5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 4.5 дахин буурсан үзүүлэлт гарчээ

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтод сэргийлж болох нялхсын эндэгдлийг 2030 он гэхэд 1,000 амьд төрөлтөд 8 болгон бууруулах зорилт дэвшүүлсэн.
5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 4.5 дахин буурсан үзүүлэлт гарчээ

"Тогтвортой хөгжлийн зорилт ба хүүхдийн эрүүл мэнд" үндэсний зөвлөгөөн 2022.06.08-2022.06.10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус зөвлөгөөнд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМ-ийн Сайдын зөвлөх О.Батбаяр, ЭТҮГ-ын дарга Ж.Нарангэрэл, АЛШТХ-ийн дарга Г.Навчаа, НҮБ-ын Хүүхдийн Сангийн шадар суурин төлөөлөгч Аяако Кайно болон 21 аймаг, 9 дүүргээс хүүхдийн эмч, мэргэжилтнүүд оролцлоо.

Зөвлөгөөнөөр хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа өнөөгийн арга хэмжээ болон цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг хэлэлцэн зөвлөлдөж, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулахад онцгой анхаарал хандуулж ажиллахаас гадна олон улсын түвшинд нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг эх орондоо авдаг болох боломж нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд ахиц дэвшил гаргаж ажиллахыг чиглэл болгож байна.

Дэлхий нийт 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилт”-оо хэлэлцэн баталж, 2030 онд эх, хүүхдийн эндэгдлийг дорвитой бууруулах шийдэл гаргасан. Бүх улс орнууд нярайн эндэгдлийн түвшнийг 1,000 амьд төрөлтөд 12, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшнийг 25-аас бага болгон бууруулахаар зорилтоо тодорхойлсон. Монгол Улс дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилтыг хүлээн авч, илүү том зорилт тавин ажиллаж байна.

“Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт-2030”-ийн хүрээнд олон улсын байгууллагууд хамтран эх, нярайн эрүүл мэндийг сайжруулах стратегиудыг батлан хэрэгжүүлж байна. Үр дүнтэй, чанартай тусламжийг цаг алдалгүй үзүүлж чадвал эх, хүүхдийн эндэгдлийн талаас илүү хувийг урьдчилан сэргийлэх боломжтой болохыг олон улсын мэргэжилтнүүд зөвлөдөг.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтод сэргийлж болох нялхсын эндэгдлийг 2030 он гэхэд 1,000 амьд төрөлтөд 8 болгон бууруулах зорилт дэвшүүлсэн. Хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, эрсдэлгүй хөгжих эрхтэй. Монгол Улсын үе үеийн Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлого, шийдвэр, арга хэмжээний үр дүнд нялхас болон 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1990 оны түвшинтэй харьцуулахад 4.5 дахин буурсан байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn