Орчны бохирдлоос шалтгаалсан нас баралт буурахгүй байна

Хамгийн сүүлд 2017 онд орчны бохирдлоос үүдэлтэй эрүүл мэндэд учирч буй үр дагаврыг бууруулах бодлогын тайлан, зөвлөмж гаргаж байсан ч үүнтэй холбоотой нас баралт 4 жилийн дотор огт буурсангүй. Ихэнх улс орнууд орчны бохирдлоо шийдэхэд "гайхалтай бага хүчин чармайлт" гаргажээ.
Орчны бохирдлоос шалтгаалсан нас баралт буурахгүй байна
Kam Sripada

Байгаль орчны бохирдол ба эрүүл мэнд

2017 онд Lancet сэтгүүлийн орчны бохирдол, эрүүл мэндийн комиссоос хийсэн судалгаанд 2015 оны байдлаар дэлхийн хэмжээнд тохиолдож буй нийт нас баралтын 16 орчим хувийг буюу 6 нас баралт тутмын нэг нь орчны бохирдлоос шалтгаалсан байгааг тогтоожээ.

Байгаль орчны бохирдол гэдэг нь дэлхийг бүрдүүлж буй хэсгүүд байгалийн хэвийн үйл явцад сөргөөр нөлөөлөхүйц хэмжээгээр бохирдохыг хэлдэг. Химийн бодис, физикийн үзэгдэл гэх мэт олон хүчин зүйл орчныг бохирдуулж байгаагаас хүний үүсгэдэг агаар, хөрс, ус болон дуу чимээний бохирдол хүний эрүүл мэндэд хамгийн хүчтэй нөлөөлж байдаг.

Орчны бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг хянах нь түүний сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх бодлогыг боловсруулахад хамгийн чухал гэж үздэг юм.

Байгаль орчны бохирдол ба эрүүл мэнд - 2022

Тус сэтгүүлийн судлаачид 2019 оны өгөгдөлд үндэслэн орчны бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг дахин үнэлсэн байна. Энэ удаад хэдийгээр ахуйн болон усны бохирдлоос үүдэлтэй нас баралт буурсан ч нийт бохирдлын улмаас нас барсан хүний тоо 2019 онд дэлхий даяар 9 сая гаруй буюу 2015 оны үзүүлэлттэй ижил түвшинд байгааг тогтоожээ.

Ундны усны бохирдлоос үүдэлтэй нас баралт Африкийн орнуудад буурсан. Энэ нь Африкийн орнуудын усан хангамж, ариун цэврийн байгууламж сайжирч, усны бохирдолтой холбоотой гэдэсний халдварт өвчнүүдийг эмчлэх антибиотикийн хангамжийг сайжруулсантай холбоотой юм. Түүнчлэн байгаль орчинд ээлтэй цэвэр түлшний хэрэглээ нэмэгдсэн нь ахуйн бохирдолтой холбоотой нас баралт буурах шалтгаан болсон гэж үзсэн байна.

Гэвч бусад төрлийн шалтгаант нас баралт нэмэгдсэн нь нийт нас баралт хэвдээ байх шалтгаан болж байна. Тухайлбал орчны тоосонцор, агаарын бохирдол нь 2000 онд 2.9 сая, 2015 онд 4.2 сая хүний амь насанд хүрч байсан бол 2019 онд 4.5 сая хүний нас баралтын шалтгаан болжээ. Ялангуяа, чулуужсан түлшний шаталтаас үүсдэг орчны тоосонцрын бохирдол жилд 4 сая гаруй хүний ​​аминд хүрч байгаа тухай дурдсан байна.

Агаарын бохирдлоос гадна орчны бохирдолтой холбоотой нас баралтын хамгийн гол шалтгаануудын нэг нь хар тугалганы бохирдол болж байна. Жил тутамд 0.9 сая хүн хар тугалганы бохирдолтой холбоотойгоор нас бардаг. Хүний цусанд хар тугалга маш бага хэмжээгээр ороход л зүрх судасны өвчин, бөөрний хордлого үүсгэдэг болох нь тогтоогдсон юм. Сүүлд хийгдсэн судалгаагаар хар тугалганы хордлогоос шалтгаалсан нас баралт хүүхдүүдийн дунд илүү их тохиолдох болжээ. Мөн хар тугалганы хордлогын улмаас бий болдог танин мэдэхүйн үйл ажиллагааны хямралаас болж дэлхийн нийт эдийн засагт нэг жилд нэг их наяд долларын алдагдал үүсдэг байна.

Хар тугалганаас гадна бусад химийн бодисын бохирдлоос үүдэлтэй нас баралт дутуу үнэлэгдсэн байх магадлалтай. Учир нь өнөөдөр зах зээл зээр үйлдвэрлэж, худалдаалагдаж буй мянга мянган химийн бодисоос хэдхэн нь л аюулгүй байдал, хоруу чанарын хувьд хангалттай сайн туршигдаж, мэдрэлийн болон дархлааны тогтолцоог хордуулах, нөхөн үржихүйн асуудал үүсгэдэг эсэх нь тогтоогдсон. Гэтэл ихэнх бодис хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг нь тодорхойгүй хэвээр байгаа юм.

Орчны бохирдлоос үүдэлтэй нас баралтын 90 гаруй хувь нь бага болон дунд орлоготой орнууд, ялангуяа Өмнөд Ази, Зүүн Ази, Зүүн өмнөд Азийн орнуудад тохиолдсон болохыг тогтоожээ.

Орчны бохирдлоос үүдэлтэй нас баралт 4 жилийн дотор огт буураагүй байгаа нь 2017 онд гаргасан тайлан, зөвлөмжийг дагаж, үүнд дурдсан бодлогуудыг хэрэгжүүлэхэд ихэнх улс орнууд маш бага хүчин чармайлт гаргасантай холбоотой.

Орчны бохирдлоос үүдэлтэй нас баралтыг бууруулах зөвлөмж

Иймээс эрдэмтэд үндэсний болон олон улсын хэмжээнд орчны бохирдлыг бууруулах, эрүүл мэндийг хамгаалах асуудлыг нэн тэргүүнд тавихыг дахин зөвлөсөн байна. Үүний тулд орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх олон улсын санхүүжилтийг нэмэгдүүлэх, бохирдлыг хянах тогтолцоо бий болгож сайжруулах, химийн бохирдлыг ялангуяа хар тугалганы бохирдлыг хянах, усны ариун цэвэр, эрүүл ахуйд хяналт тавих, орчны бохирдлыг хянах салбар дундын түншлэлийг бий болгох шаардлагатай гэж үзжээ.

Олон улсын байгууллагууд болон улс орнуудын засгийн газрууд дэлхийн байгаль орчны асуудалд илүү их анхаарал хандуулах шаардлагатай байна. Орчны бохирдол нь даян дэлхий асуудал учир нэг улс, нэг байгууллагын хүчин чармайлтаар шийдэгдэхгүй, үүнд дэлхийн хэмжээний том шийдэл шаардлагатай юм.

Эх сурвалж: The Lancet Commission on pollution and health: Progress update, The Lancet Commission on pollution and health, Environmental Health Prospectives, Lancet Planet Health

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn