Астма өвчний эмчилгээ илүү үр дүнтэй боллоо

Нью Жерсийн Ратгерс их сургууль болон Италийн Феррара их сургуулийн шинэ эмийн хослолыг астма өвчинд хэрэглэхэд илүү үр дүнтэй төдийгүй өвчин сэдрэхээс сэргийлэхэд тустай болохыг тогтоосон байна.
Астма өвчний эмчилгээ илүү үр дүнтэй боллоо

ДЭМБ-ын тооцоолсноор дэлхий дахинд 262 сая хүн астма өвчнөөр өвчилсөн бөгөөд жил бүр 455,000 хүн энэ өвчний улмаас цаг бусаар нас бардаг.

Астма нь амьсгалын гуурсан хоолойн булчин харшлын шалтгаант үрэвслийн улмаас агшиж, нарийсахын зэрэгцээгээр хөндий нь цэр, салстаар бөглөрснөөр амьсгалахад төвөгтэй болдог амьсгалын архаг эмгэг юм. Өвчин сэдрэх шалтгаан нь хүйтэн цаг агаар, тоос шороо, тэжээвэр амьтдын үс зэрэг олон төрлийн өдөөгч байж болно.

Астмыг сэдрээгч хүчин зүйлс амьсгалын замаар биед нэвтрэх үед гуурсан хоолойн үрэвсэл нэмэгдэж, булчингууд агшсанаар өвчтөн гэнэт амьсгалах боломжгүй болж, амь насанд аюултай нөхцөл байдал ч үүсэж болно.

Уг өвчний стандарт эмчилгээнд гуурсан хоолойн булчинг сулруулдаг бета рецепторын блокатор эсвэл үрэвслийг дарангуйлдаг кортикостероидыг хэрэглэдэг.

Бета блокатор нь гуурсан хоолойн булчинг сулруулах үйлдэл үзүүлж, зөвхөн шинж тэмдгийг дарна. Харин кортикостероид нь үрэвслийг бууруулахад үр дүнтэй. Гэвч шингэнийг биед хадгалах, хавагнах, жин нэмэх, цусны даралт ихсэх, сэтгэл санааны өөрчлөлт, ой санамж буурах зэрэг олон тооны гаж нөлөө илэрдэг. Энэ шалтгааны улмаас судлаачид кортикостероидын хэрэглээг бууруулах арга замыг хайсаар байна.

Италийн Феррара их сургууль болон АНУ-ын Нью Жерсийн Ратгерс их сургуулийн судлаачид альбутерол ба кортикостероид будесонидыг хослуулан хэрэглэвэл астма өвчнийг бууруулах боломжтой эсэхийг тогтоохын тулд астма оноштой 3,312 өвчтөнд амьсгалын замаар цацдаг дээрх хоёр төрлийн эмүүдийн хэрэглүүлж, туршсан байна.

Альбутерол болон будесонидыг хослуулан хэрэглэснээр богино хугацаанд астма сэдрэх магадлал 24%, урт хугацаанд сэдрэх магадлал 27%-аар тус тус буурсан. Түүнчлэн энэхүү хослол нь кортикостероидын хэрэглээг 33% бууруулах боломжийг олгож байгаа юм.

Ратгерсийн их сургуулийн профессор Рэйнольд Панеттиери энэхүү шинэ хослолыг астма өвчний стандартыг шинэчилж байгаа явдал гэж онцолсон байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn