж байгаа зүйл алга. Эрүүл мэндийн салбарыг хүндээ үйлчилдэг, чирэгдэлгүй, хурдан шуурхай утсаа аваад, цаг өгөөд, үзээд, эмчилдэг байгаасай л гэж хүсэж байна” гэв.

Мөн ТҮЦ ажиллуулдаг иргэн С.Мөнхзаяа энэ талаар “Би 1800-0119 утсаар цаг захиалж үзээгүй, дандаа “E mongolia”-гаар авчихдаг. Ингэсэн нь хурдан шуурхай байгаа боловч бүтэн сарын дараа эмнэлэгт үзүүлэх цаг гарч байна билээ. Өчигдөр 1 дүгээр эмнэлгийн урологийн эмчийн цаг байна уу гэхэд, 8 дугаар сарын 23-ны цаг өгсөн. Үүнээс наана цаг байхгүй гэсэн. Миний ойлгосноор эмч нар нь амарснаас ачаалал үүссэн болов уу. Гэтэл зуны цагт, чөлөө завтай үедээ хүмүүс эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлдэг. Яг ачаалалтай үед ийм зохицуулалт хийж байгаад харамсаж байна.

Өчигдөр бас Халдвартын эмнэлэгт цээжний хөндийн зураг авахуулах цаг авахын тулд оочирлож байгаад 8 дугаар сарын 22-ны цаг авсан. Би өглөө 7 цагт гэрээсээ гараад орой 5 цагт гэртээ орсон. Ердөө л цаг авахын тулд шүү дээ. Эрүүл мэндийн салбар маш их хүнд сурталтай байна. Нэгдсэн 1 дүгээр эмнэлэгт цагаа хүлээн авах дээр авчихаад, дахин эмчдээ үзүүлэхдээ сувилагчаас нь цаг авдаг юм билээ. Маш олон шат дамжлагатай. Цагаа авсан л бол тэр цагаараа яваад үзүүлмээр байна. Миний зорилго бол булчирхайн хавдрын шинжилгээ өгөх. Хэрэв би хавдартай байгаад тэр нь хортой байвал яах юм бэ? Миний хувьд маш их цаг алдаж байгаа хэрэг болно. Хоёрхон эмнэлгээс цаг авахад бүтэн өдөр зарцуулсан. Үзүүлж ч чадаагүй.

Ирэх сарын сүүлээр дахиж эмнэлгээр явахад бас бүтэн өдөр болно. Үзүүлж явсаар байгаад бас л шинжилгээгээ өгч чадахгүй байх. Эмчдээ үзүүлээд цээжний зургаа авахуулна. Дөрөв хоногийн дараа хариу нь гарахаар дахин цаг аваад эмчдээ үзүүлэхдээ мөн цагаа идэвхжүүлнэ. Ингэж сунжирч байгаа нь надад маш их хүндрэлтэй санагдаж байна. Хотод байгаа надад ийм байхад хөдөөгөөс ирж байгаа иргэдэд ямар хэцүү байгаа бол? Миний төрсөн эгч Францад амьдардаг. Эмнэлгийн үйлчилгээ авах нь маш хурдан шуурхай байдаг гэсэн. Нэг өдөртөө л бүх үйлчилгээгээ аваад эмчилгээндээ ордог гэж сонссон” гэлээ.

Эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх нь цаг авахаас эхлээд тухайн иргэнд ямар их бэрхшээл учруулж байгааг эдгээр иргэдийн ярианаас харж болно. Тэгвэл манай орны энэхүү эмнэлгээр үйлчлүүлдэг хэлбэр нь бусад улс оронтой харьцуулахад ямар байгаа талаар “Эрүүл мэндийн даатгуулагчдын хяналт” ТТБ-ын тэргүүн Р.Эрдэнэбатаас тодрууллаа. Тэрээр “Бусад улс орнуудын хувьд нэгдсэн дуудлага гэж байдаггүй. Дүүрэгт нь хуваасан байдаг учир иргэн анхан шат болон хоёрдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэхээ автомат хариулагчаасаа шуурхай сонгоод явчихдаг. Харин цаашлаад илүү том эмнэлэгт үзүүлэх шаардлагатай бол харьяа эмнэлгээс нь хуваарилж, иргэдийн ачааг хөнгөлдөг зарчим бий. БНХАУ-д л гэхэд тухайн иргэн эрүүл мэндийн утас руу холбогдоход шууд өрхийн эмнэлэг рүү нь хуваарилж өгдөг. Харин манайх хамгийн хоцрогдсон зарчмаар явж байна.

102 гэсэн ганцхан нэгдсэн төвтэй, иргэн өвдөөд түргэн дуудахад тэр эмнэлэгт очиж үзүүл гээд зөвлөөд орхидог. Аргагүйн эрхэнд хүнд байвал авч яваад нэг эмнэлэгт аваачна. Дараа нь нөгөө эмнэлэг дээрээ очлоо гэхэд анхан шатны эмнэлгүүдээрээ яваагүй, харьяалалгүй гэсэн дүгнэлтээр буцаах, шилжүүлэх тохиолдол ч бий. Дуудлагын яаралтай тусламж дүүрэг болгонд байх ёстой. Гэтэл бусад оронд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ гэдэг нь тухайн иргэн утсаар шинж тэмдгээ хэлэхэд эмнэлэг рүү нь холбож өгч, эмнэлгээс нь машин очиж үйлчилгээгээ үзүүлэхийг хэлдэг. Энэ тал дээр яривал маш их зүйл бий. Манай эрүүл мэндийн салбарын өнөөдрийн дүр төрх маш их хүнд сурталтай байна” гэсэн юм.

Үнэхээр л борог амьдралтай бидний хувьд улсын эмнэлгээр үйлчлүүлнэ гэдэг маш том даваа. Эхлээд эмчид үзүүлэх цаг авна гэдэг том ажил байна. Дараа нь эмчдээ үзүүлээд дахин шинжилгээ болоод бусад үзлэгийн цаг авна. Цаг нь хэзээ ч байж магадгүй. Ачааллаасаа шалтгаалаад 10, 20 хоног цаашлаад нэг, хоёр, бүүр гурван сар ч хүлээлгэх нь бий. Ганцхан жишээ дурдахад, болор солиулах хагалгаа хэдэн сараар оочир, дараалалтай байдгийг миний бие саяхан судалж мэдсэн юм. Бид энэ асуудалтай тулгарсан ч хүлээцтэй, тэвчээртэй байж, цаг, мөнгөө үрсээр ард нь гардаг. Бид яаж ийм тэвчээртэй амьдардаг юм бол оо?

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn