Т.Болормаа: Ковид туссан хүүхэд суурь эмгэгтэй болохгүйн тулд уушгины эмчид эргэж хандана

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн захирал Т.Болормаа “Ковид-19: Хүүхдийн эрсдэл” сэдвээр цахимаар зөвлөгөө ярилцлага өгсөн юм. Тэрээр ковидоор өвдсөн хүүхдүүдэд нэг сар болон түүнээс дээш хугацааны дараа цөөн тохиолдолд олон эрхтний үрэвсэлт эмгэг бүртгэгдэж буй судалгаа байгааг анхааруулав.
Т.Болормаа: Ковид туссан хүүхэд суурь эмгэгтэй болохгүйн тулд уушгины эмчид эргэж хандана

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр коронавирусээс хэрхэн урьдчилан сэргийлэх, өвдсөн бол ямар эмнэл зүйн шинж тэмдэг илрэх, хүндэрсэн үед хаана хэнд хандах, гэрээр ямар эмчилгээ хийж болох зэрэг зөвлөгөө мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан хүргэсээр байна. Коронавирусийн омикрон хувилбар халдварлах чадвараар өндөр тул хүүхдүүд илүү өртөх эрсдэлтэйг эмч нар анхааруулсаар байгаа юм.

Энэ удаад ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн захирал Т.Болормаа “Ковид-19: Хүүхдийн эрсдэл” сэдвээр цахимаар зөвлөгөө мэдээлэл өгч иргэдийн асуултад хариулав. Тэрээр омикрон хувилбарын давлагааны энэ үеэр хүүхдэд учирч буй эмнэл зүйн шинж тэмдэг, эрсдэлт хүчин зүйлийн талаар мэдээлэл өгөв.

Юун түрүүнд дэлхий нийтэд 12-оос доош насны хүүхдүүдэд таарах вакцин хараахан гараагүй учраас омикроны давлагаанд өртөж болзошгүйг анхаарууллаа.

Хүүхдэд илрэх шинж тэмдэг:

5-аас дээш насны хүүхдүүдэд томчуудтай адил шинж тэмдэг илэрч байна. Үүнд:

  • Хоолой өвдөх

  • Нусгайрах

  • Ханиах

  • Ядрах

  • Толгой өвдөх

  • Үнэр мэдрэхгүй болох.

2-5 настай хүүхдүүдэд:

-Халуурах

-Амьсгалын дээд замын үрэвслээр шууд илэрч байна. Энэ нь тайван бус болох, хоолой сөөнгөтөх, хуцуулж ханиах, халуунгүй үед амьсгаадах, хяхтнаа амьсгал илэрвэл эмнэлэгт яаралтай хандахыг зөвлөв.

Харин 0-2 сартай нярайд унтаарах, халуурах шинж тэмдгээр илэрч байна.

Коронавирусээс урьдчилан сэргийлэх өвөрмөц эм, эмчилгээ гэж байхгүй. Хүүхдээ хангалттай унтуулж амраах, хооллох, хэт халууцуулахгүй, хэт дааруулахгүй онцгой асарч суурь дархлааг дэмжихийг зөвлөж байна.
Т.Болормаа

Хөнгөн тохиолдолд гэрээр ямар эмчилгээ хийх вэ?

-Өвөрмөц эмчилгээ байхгүй. Ердийнхөөс илүү бүлээн шингэн ус, цай, хярам, шөл уулгана. Хүйтэн зүйл, ундаа уулгахгүй. Хүүхдийн ягаан дэвтрээ эргэн харж насанд нь тохирсон хоол өгөхийг зөвлөж байна.

Хүүхдийг гэрээр эмчлэхдээ:

  • 38.5-аас дээш халуурсан тохиолдолд насанд нь тохирсон тунгаар парацетамол эм өгөх.

  • Витамин Д 400-1,000 ОУН /хоногт уулгах/

  • Витамин С 250-1,000 мг /хоногт уулгах/

Ханиалгалт зовиур нь нэмэгдээд хоолой нь сөөнгөтөх, цустай цэр гарвал эмнэлэгт яаралтай хандаарай. Мөн чихрийн шижинтэй, гуурсан хоолойн багтраатай, тураалтай, цус багадалттай, хавдартай зэрэг суурь өвчтэй хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй тул онцгой анхаарч цаг алдалгүй эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Ковидоос урьдчилан сэргийлэх зорилгоор бага насны хүүхдэд юу өгөх вэ?

Вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зүйл байхгүй. Хүүхдийн суурь дархлаа сайн байвал өртөхгүй байж болно. Тэгэхээр хүүхдийн дархлааг сайн байлгахын тулд хангалттай унтуулж амраах, хооллох, хэт халууцуулахгүй, хэт дааруулахгүй онцгой асаргаа шаардлагатай юм. Түүнээс коронавирусээс урьдчилан сэргийлэх өвөрмөц эм, эмчилгээ гэж байхгүй.

Ковидоор өвдсөн хүүхдэд дараа нь юу хэрэгтэй вэ?

Насанд хүрсэн хүмүүс их сульдаж, ядарч, хөлөрч байгаагаа ярьдаг. Хүүхдүүдээ ч гэсэн хэт дааруулахгүй, халууцуулахгүй сайн унтуулж амраахад анхаарах хэрэгтэй. Цаашид суурь архаг эмгэгтэй болж үлдэхгүйн тулд уушгины эмчид эргэж хандана. Үндсэн дархлаа сайн бол хүүхэд хөнгөн хэлбэрээр тусаж байна. Мөн нэг зүйлийг анхааруулахад ковидоор өвдсөн хүүхэд нэг сарын дараа шалтгаангүй халуурах, арьсаар тууралт гарах шинж илэрвэл зүрх судас, үе мөчний эмчид эргэж хандахыг зөвлөж байна. Ковидын удаашрах явц насанд хүрэгчидтэй харьцуулахад хүүхдэд маш цөөн тоогоор илэрч байна гэсэн өндөр хөгжилтэй орнуудын судалгаа байгаа. Нэг сараас дээш хугацаанд олон эрхтний үрэвсэлт эмгэгийн тохиолдол цөөн бүртгэгдэж байна гэсэн судалгаа бий.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn