“Дахиж уухгүй!” гэдэг бол зөвхөн бямба гарагийн бодол биш!

Архины хамаарал бол нэг хэсгийн нийгэмд маазардаг сэдэв биш, баасан гарагийн шоу ч биш, “дахиж уухгүй” гэдэг маргааш нь бямбад боддог бодол ч биш, олон айлын байнгын түгшүүр, тэмцэл байдаг шүү!
“Дахиж уухгүй!” гэдэг бол зөвхөн бямба гарагийн бодол биш!

Эрчүүдээ яаж урт наслуулах вэ, тэд эмэгтэйчүүдээсээ 10 жилээр богино насалж байгаагийн учир шалтгаан нь юу байна, тэдний эрүүл мэндэд юу заналхийлдэг вэ гэсэн асуудлыг тодорхойлж, гарцыг хайцгаав. Монгол цэргийн өдрийг угтан эрэгтэйчүүдийнхээ асуудлыг тал бүрийн төлөөлөл оролцон төрөл бүрээр хэлэлцсэн өргөн хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд болсон юм. Чуулганд оролцон бодит байдлыг дурдсан мэргэжлийн хүмүүс, эмч нарын илтгэлдээ дурдсан тоо баримт зэргээс дүгнэвэл монгол эрчүүдийг богино наслуулж буй гол 3 шалтгаан нь архи, тамхи, илүүдэл жин байна.

Төрийн тэргүүн ивээл дороо зохион байгуулсных чуулганы нээлтийн үг хэлэв. Тэрээр монгол эр хүний чансаа, амьдралын чанар, эрүүл мэндийг хамгаалахын тулд голдуу тэд ууж байгаа ч, уг чанартаа өөрсдийгөө “уулгаж” буй, түүнээсээ болж ажил амьдралаа, хайртай хүмүүсээ, гэр бүлээ, үр хүүхдээ, амь насаа алдах гол шалтгаан болж буй архинаас татгалзаж, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт ч хамрагдаж “Монгол эрүүл хүн” аян өрнүүлэхийг уриалсан билээ.

Түүний энэ үгтэй зэрэгцэн нийгмийн сүлжээнд маазрал, мангар харьцуулалт хөвөрсөн нь үнэхээр тэнэглэл байв. Хэн ч хэзээ ч уухаа болихгүй, “баасан ах”-ын төрсөн өдөр хэмээн шоудчихаад маргааш нь шартаж үхэх гээд салгалаад хэвтэж байхдаа бямба гарагт л боддог бодол ч гэх шиг. Энэ жилийн Монгол цэргийн өдөр ирэх баасан гарагт тохиож буй юм. Ерөнхийлөгч архинаас гарцгаая гэдэг уриалгаа цэргийн баяр өнгөрөөгөөд ядаж 19, 20-нд хэлсэн бол бараг уухаа больчих байлаа ухааны юм оюунлаг хэмээн олон дагагчтай нэгэн эр хүн сошиал хуудсаараа сэвж сууна. Үгүй юм аа. Архины хамаарал бол нэг хэсгийн нийгэмд маазардаг сэдэв биш, баасан гарагийн шоу ч биш, “дахиж уухгүй” гэдэг маргааш нь бямбад боддог бодол ч биш, олон айлын байнгын түгшүүр, тэмцэл байдаг шүү! Хамааралтай болчихсон нэгнийгээ архинд алдчихгүй юмсан гэж араас нь байнгын хөөцөлдөж, аав ээж нь, ах эгч нь, хань ижил нь, үр хүүхэд нь нойргүй түгшиж хонодог сэдэв юм аа.

Эр хүн байх, эрүүл байх-тестостерон даавар

Эрчүүдээ урт наслуулъя гэвэл мэдээж архи, тамхинаас гаргаж, илүүдэл жингээс нь салгах тухай дээр дурдсан. Тэднийг жилд нэг удаа хүчээр чирээд эмнэлэгт аваачин урьдчилан сэргийлэх үзлэгт оруулах нь хамгийн эхний арга. Эрчүүд эмнэлгээр явахдаа дургүй, өөрийнхөө эрүүл мэндэд юу болж байгааг анзаардаггүй, тийм нэг хайнга, хэнэггүй хүмүүс гэдэг. Эрчүүдийг эрт үхэлд хүргэж буй гол өвчлөл бол зүрх судас, ходоодны өвчлөл юм байна.

Зөв хооллолтын талаар голдуу цахимаар зөвлөгөө мэдээлэл хүргэдэг Цахим эмч буюу хүний их эмч Б.Баярбямба чуулганд оролцож, эрчүүд урт наслахын тулд таргалалттайгаа тэмцэх ёстой, ингэхдээ ходоодоо дүүргэдэг илчлэггүй цуйван, буузнаас илүүтэй биеийн эсээ хооллодог илчлэг өндөртэй хоол идэж эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөсөн юм. Харин Ерөнхийлөгчийн уриалсан архины хэрэглээг арай өөрөөр шийдэх аргыг ч хэлэв. Түүний үзэж буйгаар дэлхийн олон орон архинаас бүрмөсөн татгалзаж чадаагүй, архигүй үндэстэн гэж байх боломжгүй тул градус багатай согтууруулах ундааг зөвшөөрөх, хатуулаг ихтэйг хорих зэргээр зөөлөн аргаар зохицуулах нь чухал гэж байв.

Эрэгтэйчүүдийн нөхөн үржихүй болон бэлгийн үйл ажиллагааг муутгаж, үхэлд хүргэх өвчлөл үүсгэж буй нэг зүйл нь тамхи юм. Тамхи нь судасны нарийслыг үүсгэж, чалх муутгадаг байна. Эрчүүдийн нөхөн үржихүйг дэмждэг гол зүйл нь төмсөг, түүний доторх тестостерон даавар аж. Тестостерон гэсэн маш чухал дааврын талаар эрчүүд бүхэн тодорхой мэдлэгтэй байх ёстой аж. Энэ даавар ажиллагаагүй бол тархины үйл ажиллагааг ч унагадаг байна. Ер нь дэлхийд сор нээлтүүдийг эрчүүд хийсэн байдаг. Тэдэнд эмэгтэйчүүдээс илүү тестостерон даавар байдаг учраас илүү оюуны чадамжтай хэмээн чуулганы үеэр “Цэ-Пү” эрэгтэйчүүдийн эмнэлгийн их эмч Ц.Ариунбаяр онцлов. Төмсөгнөөс ялгардаг тестостерон багассанаас болж бүх булчингийн чанар алдагддаг, ясны сийрэгжилт үүсдэг, таргалдаг, улмаар чихрийн шижин тусдаг, буруу зуршилд автдаг, сэтгэл гутардаг, эцэст нь амиа хорлодог байна.

Эр хүн байх цор ганц бахархал бол тестостерон даавар гэдгийг Цахим эмч ч онцгойлон хэлж байлаа. Тэгэхээр архи, тамхинаас аль болох татгалзах, зохистой түвшинд хэрэглэх, илүүдэл жингээ багасган тестостерон даавраа хадгалж чадвал монгол эр хүний урт наслалт дэлхийн хэмжээнд хүрч очих нь. Энэ бүхнийг монгол эрчүүд ойлгодог, мэддэг, энэ тухай эмчид хандан үзүүлдэг байхыг мэргэжлийн эмч нар зөвлөв.

Эрэгтэйчүүдийн талаарх зарим статистик тоо:

-Манай улсын нийт хүн амын 49.1%-ийг эрэгтэйчүүд эзэлдэг.

-Нийт ажил хөдөлмөр эрхлэгчдийн 52%-ийг эрэгтэйчүүд эзэлж байна.

-Бүх шатны боловсролын байгууллагын суралцагчдын 34% нь эрэгтэйчүүд.

-Дээд боловсрол эзэмшиж буй хүмүүсийн 39%-ийг эрэгтэйчүүд, түүнээс бакалаврынх 40.3%, магистрантурт суралцагчдын 34%, докторантурт суралцагчдын 42.3%-ийг эрчүүд эзэлж байна.

-Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн наслалтын зөрүү дэлхийн дундаж хэмжээнээс их. Энэ нь монгол эрчүүд эмэгтэйчүүдээсээ 10 жилээр бага насалж байна.

-Эмэгтэйчүүдтэй харьцуулбал, зам тээврийн ослоор нас барсан эрэгтэй хүний тоо 2.8 дахин их байна.

-Эмэгтэй хүмүүстэй харьцуулбал, эрэгтэйчүүдийн бусдад хорлогдсон тохиолдол 4.1 дахин их байна.

-Жил ирэх тусам гэр бүл салалт нэмэгдэж, өрх толгойлсон иргэдийн 92.5% нь эмэгтэйчүүд байна.

-Эрэгтэйчүүдийн архинд донтсон эмгэг эмэгтэйчүүдээс 13 дахин их байна. Эмэгтэйчүүдтэй харьцуулбал, эрэгтэй хүмүүсийн амиа хорлолт 5-6 дахин их байна. (Энэ нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор, дэд профессор Л.Насанцэнгэлийн дурдсан баримт)

Эрчүүдийг урт наслуулах зөвлөмж

Ямар боловч чуулганаас эрчүүдээ урт наслуулахын тухайд урт гэгчийн зөвлөмж гарган салбар бүрд хүргүүлэхээр болжээ. Үүнийг ойлгомжтойгоор товчилбол тэднийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж эмчид үзүүлдэг болно, сэтгэл санааг нь дэмжин халамжилдаг болно, архи, тамхинаас гаргаж, илүүдэл жинг нь хасна, уламжлалт зан үйл соёл буюу цай идээнийхээ дээж гэж тос өөхтэй хэсгийг нь хамж өгөхгүй байна, хоносон, халаасан хоолоо идүүлэхгүй байя гэсэн л зөвлөмж юм. Энэ бүхнийг уриалж, зөв зүйлд чиглүүлж, жендэрийн ялгаа заагийг мэдрэмжтэй мэдээлэхэд хэвлэлийнхэн ч онцгой үүрэгтэй байхаар зөвлөмж гаргажээ.

Өнгөрсөн амралтын өдөр Корпорэйт конвеншн центрт болсон “Нинжин сэтгэлийн тусгал” форумын үеэр 1,000 хүн цугласан танхимын индэрт гарсан Сонгинохайрхан дүүргийн ахмад настан эрэгтэй нь Наро Банчэн хутагтаас "Танд эрчүүдийг минь урт наслуулах арга байна уу" гэж асууна лээ. Аль нэгэн шашин шүтлэгт залбирахаас илүү өөрсдөө муу зуршлаа орхиж, эрүүл мэнддээ анхаарах нь эмэгтэйчүүдтэй дүйх урт наслахын учир шалтгаан юм байна. Хэрэв тэгж чадвал олон хүүхэд багадаа өнчрөхгүй, олон эмэгтэй бэлэвсэрч өрх толгойлж амьдрахгүй.

Эх орны, өрх гэрийн эзэн болсон ухамсарт, хариуцлагатай эр хүн танд эрүүл энхийг хүсье.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn